270 гаруй иргэн зээлд хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

270 гаруй иргэн зээлд хамрагджээ

Бага, дунд орлоготой иргэдийг байртай болгох, гэр хорооллын тэлэлтийг багасгаж, Улаанбаатарыг утааны бохирдлыг бууруулах үүднээс Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг гаргаад дөрвөн сар өнгөрчээ. Уг зээлийг олгох шийдвэр Засгийн газраас гарангуут л Орон сууцны санхүүжилтийн корпораци болон Эд хөрөнгө бүртгэлийн газар хүний хөлд дарагдсан. Өмнө нь орон сууцгүй байсан гэдэг алгын чинээхэн албан бичиг авахын тулд өдөржин дугаарласны хэргээ гаргаагүй хүмүүс өнөөдөр цөөнгүй байна. Нэг хэсэгтээ л бөөн эрэлтийг дагуулж, барилгынханд сайхан гэгчийн далим болгон байрныхаа үнийг нэмэх шалтгаан болсон энэ зээлийг олгож байгаа эсэхийг нь сонирхох хүмүүс цөөнгүй байгаа. Тиймээс  жилийн зургаан хувийн хүүтэй зээл олголт ямархуу үр дүнтэй байгааг, хичнээн хүн хамрагдаад буйг сонирхсон юм.

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа бөгөөд Төрийн банкинд 50 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдэж өгсөн гэнэ. Гэхдээ тэрхүү 50 тэрбум төгрөгийн 20 тэрбум нь Хөгжлийн банкны дансанд орсон байна. Жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг Капитал, Төрийн банкаар дамжуулан олгохоор болсон ч өнөөдрийн байдлаар Төрийн банкны ганцхан салбараар л дамжуулан олгож байгаа гэнэ. Тодруулбал, Төрийн банкны 115 дугаар зээлийн хороогоор дамжуулж жилийн зургаан хувийн хүүтэй зээлийгн олгож байгаа юм. “Бөмбөгөр” захын урд байрлах Төрийн банкны тус салбар өнгөрсөн хавраас нэлээд ачаалалтай ажиллаж байгаа бөгөөд өдөртөө 40-50 жилийн зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдах гэсэн иргэдийн хүсэлттэй танилцдаг гэсэн. Гэхдээ одоогоор 270 хүн л уг зээлэнд хамрагдсан гэнэ. Хэдийгээр жилийн зургаан хувийн хүүтэй зээл авахыг хүсч, бичиг баримтаа бүрдүүлсэн олон хүн байгаа ч  яагаад өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд ердөө 270 гаруйхан хүн зээл авсныг тус банкныхан иргэдийн сарын орлого хүрэхгүй байх, барьцаа хөрөнгийн бэрхшээл, цаашлаад байрныхаа үнэ мөнгө дээр тохирч чадахгүй байх зэрэг  цөөнгүй асуудалтай холбон тайлбарласан. Цаашлаад тус банк жилийн зургаан хувийн хүүтэй зээлийг олгох салбарынхаа тоог нэмж хоёр болгохоор төлөвлөж байгаа аж. Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга нь ажлаасаа гарсан, цаашлаад Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх ёстой үлдэгдэл 30 тэрбум төгрөг нь хэзээ Төрийн банкны дансанд орж ирэхээс хамаараад  зээл олголтын ажил сүүлийн үед багагүй удааширчихаад байгаа гэх. Зээлийн эрсдэлээ Төрийн банк өөрсдөө хариуцна гээд гэрээ байгуулчихсан болохоор тус банкныхан жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгохдоо нэлээд хатуу хандаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, иргэдээс барьцаа хөрөнгө шаардахаас гадна, сарын орлого 800 мянгаас дээш байх шаардлага тавьж байгаа гэнэ. Тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 2000 орчим иргэний бичигт баримтыг Орон сууцны санхүүжилтийн корпорацийн Зээлийн газар Төрийн банкинд хүлээлгэн өгчээ.

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. 2011-2012 онд хөтөлбөрийн бэлтгэл нь хангагдаж, 2013-2016 онд барилгажилтын оргил үе, 2016-2035 онд иргэд орон сууцны зээлд хамрагдаж төлж дууссан байна гэж үзэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр зорилт тавиад байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд улсын хэмжээнд 47537 орон сууцны барилга баригдаж байгаа ч инфляци өсч, бодлогын хүү нэмэгдсэнээс болоод барилгын компаниуд мөнгөний гачаалд орсон гэх мэдээлэл байна.  Жилийн зургаан хувийн хүүтэй зээлийн сургаар орон сууцныхаа нэг метр квадрат талбайн үнийг 100-200 мянган төгрөгөөр нэмсэн барилгын компаниудын үнэд сүүлийн үед өөрчлөлт ороогүй байна. Үүнийг ч мэргэжилтнүүд эрэлт буурснаас болоод орон сууцны худалдан авалт буурсантай холбон тайлбарлаж буй.

Ж.ЭРХЭС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж