С.Нарангэрэл Н.Энхбаярыг өмгөөлнө

Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

С.Нарангэрэл Н.Энхбаярыг өмгөөлнө

Монголын төдийгүй дэлхийн улс орнуудын анхаарлын төвд байгаа МАХН-ын дарга, ерөнхийлөгч асан Н.Энхбаярт холбогдуулсан хэргийн шүүх хурал өнөөдөр дахин хойшиллоо. Шүүх хурал хойшилсон шалтгааны талаар МАХН-ын Олон нийттэй харилцах албаны дарга Ч.Чимидсүрэн, Монгол Улсын гавьяат хуульч, өмгөөлөгч С.Нарангэрэл нар хэвлэлийн хурал хийлээ.

Н.Энхбаяр өмгөөлөгчөө сольж байгаа учир шүүх хурал энэ сарын 31-нийг хүртэл хойшилсон байна. Түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан О.Сайнгэрэлийн дөрвөн сартай хүүгийн бие муудаж гадаадад хагалгаанд орох болсон тул Н.Энхбаяр  ийнхүү өмгөөлөгчөө солих хүсэлт гарган, шүүх хурал хойшилжээ. Тэрбээр Монгол Улсын гавьяат хуульч, өмгөөлөгч С.Нарангэрэлийг өмгөөлөгчөөр авсан гэдгийг хэвлэлийн хурлын үеэр зарлалаа. Энэ талаар С.Нарангэрэл “Н.Энхбаяр надад өмгөөлөгчөөр ажиллах саналыг удаа дараа тавьж байсан. Гэсэн хэдий ч би МУИС-д багшилдаг учир татгалзсан хариу өгдөг байсан. Энэ удаад би ээлжийн амралтаа авсан байгаа тул Н.Энхбаярын өмгөөлөгчөөр ажиллахаар боллоо” хэмээн ярьсан юм. Тэрбээр Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүх хурлыг нэг сарын хугацаанд хойшлуулж өгөх хүсэлт гаргажээ. Гэхдээ шүүх хурал энэ сарын 31-нд гэж товлогдсон тул хэдий богино хугацаа байгаа ч С.Нарангэрэл өмгөөлөгч хэрэгтэй өдөр шөнөгүй танилцаж амжуулна хэмээн ярилаа.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж