Хуучин иргэний үнэмлэхийг хурааж авна

Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

Хуучин иргэний үнэмлэхийг хурааж авна

Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдийн цахим үнэмлэхийг УБЕГ-аас хэвлэж эхэлсэн. Одоогоор Говьсүмбэр аймгийн 7061, Говь-Алтай аймгийн 27662 иргэний цахим үнэмлэхийг хэвлээд байгаа юм байна. Нийслэлийн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг ирэх наймдугаар сарын 01-ныг хүртэл сунгажээ. Мөн нийслэлийн иргэдийн цахим үнэмлэхийг ирэх сарын 1-нээс эхлүүлж, ирэх аравдугаар сарын сүүлийн хагас гэхэд олгож дуусах юм байна. Энэ талаар УБЕГ-ын дэд дарга Г.Билгүүнээс тодрууллаа. 

-Одоогоор хэдэн хүн шилжилт хөдөлгөөнөө хийлгэж амжаагүй байгаа вэ?

-Хоёр сарын хугацаанд шилжилт хөдөлгөөн хийгээгүй тул ойролцоогоор 40-50 мянган иргэн шилжилт хөдөлгөөн хийлгээгүй гэсэн тооцоо гарсан.

-Өнөөдрийн байдлаар цахим үнэмлэх хэвлэх хэдэн бэлдэц байна вэ?

-Нийт 1 999 495 цахим үнэмлэхийн бэлдэц ирэх ёстой. Энэ сарын 16-ны байдлаар 1 460 660 бэлдэц байна. Одоо дахин 538 835 бэлдэц ирэх ёстой. Гэхдээ одоо бэлдэцээс шалтгаалж цахим үнэмлэхийн хэвлэх ажилд хүндрэл гарахгүй.

-Цахим үнэмлэх тарааж, хуучин иргэний үнэмлэхээ татаж авах журам гарсан гэсэн?

-Өмнө нь цахим үнэмлэхээ авахын тулд хуучин үнэмлэхийн баруун дээд өнцгийг хайчилж, иргэн өөрөө авдаг  байсан. Энэ журманд өөрчлөлт оруулж бүртгэлийн ажилтан иргэний нүдэн дээр баруун дээд өнцгийг хайчилж,  иргэний үнэмлэхийг нь хурааж авахаар болсон. 

-Цахим үнэмлэхийг хаяж, үрэгдүүлбэл хэдэн төгрөгөөр дахин авах вэ?

-Иргэний үнэмлэхийг иргэд хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд 13300 төгрөгөөр дахин авдаг байсан. Цахим үнэмлэхний үнэ одоогоор тодорхойгүй байна. Гэвч шинэ үнэмлэхний бэлдэц үнэтэй ирж байгаатай тул 13300 төгрөгөөс илүү үнэтэй байх болов уу.

-Хэрэв хүсвэл цахим үнэмлэхний зургийг сольж болох уу?

-Төлбөр хураамжийн асуудал тодорхой болсон цагт зургаа өөрчилж болно. Мэдээж мөнгөө төлөөд шүү дээ.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж