Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд гурван үе бүхий модон тавцан шинээр хийн, сандал түрээслэн байрлуулж суудлын тоог 2056-гаар нэмэгдүүлсэн байна.
Энэ жилийн наадамд Улсын даян аварга 1, улсын аварга 2, арслан 6, гарьд 5, харцага 15, начин 54, аймаг цэргийн цолтой бөхчүүд 182, сумын цолтой бөхчүүд 141, залуу бөх 54 барилджээ. 120 гаруй цэрэг барилдуулахаар бэлтгэсэн ч 40 нь барилдсан юм байна. Үндэсний бөхийн барилдааны дүрэмд тухайн бөх ам авахаар зарласнаас хойш 5 минутын хугацаанд ам авах, ослын даатгалд даатгуулсан бөхийг баяр наадамд барилдуулж байх өөрчлөлт оруулсан. Үүний үр дүнд бөх ам авах явцад үзэгчдийг бухимдуулдаг, хүлээлгэдэг явдал гараагүйг онцолж байлаа. Засгийн газрын хуралдаанаас наадмын бэлтгэл ажлын хүрээнд зам засвар, тохижилт үйлчилгээний хүрээнд хийсэн ажлыг сайшаасан байна.
22-ын товчоо чиглэлийн 10,6 км замын өргөтгөл шинэчлэлтийн хүрээнд Дархан-Эрдэнэтийн замын уулзвараас 22-ын шалган бүртгэх товчоо хүртэл 4,2 км замын нэг урсгалын асфальтбетон хучилтыг хийж, хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлсэн, Баруун Нарангийн үерийн хамгаалалтын далан дээрх гүүрийн барилгын ажил, Нарантуул худалдааны төвийн уулзварт төмөр зам дээгүүр автомашин гардаг болгох ажлыг дуусгасан нь хотын замын ачааллыг бууруулахад ач холбогдолтой болсон зэрэг наадмын бэлтгэл ажлын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлыг Засгийн газрын хуралдаанаас үнэллээ. Баяр наадмыг зохион байгуулах 9 салбар хороонд нийт 151 хүн ажиллажээ.