Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

“Би бол Брюс Ли”

Тулаант киноны нэрт мастер Брюс Лигийн тухай “Би бол Брюс Ли” хэмээх баримтат шинэ кино удахгүй дэлгэцнээ гарах гэж байна. Нас барснаас нь хойш бараг 40 жил өнгөрсөн ч алдартнуудын жагсаалтад хүндтэй байр суурь эзэлсээр буй тулааны нэрт мастерын тухай баримтат киног түүний охин Шэннон Ли бүтээжээ. Шэннон Ли аавынхаа тухай “Аав маань жинхэнэ тулаанч хүн ямар байх ёстойг өөрийн итгэл үнэмшлээр харуулж, тулааны урлагийг заах аргыг философитой хослуулж чадсан хүн байсан” гэжээ. Брюс Лигээс өмнө тулааны урлагийн чадварлаг мастерууд олон байсан ч тулааны хэд хэдэн төрлийг нэгтгэж, олон нийтэд хүргэсэн хүн нь Брюс Ли гэдэг билээ. Ирэх жил Брюс Лигийн “Луугийн дайралт” хэмээх хамгийн алдартай киноных нь 40 жилийн ой мөн тохиох гэнэ. Тэрээр дөнгөж 32 настайдаа тархины хүнд гэмтлээс болж нас барсан юм. Түүнийг нас барснаас хойш хэдэн сарын дараа нээлтээ хийсэн тус кино Брюс Лиг олон улсын хэмжээний од болгосон билээ. Брюс Лигийн тухай баримтат кино олон байдаг боловч “Би бол Брюс Ли” кино  Хонконгийн киноны нэрт мастерууд Жэки Чан, Жет Ли, сагсан бөмбөгийн од Коби Брайнт, “Black Eyed Peas” хамтлагийн гишүүн Taboo болон ойр дотных нь хүмүүсийн дурсамж, дурдатгалаас бүтжээ. Брюс Лигийн охин Шэннон Ли “Брюс Ли” холбооны тэргүүн бөгөөд тулааны нэрт мастерын бүтээлүүдийг хууль бусаар ашиглахын эсрэг үйл ажиллагаа явуулж, оюутнуудад тэтгэлэг олгодог байна. Брюс Лиг нас барснаас хойш бараг 40 жил өнгөрч байгаа ч түүний нэрээр бизнес хийгчид жилд таван сая ам.долларын ашиг олдог гэнэ. Брюс Лигийн тухай баримтат шинэ кино энэ сарын 20-ноос хязгаарлалттайгаар дэлгэцнээ гарах бөгөөд 23-нд DVD-ээр худалдаанд гарах юм байна.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж