”Хүч тэнцвэргүй хүнд тулаанд манай нам орсон шүү дээ”

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

”Хүч тэнцвэргүй хүнд тулаанд манай нам орсон шүү дээ”

УИХ-ын гишүүн С.Оюунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ардчилсан нам  хамтарсан Засгийн газар байгуулахаар “Шударга ёс” эвсэлтэй хэлэлцээрт орохоо мэдэгдсэн. Гэтэл гэнэт  танай нам хамтарч ажиллая гэдэг санал тавьсан нь МАХН-МҮАН-ын эвсэлд том цохилт өгч, багагүй тэвдүүлэх шиг боллоо. Яагаад ийм санал тавих болов?

-Засгийн газрыг хамтдаа байгуулж, ажиллая гэдэг саналыг анх Ардчилсан намынхан бидэнд тавьсан. Үндсэн хуульд парламентад олон суудал авсан улстөрийн нам нь Засгийн газрыг байгуулах эрх үүрэг хүлээж, саналаа тавина гэсэн байдаг, тэр хүрээнд Ардчилсан намаас өчигдөр /уржигдар/ өглөө ИЗНН-д албан тоотоо ирүүлсэн. “Засгийн газрыг хамтран байгуулахад оролцооч, ажлын хэсэг байгуулж, гэрээ хэлэлцээр хийе” гэсэн агуулгатай. Энэ асуудлыг бид Улстөрийн зөвлөлөөрөө ярилцаад “Ажлын хэсэг байгуулъя, гэрээ, хэлэлцээр хийе” гээд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Хоёр намын ажлын хэсгийн төвшинд өчигдөр /уржигдар/ анхны хэлэлцээр болсон,  ямар ч байсан эхний удаад зарчмын асуудлаа ярьсан байна лээ. Миний хувьд ажлын хэсэгт багтаагүй гэхдээ цаг тухайд нь мэдээлэл аваад яваад байгаа.

-Зарчмын асуудал гэдгийг тодруулахгүй юу, яг ямар асуудал гэж ойлгох вэ?

-Жишээлбэл, Ардчилсан нам ИЗНН хамтрах болбол Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ямар асуудлыг тусгах вэ гэх мэт. ИЗНН-ын хувьд тодорхой асуудлуудыг санал болгохоор, ажлын хэсгийн хүрээнд бэлтгэж байна. Өнөөдөр /өчигдөр/ хоёр дахь хэлэлцээр болох ёстой.

-Ардчилсан намын зүгээс ИЗНН-д сайдын нэг суудал санал болгожээ. Харин тус намынхан хоёр сайдын суудлыг хүссэнээс болж, хэлэлцээр амаргүй байна гэдэг яриа дуулдаж эхэллээ?

-Одоохондоо бид сайдын албан тушаал гэхээсээ илүүтэйгээр тодорхой реформын эдийн засгийн шинэчлэлийн хүрээнд ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад ийм, ийм ажлыг хиймээр байна. Түүнийг хамтдаа шийдвэрлье гэвэл бид аль ч салбарыг тэргүүлэхэд бэлэн гэдгээ хэлсэн. Тийм учраас нэг, хоёр сайдын суудалд ач холбогдол өгөөд, түүнээсээ болж ойлголцохгүй хэлэлцээрт гацаа үүссэн зүйл байхгүй. Гол нь бид мөрийн хөтөлбөрт орсон зүйлүүдээсээ юуг хэрэгжүүлэхийн төлөө Ардчилсан намтай эвсэв гэдгээ гишүүддээ дараа нь тайлбарлах ёстой, өөрөөр хэлбэл, юуны төлөө эвссэн бэ гэдэг маань маш тодорхой байх учиртай тул их олон асуудлыг багтаахаар бодлогоо тодорхойлж, Ардчилсан намын ажлын хэсэгт өгөх гэж байна л даа.  

-Тухайлбал, ямар асуудлыг Ардчилсан намд санал болгож байна вэ?

-Нэгдүгээрт, байгаль орчин, ногоон эдийн засаг, байгаль орчны нөхөн сэргээлтийн сан байгуулах гэх мэт асуудал багтаж байгаа. Хоёрдугаарт, бизнес эрхлэгчид хийгээд хувийн хэвшлийг төр нь дарамтлах гэхээсээ илүүтэй дэмжих бодлого явуулах ёстой.  Сүүлийн үед бүхий л салбарт төрийн оролцоо орж ирж, оролцоо нь заримд нь улам бүр нэмэгдэн дарамтлах, хүнд суртал гаргах гэх мэтээр хувийн хэвшлийнхэнд чирэгдэл учруулах боллоо. Гэтэл үнэндээ хувийн хэвшлийнхэн л ажлын байр бий болгож байна. Тэдэнд бизнес жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлого дутагдаж байгаа болохоор энэ чиглэлээр тодорхой асуудлууд оруулна. Гуравдугаарт, халамжийн бодлогод өөрчлөлт хийх нь ойлгомжтой болж байна. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийг уншсан, манай намын мөрийн хөтөлбөрт ч бий. Төр халамжлах ёстой хэсгээ олигтойхон халамжлаад, хөдөлмөрлөх чадвартай хүмүүст ажлын байр бий болгодог тогтолцоог бүрдүүлэх ёстой. Ингэхдээ ажил хийж байгаагийнх нь хөдөлмөрийн бүтээмж өндөр, тэр хэрээр цалин өндөр байх ёстой, тэр чиглэлийн шийдлүүд бий.

-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам зэргийг хоёр хуваах тухай Ардчилсан намынхан ярьж байгаа. Энэ асуудалд ИЗНН ямар байр суурьтай байна вэ?

-Хөдөлмөрийн яамыг тусад нь байгуулснаар ажилгүйдэл тодорхой тэдэн хувиар буурна, тэдэн мянган ажлын байр бий болно, хөдөлмөрийн үнэлэмж, бүтээмж тэгж нэмэгдэнэ гэсэн тодорхой шийдлүүд байгаа бол дэмжих боломжтой. Түүнээс нэг хүнд албан тушаал өгөхийн төлөө яамдын тоог нэмэх гэж байгаа бол буруу, цаадах шийдлийг нь харъя гэж байгаа.

-ИЗНН-ын Улстөрийн зөвлөл хуралдаад Д.Энхбат даргыг намаасаа хөөх шийдвэр гаргажээ гэх юм. Үнэн үү?

-Ташаа мэдээлэл цацагдсан байна билээ. Д.Энхбат даргыг намаас хөөх тухай асуудлыг огт яриагүй. Манай намын Улстөрийн зөвлөл хуралдаанаар юу ярьсан бэ гэхээр сонгуулийн үр дүнг хэлэлцсэн юм. Сургамж нь юу байв, алдаа нь юу байв, цаашид орон нутгийн сонгуульд яаж оролцох вэ гээд. Тэгээд Үндэсний хороогоо наймдугаар сарын 20-нд хуралдуулахаар болсон. Сонгуулийн үр дүн, үйл ажиллагаа, санхүүгийн тайлангаа хэлэлцэнэ. Д.Энхбат даргын хувьд УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Тийм сонголт байж болно шүү дээ. Би бол Д.Энхбат даргыг намынхаа шинэчлэлийн төлөө цаашдаа ч бас зүтгээсэй гэж боддог.

-Гэхдээ зарим вэб сайтад мэдээлснээр Д.Энхбат дарга өөрөө сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэнийхээ дараахан намаасаа гарах өргөдлөө албан ёсоор өгсөн юм биш үү?

-Д.Энхбат дарга намаас гарах өргөдөл өгөөгүй байгаа. Яахав, хувь хүн, улстөрч өөрийнхөө шийдлийг гар­гаж болно шүү дээ. Бид бол хамтран сай­хан ажилласан, цаашдаа ч бас ажил­лана гэж бодож байгаа. Д.Энхбат дарга чинь нийгэмд өөрийн гэсэн байр суурь­тай, чадалтай, идэвхитэй улстөрч шүү дээ. Монгол Улсад хэрэгтэй улстөрч…

-Энэ удаагийн сонгуулийн дүнд ИЗНН УИХ-д ердөө хоёр суудал л авлаа. Гэтэл МАХН МҮАН-тай эвсээд 11 суудлыг намдаа авчирлаа. Байгуулагдаад ганцхан жил болсон МАХН 11 суудал авчирч байхад 10 гаруй жил болсон ИЗНН яагаад хоёрхон суудалтай байна вэ. Сонгогчид чамлаж байна, хоёроос олон суудал авах бололцоо байсан юм биш үү. Намын удирдлага сонгуулийн багаа удирдаж чадсангүй юу, эсвэл өөр шалтгаан байв уу?

-Ний нуугүй хэлэхэд, мөнгөн дээр тогтсон энэ сонгуулийн тогтолцоо нь гуравдагч намуудад боломж маш бага өгдөг. Тэр болгон хүмүүс ойлгодоггүй л дээ. Тойрогт томоохон сүлжээтэй, санхүүгийн бөгөөд бусад дэмжлэгтэй эрх барьж байсан хоёр нам биш л бол гуравдагч хүчнийхэн сонгуульд гарахад маш хэцүү байдаг. Тийм учраас сүүлийн 20 гаруй жил хэн ч гарч чадсангүй. МАХН-ын хувьд бидний хийсэн судалгаагаар авсан санал нь цоо шинэ гуравдагч хүчин байгуулагдаад авч байгаа санал биш. Бараг 50 хувь нь хуучин МАХН буюу өөрийн гэсэн капитал, өөрийн гэсэн брэндтэй болчихсон байгаа, түүнээсээ авсан санал гэж судалгаагаар гарсан.

Гэхдээ нэгдүгээрт, энэ сонгуулийн тогтолцоо ямар ч гуравдагч хүчнийг дангаараа УИХ-д бүлэг байгуулах хэмжээнд суудал авна гэдэг нь маш хэцүү гэдгийг сүүлийн 20-иод жилд харууллаа. Тэгэхдээ ИЗНН энэ удаагийн сонгуульд дангаараа оролцоод Улаанбаатар хотод найман хувийн санал авч чадсан, энэ нь арван хүний нэг нь бидэнд саналаа өгч байна гэсэн үг. Орон нутагт таван хувийн санал авсан гэдэг нь улс орон даяар 20 хүний нэг нь дэмжиж байна гэсэн үг.  Энэ тэнцвэргүй хүнд хэцүү тулаанд манай нам парламентад тасралтгүй цөөн ч гэлээ суудал аван олон жил оршиж байна гэдэг нь өөрийн гэсэн дуу хоолойтой, өөрийн гэсэн байр суурьтай, өөрийн гэсэн өнгө төрхтэй байж чадсаны нэг нотолгоо. Нөгөө талаасаа манай намын гишүүд анхнаасаа элсэхдээ асар их итгэл үнэмшил тээж, түүндээ өнөө хэр нь итгэлтэй байгаа учраас ингээд явж байгаа. Өөрөөр хэлбэл, гуравдагч замаар явна гэдэг маш хэцүү бартаатай зам. Хэн нэгэн улстөрд карьер хийе амжилтад хүрье гэх юм бол хамгийн тэргүүнд хоёр том намын нэг рүү л явдаг шүү дээ. Харин манай намын гишүүдэд асар их итгэл үнэмшил байгаа учраас, анх тавьсан зорилгыхоо төлөө явъя гэж байгаа учраас хэдийгээр үр дүн нь тэр болгон харагдахгүй, тэр байтугай хөдөө орон нутагт ИЗНН-ын гишүүн учраас ажил төрөлгүй хохирч байгаа хүмүүс ч байх жишээтэй. Хэтэрхий намчирхсан систем оршиж байна шүү дээ. Тэгэхээр энэ бол цаана нь асар их итгэл үнэмшил байгаа учраас явж байгаа. Энэнээс илүү амжилтад хүрэх боломж байсан уу гэвэл боломж байсан байх. Наймдугаар сарын 20-нд Үндэсний хороогоо хуралдуулахдаа дүгнэлтээ сайн хийнэ. Хариуцлага хүлээх ёстой сонгуульт хүмүүс байх юм бол хариуцлага хүлээнэ. Шагнаж урамшуулах ёстой хүмүүс байх юм бол шагнана. Ер нь манай намын маш олон залуус чадлаараа ажилласан. Маш олон залуучууд, эмэгтэйчүүд манай намд хавар шинээр элсэж хүрээгээ тэлсэн. Асар их эрч хүчтэй хоёр дахь давалгааны залуус орж ирсэн. Тэднийгээ бодоод бас бидэнд итгэл үзүүлж саналаа өгсөн дэмжигч, сонгогчид байгаа. Тэдгээртээ баярлалаа гэж хэлээд  бид илүү идэвхитэй ажиллах ёстой гэдэг зорилго тавиад явж байна.

-Сонгуулийг анх удаа холимог тогтолцоогоор зохион байгууллаа. Таван хувийн босго гэдэг хэр том босго байвдаа, танай ИЗНН-д?

-Анх удаа сонгуулийн тогтолцоонд порпорцианаль элемент орж ирээд намуудад анх удаа айхтар том босго тавилаа. Өмнө нь нэг тойрогт С.Оюун гэдэг гишүүн өрсөлдөөд парламентад суудаг байсан бол одоо улс орон даяар нийт сонгогчдын таваас доошгүй хувийн саналыг авч байж парламентад суудалтай, төрийн бодлогод нөлөөлөх боломжтой болно гэсэн анх удаа том босго тавигдаж, хэрэгжлээ шүү дээ. Таван хувийн босго гэдэг нэг их том тоо сонсогдохгүй боловч нийт хүн амын 20 хүний нэг нь саналаа өгнө гэдэг чинь амаргүй, тэр тусмаа алс хязгаар, сум багт хүрч таван хувийн босгыг давна гэдэг чамлахааргүй дүн л гэж харж байгаа.

-Шинэ сонгуулийн хуульд зайлшгүй засч сайжруулмаар зүйл байв уу?

-Бидний хамгийн их санаа зовоосон цаашдаа өөрчилмөөр зүйл бол улстөрийн намуудын  сонгуулийн санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх асуудал.  Сонгуулийн сурталчилгааны үед радио, телевиз, сонин хэвлэлээр тогтмол төлбөртэй нэвтрүүлэг, мэдээлэл цацагддаг. Мэдээ хүртэл төлбөртэй.  Энэ нь хэвлэл мэдээллийнхний буруу гэхээс илүүтэйгээр улстөрийн намуудын өөрсдийнх нь буруу байж магадгүй. Гол уршиг юунд байна вэ гэхээр бүх мэдээлэл 30 хоног төлбөртэй цацагдахаар иргэн Дорж, Дулмаа нар хараат бус сонголт хийхэд маш хэцүү байгаа байхгүй юу. Яагаад гэвэл нэг ч хараат бус мэдээлэл нийтлэл байхгүй, сонгуулийн талаарх ойлголт байхгүй, дээр нь бүх нам мэдээллээ төлбөртэй явуулчихаар тэдний өнцгөөс юм гараад байгаа байхгүй юу.

Ер нь ардчилсан орнуудад реклам, сурталчилгаа төлбөртэй байж болдог, бусад ярилцлага, нийтлэл, мэдээ зэрэг нь төлбөргүй цацагдахаар хуульдаа заагаад зохицуулалт хийчихсэн байдаг юм билээ. Энэ заалтыг ямар нэг байдлаар хуульдаа тусгахгүй бол сонгогч хараат бусаар сонголт хийх боломжгүй болгож байна.

Дээр нь улстөрийн намууд хэт их гишүүдийн хойноос хөөцөлдөөд нэг өдөр хэдэн мянгаар нь гишүүн элсүүллээ шүү дээ,  ялангуяа эрх барьж байсан хоёр нам. Монгол Улсын нийт хүн амын маань бараг 40-50 хувь аль нэг намын гишүүн болчихож…

-Үнэн гэж үү?

-Ардчилсан орнуудад  ердийн байдлаар бол хүн амын 2-3 хувь нь л намын гишүүн байдаг юм байна. Тэдгээр гишүүд нь намынхаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог. Дийлэнх хүмүүс нь нам бус байгаад хатуу гишүүнчлэлээс татгалзсан учраас сонгууль болоход сонголт хийхэд ч гэсэн хараат бусаар хийдэг. Тэгэхгүй бол өнөөдөр манайд нэгэнт л намын батлахыг өвөртөлчихсөн учраас түүгээр дамжуулаад, Монголд ядуурал их байгаа болохоор түлээ нүүрс авах, эсвэл ажилд ордог ч юм уу ийм буруу тогтолцоогоор олон жил явлаа, тэр байтугай нам нь буруу бодлого явуулж байсан ч нэгэнтээ л батлахтай учраас түүндээ л саналаа өгье гээд хэт намчирхчихсан, хэт хоорондоо сөргөлдчихсөн, ийм байдал Монгол Улсад ноёрхож ирлээ, энэ чинь эрүүл бус тогтолцоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Улстөрийн намуудын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар бэлтгэж байгаа юм билээ. Манай намын гишүүн, өмнөх парламентад УИХ-ын гишүүн байсан З.Алтай бас улстөрийн намуудын хатуу гишүүнчлэлийг халах хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлсэн байсан ч хэлэлцүүлж чадаагүй. Энэ хуулийн төслийг энэ намрын чуулганы хамгийн тэргүүнд хэлэлцэх ёстой гэж би бодож байгаа. Ингэж байж, сонгогчдын санал аливаа улстөрийн хүчнээс хараат байж, өөрийнхөөрөө сонголтоо хийх тэр боломжийг бий болгоно.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж