Амжилтын бэлгийн мялаалгатай баярын хурал
Ханд вангийнхаа хөшөөнд цэцэг өргөснөөр наадмын үйл ажиллагааны хүндэтгэлийг эхэлж, Хөгжимт жүжгийн театрт болсон баярын хуралд аймгийн Засаг дарга М.Оюунбат үг хэлж, аймгийнхаа амжилтыг дурьдлаа. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг 22.6 хувь нэмэгдүүлснээр үндэсний хөгжлийн цогц бодлогод дэвшүүлсэн эдийн засгийн жилийн дундаж өсөлтийг хангасан дөрөв дэх аймаг болсон, 1012 өрхийн амьжиргааг дээшлүүлснээр нийт өрхөд амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн эзлэх хэмжээг 17,1 хувь болгож, 6,3 хувиар бууруулсан, хүний хөгжлийн индексээрээ улсад тавд, мал сүргээ таван төрөл дээр нь өсгөж, 47 мянгаар нэмэгдүүлэн, нийт малаараа улсын хэмжээнд эхний дөрөвт орсон, 2011 оны ажлаараа шилдэг аймгуудын нэг болсон гээд бахархах амжилтын бэлгээр баярын хурлыг мялаалаа.
Гавьяат, одон медаль, шагналтнууд
Тэргүүний сайчууд төрийн болон салбар, аймгийн шагналууд гардан авч баяр дээр баяр нэмэв. Сурган хүмүүжүүлэх ажлыг олон жил хийж, багш захирлын албыг үр бүтээлтэй хашиж салбарынхандаа хүндлэгдсэн Г.Лхагвасүрэн Гавьяатын алдар цолоо Ерөнхийлөгчөөс гардан авсан бол нийгмийн халамжийн ахмад ажилтан Г.Гаравсүрэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулж, Цэргийн гавьяаны одонгоор Л.Чулуунбаатар, Алтан гадас одонгоор Т.Цэнддоо, Б.Ууганбаяр нарын дөрөв, Хөдөлмөрийн хүндэт медалиар Б.Мөнхцэцэг Л.Дашням нарын зургаа, мөн салбарын яам болон аймгийн шагналаар олон арван хүн шагнууллаа.
Гавьяатууд ба Урлагийн тоглолт
“Уяхан замбуу тивийн наран”-гаар эхэлсэн хүндэтгэлийн тоглолт “Цогтын хадны дуут шүлэг”, “Цогтын цэргүүд” найрал дуу, бүжгийг ”Хувьсгалын дууны эвлүүлэг”, “Цэргийн чуулбар” бүжиг, “Ялалтын баяр”-аар залган “Нарны доорх наадам”, “Хурдан зээрд”, “Намхай аварга” гээд баяр наадмын дуу бүжгээр үргэлжилж, монгол ардын болон дархад, буриад ардын дуугаар түрлэг нэмж ”Эзэн заяатай Монгол эх орон”-оор өндөрлөсөн нь утга агуулгаараа ч, уран бүтээлчдийн ур чадвараараа ч үзэгчдийг баясгав. Уугуул нутгийн алдартнуудаа төлөөлөн ирсэн МУГЖ Чулуунчимэг, Д.Ширмэнтуяа, Ганчимэг нарын тоглолт баяр наадмын урлагийн арга хэмжээ, аваргуудын хөшөөт талбайд болсон “Үдшийн цэнгүүн”-ийг улам ч “амт” орууллаа.
Шарга азарга шандсаараа манлайллаа
Жам ёсоор эхлээд азарга уралдууллаа. Дагийгийн шарга үнэхээр шандастай юм аа хэмээн наадамчид магтав. Учир нь аймгийн энэ алдарт уяачийн азарга гурав дахь жилийнхээ наадамд урдаа тоос татуулалгүй алтан жолоогоо өргүүлэн эзнээ баярлуулж наадамчдын талархал хүлээлээ. Булганы уяачид азарганаас гадна хязаалан, дааганы уралдааны түрүү магнайг бүх айрагдсантай нь хамт, шүдлэнгийн түрүүг айргийн гурав, дөрөв тавтай нь, харин их насны аман хүзүү болон айргийн гурав, тавыг, соёолонгийн аман хүзүү болон дөрөвт айрагдсан морьдыг авсан ч их насны түрүү, айргийн гурав, тав, шүдлэнгийн аман хүзүүг Төв аймгийн Заамарт, их насны айргийн дөрөв дэхийг Орхон аймагт “алдан” сургамж авч үлдлээ. Булган сумын Д.Шоовооны цавьдар даага үеийнхнийхээ хурдыг гүйцэлгүй “баян ходоод”-оор цоллуулж ирэх жил түрүү магнай болох ерөөл тавиуллаа.
Шинэ начин, харцага, заан, арслан
Булганы уугуул, улсын харцага Ж.Бор, улсын начин С.Дэлгэрбат, С.Ганхуяг нар хүрэлцэн ирж зодоглосон нь нутгийнхаа бөхчүүдийн бяр, мэхийг хурцаллаа. Тус аймгийн бөхийн барилдааны өөр нэг онцлог нь шинэ начин, харцага, заан, арслан төрүүллээ. Тодруулбал, Тэшиг, Могод, Сайхан сумын О.Мөнх-Ирээдүй, Ө.Сүхбат, Б.Мөнхбаяр нар аймгийн начин, Сайханы Д.Пүрэвдорж аймгийн харцага цол хүртэв. Баяр наадамд зодоглосон 256 хүчтэнээс бяр, хүчээрээ илүүрхэж Хангал сумын Хялганат багийн харьяат Н.Мөнх-Ирээдүй үзүүрлэж аймгийн заан, Гурванбулаг сумын харьяат Онцгой байдлын газрын бөх Д.Амаржаргал түрүүлэн аймгийн арслан боллоо. Өсвөрийн 32 бөх алдар цолтой “ах” нартайгаа зүлэг ногоон дэвжээнээ зодоглосноос Хутаг-Өндөрийн Б.Пүрэвдорж түрүүлж, Могодын Д.Түмэнхүү үзүүрллээ.
Аав, охин хоёр аваргалав
Сурын харваанд хөвгүүдээс М.Сосорбарам, охидоос Г.Намуун аваргалсан бол насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдээс түүний аав аймгийн мэргэн Д.Галбадрах түрүүлж, эмэгтэйчүүдээс Л.Энхзул тэргүүлж аймгийн мэргэн цол авлаа. Шагайн багийн харваанд Сэлэнгэ сумын Т.Баттулга ахлагчтай баг түрүүлж цуваа харваанд гоц мэргэн Г.Баасансүрэн шалгарч, сурчид, шагайчид онч мэргэнээрээ наадамчдыг шагшуулав.