Хүн амын 60 орчим хувь нь ЭМД-д хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

Хүн амын 60 орчим хувь нь ЭМД-д хамрагджээ

Нийгмийн даатгалын санд энэ оны эхний хагас жилийн  байдлаар  353.9  тэрбум  төгрөгийн шимтгэлийн орлого төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 121.1 хувиар биелүүлээд байгаа тухай НДЕГ-аас мэдээлж байна. Энэхүү шимтгэлийн орлогыг 27,1 мянган аж ахуйн нэгж байгууллага,  613,2  мянган даатгуулагч хамрагдан бүрдүүлсэн аж. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулвал, нийгмийн даатгалд шимтгэл төлөгч ажил олгогчийн тоо 3,8 мянган аж ахуйн нэгжээр, даатгуулагчдын тоо  43,2  мянган хүнээр нэмэгдсэн байна. Харин нийгмийн даатгалд хамрагдсан сайн дурын даатгуулагчдын тоо 19,1 мянгаар өсч, 72,5 мянгад хүрчээ. Эхний хагас жилийн хугацаанд нийгмийн даатгалд шинээр  2,6  мянган ажил олгогч, 11,6 мянган даатгуулагч хамрагдсан байна. Мөн Улсын төсвөөс 1995 оноос өмнө  тэтгэвэр тогтоолгосон иргэдийн болон цэргийн тэтгэвэрт зориулж 123.8 тэрбум төгрөгийг  тэтгэврийн даатгалын санд шилжүүлжээ.

Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Г.Ганчимэгээс тодрууллаа.

-Энэ хугацаанд иргэд эрүүл мэндийн даатгалд хэр хамрагдсан бэ?

-Эрүүл мэндийн даатгалд хамрагсдын тоо өмнөх оны мөн үеэс 75,3 мянган хүнээр нэмэгдсэн. Энэ нь манай улсын хүн амын 60 орчим хувь нь буюу 1.6 сая хүн эрүүл мэндийн даатгалд хамрагдсан гэсэн үзүүлэлт юм.  Хагас жилийн байдлаар нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зориулж нийтдээ 404,1  тэрбум төгрөг зарцуулаад байна. Ингэхдээ нийгмийн даатгалын сангаас 305,1 мянган тэтгэвэр авагчдад 324,2 тэрбум төгрөг, 78,7 мянган  жирэмсний болон амаржсаны,  хөдөлмөрийн чадвар түр алдсаны,  оршуулгын, ажилгүйдлийн тэтгэмж авагчдад  21,7 тэрбум төгрөг зарцуулсан.

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөх нь нэмэгдэж байгаад юу нөлөөлж байна вэ?

-Шимтгэлийн орлого өсч байна гэдэг нь шимтгэл төлөгч аж ахуй нэгжүүд цаашлаад ажил эрхлэгч даатгуулагч  өсч буйг илтгэнэ. Улс орны хөгжилтэй холбовол, эдийн засгийн өсөлт, тодруулбал, уул уурхай, аж үйлдвэрийн салбарын хөгжиж байгаа энэ үед хүмүүсийн ажил эрхлэлт, цалин хөлс ч нэмэгдэж байна. Сүүлд 160 мянган төрийн албан хаагчдын  цалин хөлс нэмэгдсэн. Тэгэхээр Нийгмийн даатгалын тухай хуульд заасанчлан цалин хэдийн чинээ их авна, түүнийхээ хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлээ төлж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх юм. 

-Сайн дурын даатгуулагч гэдгийг ямар хэсгийг хамрах вэ?

-Энэ нь жижиг дунд бизнес эрхэлж буй , малчин, худалдаа наймаа хийдэг хүмүүсийг хамардаг юм. Ингэхдээ сайн дураараа гэрээ хийдэг бөгөөд өөрсдөө орлогоо тодорхойлоод түүнийхээ зохих хувийг нийгмийн даатгалаар төлнө.  Сүүлийн жилүүдэд нийгмийн даатгалын тухай ач холбогдлыг нэлээн ойлгож эхэлж байгаа болоод ч тэр үү, сайн дураараа хамрагдах нь их болж байна.

-Хэдэн хувь байдаг юм бэ?

-Тэтгэврийн , тэтгэмжийн, үйлдвэрлэлийн ослын гээд гурван чиглэлээр хуулинд зааснаар тогтмол 12 хувийн шимтгэл төлж, хамрагддаг юм.

-Нийгмийн даатгал төлсөнөөр даатгуулагчид ирэх боломжийг товчоор хэлбэл?

-Даатгал бол эрсдлээс хамгаалж байгаа гэсэн үг. Ажил, хөдөлмөрийн үед осол тохиолдох эрсдлийг урьдчилан сэргийлж, мөнгөн хуримтлал үүсгэх юм. Тухайлбал, хөдөлмөрийн чадвараа алдах, ямар нэгэн осол тохиолдвол, ойр төрлийн, хамтран амьдардаг хүнээ алдсан бол /тэжээгч/ урд нь төлж байсан даатгалаасаа тусламж авах юм. Эрүүл мэндийн даатгалын дэвтрээрээ ч эрүүл мэндийн газраар тусламж, үйлчилгээ авна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж