Ким Чен Ун маршал болов

Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

Ким Чен Ун маршал болов

Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун маршал цолоор шагнагдаж, хэргэм зэргээ нэгээр нэмжээ. 1.2 сая ажиллах хүчний нөөцтэй, авторитари дэглэм ноёрхсон тус улсад нэр нөлөөгөө бэхжүүлэх арга нь армийн өндөр цол хэргэм хүртэх гэнэ. Ким Чен Унд маршал цол олгох шийдвэрийг тус улсын армийн өндөр албан тушаалтнууд, эрхтэн дархтанууд гаргажээ. БНАСАУ-ыг үндэслэгч, их эцэг хэмээн тахин шүтэгдэж байсан Ким Ир Сенээс хойшхи хоёр дахь залгамжлагч Ким Чен Ун төрийн эрх барьснаас хойш  долоон сарын дараа маршал цолоор шагнагдаж байна. Харин залуу Кимийг эцгийнхээ залгамжлагч болоход чухал үүрэг гүйцэтгэсэн, ойрын зөвлөх, арми, улс төрийн нөлөө бүхий хүн Ри Ён Хо ямар ч цол хэргэмгүй үлдсэн нь ажиглагчдын гайхашралыг төрүүлж байгаа гэнэ. Ри Ён Хог хүнд өвчин туссан гэж Умардын төрийн хэвлэлүүдээр бичих болсон ч түүнийг армийн командлагчаас огцруулсныг улс төрийн цэвэрлэгээний эхлэл гэж таамаглаж байна. Ким Чен Уныг өнгөрсөн арванхоёрдугаар сард төрийн эрхийг гартаа авснаас хойш армийн командлагчид гурван хүн нэр дэвшээд байсан бөгөөд Пхеньянийн эрх баригчид Хён Ён Чол гэгч олны төдийлэн таньдаггүй хүнийг тус албанд томилохоор болсон билээ. Ким Чен Ун хэргэм зэргээ маршал цолоор нэмсэн нь эцгийнхээ явуулж ирсэн  цэрэг армийг нэгдүгээрт тавьдаг бодлогыг үргэлжлүүлэхийн тэмдэг гэнэ. Залуу Кимийн эцэг Ким Чен Ир мөн л маршал цолтой байсан бөгөөд нас барсных нь дараа 70 насных нь ойн өмнө түүнд гранд маршал цолыг нэхэн олгожээ.

Гэвч Умардын армийн удирдлагын өөрчлөлт тус улсын хөрш БНСУ болон АНУ-ын хурцадмал харилцаанд өөрчлөлт авчрахгүй нь тодорхой байна. Хоёр Солонгосын хооронд мөргөлдөөн гарвал цохилт өгөхөөр БНСУ, АНУ-ын хамтарсан хүчний 28,000 цэрэг бэлэн байдалд байгаа гэнэ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж