Хуучирсан мэдээ: 2012.07.19-нд нийтлэгдсэн

Хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэд  Засгийн газраас өгөхөөр амалсан нэг сая төгрөгийнхөө үлдэгдэл 340 мянгыг хэзээ өгөхийг нь хүлээж байна. Тэд хэзээ хүртэл нэг сая төгрөгийнхөө үлдэгдлийг авахаар горьдлого тээн хүлээх нь өнөөдөр тодорхойгүй байгаа юм. Уг нь зургадугаар сарын 25, долдугаар сарын эхээр үлдсэн 330 мянган төгрөгийг тараана хэмээн зарласан ч дээрх мөнгийг олгох эс үүсвэргүй болчихоод байгаа билээ. Өдгөө долдугаар сарын сүүлээр юм уу, бүр  есдүгээр сард тарааж магадгүй гэсэн бор шувуу нисч байна. Энэ  яриа хэр үнэнийг ортойг хэлж өгөх ч хүн алга.

Хэзээ тараах вэ?

Үүнд хариулт өгөх албаны хүн өнөөдөртөө алга. Холбогдох яам, агентлагаас асуухаар очсон ч мэдэх хүн байсангүй. Учир нь нэг сая төгрөгийн үлдэгдлийг хэзээ олгохыг мэдэх учиртай хүмүүсийг  Засгийн газрын хуралдаанд дууджээ. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тараах мөнгийг Оюутолгойн урьдчилгаа төлбөр, Эрдэнэт үйлдвэрийн ногдол ашиг, НӨАТ-ын 70 хувиас бүрдүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Гэтэл үүний бүрдүүлэлт хангалтгүй байгааг зарим хүмүүс хэлж байна. “Хүний хөгжил сангийн орлого бүрдүүлэх асуудлаас болж сая төгрөгийн үлдэгдэл 330 мянган төгрөгийг олгох ажил удааширсан. Гэхдээ аль болох иргэдэд шуурхай хүргэх зорилгоор ажиллаж байна” гэж Сангийн яамны Төсвийн бодлогын хүний хөгжил сангийн ажлын хэсгийн дарга О.Хуягцогт наадмын өмнөхөн ярьж байсан ч өнөө хэр нь тараасан зүйл алга.

Хүлээсэн хүмүүс

Мөнгө тараахыг хүлээсэн иргэд олон байна. Угтаа тэд харьяа банкин дээрээ энэ талаар асууж их ирдэг аж. Тиймээс ихэнх банк хаалган дээр “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн санхүүжилт орж ирээгүй” гэх бичгийг хаджээ. “Чухам хэзээ өгөх гээд байгааг би хэлж мэдэхгүй юм. Биднийг их л хүлээлгэж байна шүү дээ. Уг нь долдугаар сарын эхэнд тараана гэж байсан ч одоо хүртэл алга. Гайхаад л байна” гэж Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны иргэн, өндөр настан Г.Батхуяг ярив. Зарим хүмүүс өөрийн биеэр өргөдөл гарган хороондоо хандсан гэдгээ баталж байлаа.

Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт олон хүн яг энэ асуудлаар ханддаг ч санхүүжилтгүй учраас тэд тарааж чадахгүй. Гэвч маш олон хүн энэ газарт мөнгөө авах гэж ханддаг ажээ. “Тийм юм ерөөсөө байдаггүй юм. Иргэд ер нь манай байгууллагыг мөнгө тараадаг гэж боддог шиг байгаа юм. Уг нь манай байгууллагын үндсэн үүрэг нь тийм насны төдөн хүмүүс байна гэдгийг нарийвчилсан мэдээний дагуу бүрдүүлээд Сангийн яам руу явуулах л үүрэг хүлээдэг байгууллага” гэж Улсын хөдөлмөр халамж үйлчилгээний Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Чойжилсүрэн ярьж байсан юм. Зургаа болон долдугаар сарын дундуур Сангийн яамнаас санхүүжилтийг нь хийнэ гэсэн ч одоог хүртэл сураг чимээ алга гэдгийг тус газрын ажилтнууд нуусангүй.

Гурван аймагт яагаад тараав?

Зарим хүмүүс үүнийг сонгуулийн сурталчилгаа гэж яриад байгаа ч үнэн эсэхийг мэдэхгүй. Мэдэгдэж байгаа ганц зүйл нь энэ үйлдлийнх нь төлөө, УИХ-ын шинэхэн гишүүн Хаянхярваад эрүү үүсгээд байгаа. Харин Сангийн яамнаас түргэн шуурхай хүргэхийн тулд Архангай, Дундговь, Дархан-Уул аймагт тараасан гэж мэдэгдээд байгаа билээ. Харин иргэд үүнийг арай өөрөөр харж байна. “Чухам яагаад энэ гурван аймагт тараасныг хэлж мэдэхгүй л байна. Хэрвээ санхүүжилт нь ороод ирчихсэн юм бол тараах л хэрэгтэй шүү дээ. Заавал хагаслах ямар шалтаг байгааг ойлгохгүй байна” гэж Чингэлтэй дүүргийн иргэн О.Ханд хэлж байв. Гурван аймагт тараасныг сонгуулийн сурталчилгаа гэж харж байгаа ч Хөдөлмөр халамж үйлчилгээний төвийнхөн энэ талаар ямар нэгэн хариулт өгсөнгүй.


Нэг сая төгрөгийн төлөөс нь юу вэ?

Төлөөс нь инфляцийн хэт өсөлт. Үүнийг эдийн засагчид баталж байна. Нэг сая төгрөгийг Тавантолгойн хувьцааг дангаар нь тараана гэж дөрвөн жилийн өмнө амлаж байсан ч эцэст нь иргэд хувьцаа юу, бэлэн мөнгө үү гэсэн асуултыг хүчээр шахуу тулгасан билээ. Харин үүнийг эдийн засагт сөргөөр нөлөөлөхийг мэргэжилтнүүд хэлж байна. “Одоогийн байдлаар хүмүүсийн гарт 620 тэрбум төгрөг тараагаад байгаа гэсэн тооцоолол гарсан. Тэгвэл 320 мянган хүнд нэг сая төгрөг тараахаар 320 тэрбум төгрөг болно шүү дээ. Энэ нь инфляци маш их хэмжээгээр л нэмнэ гэсэн үг” гэж Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Ч.Отгочулуу ярьсан юм.

Нэг сая төгрөгийн хүлээлт нэг иймэрхүү үргэлжилж байна. Угтаа хэдий болтол үргэлжлэхийг Сангийн яамнаас тодорхойлоод хэлчих хүн одоогоор алга. Сангийн яамнаас анх хэлж байснаар бол зургадугаар сарын сүүлээр сая төгрөгөө бүгдийг нь авчихсан сууж байх ёстой. Гэтэл долдугаар сар дундаа орж байгаа энэ үед ч тоймтой хариу дуулдахгүй л байна.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж