Саналаа “нам-хүн” гэсэн хувилбараар өгнө

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

Саналаа “нам-хүн” гэсэн хувилбараар өгнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Сонгуулийн тухай хуулийн хоёр төсөл, түүний дотор УИХ-ын гишүүн Л.Болд нарын 12 гишүүний санаачлан боловсруулсан төслийг хэлэлцэнэ. Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд хуулийн төслийнхөө үзэл баримтлал, давуу тал, онцлогийг тайлбарласан өгүүлэл бичиж ирүүлснийг “Ардын эрх” сонин хууль тогтоогчид, олон нийт, уншигчиддаа зориулан нийтэллээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг 2005 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр баталжээ. Энэ хуулиар 2008 оны Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулсан байна. Уг хууль хэдийгээр зохих үүргээ биелүүлж ирсэн боловч түүнд эрх зүйн онол, практикийн хувьд эргэж харж сайжруулах зүйл цөөнгүй байгааг бүгд ойлгож байгаа.

Түүнчлэн улс төр, эдийн засаг, нийгмийн амьдрал улам бүр хувьсан өөрчлөгдөхийн хэрээр Улсын Их Хурлын сонгуульд олон жил баримталж ирсэн мажоратор буюу олонхийг төлөөлөх арга нь одоогийн нөхцөлд тохирохгүй болж, энэ талаар улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид, олон нийт, сонгогчдын зүгээс уг сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох санал цөөнгүй гаргах болжээ. Энэ шалтгааны улмаас сонгуулийн тухай хуульд зарчмын чанартай өөрчлөлт нэмж оруулах шаардлага тулгарч байна.

Эл шаардлагыг иш үндэс болгон Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Р.Амаржаргал, Б.Батбаяр, Д.Батбаяр, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, Э.Мөнх-Очир, Ц.Сэдванчиг, Х.Тэмүүжин, П.Алтангэрэл, Д.Балдан-Очир, Ш.Сайхансамбуу нарын 12 гишүүн бид “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын төслийг санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

Ингэхдээ өөр нэгэн төсөл өргөн баригдсаныг бид мэдэж байгаа ч түүнээс зарчмын ялгаатай, манай өнөөгийн нөхцөлд илүү тохиромжтой учир та бүхний анхааралд төслөө толилуулах нь зүйтэй гэж үзсэн билээ.  
 
Хуулийн төслийг боловсруулахдаа хүчин төгөлдөр мөрдөж байгаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн ерөнхий бүтцийг хэвээр хадгалах зарчим баримталсан бөгөөд хуульд шинээр 51 заалт бүхий 7 зүйл нэмж, 59 заалт бүхий 9 зүйлийг өөрчлөн найруулж, нийт 48 заалт шинээр нэмж, хуулийн 36 заалтыг өөрчлөн найруулж, 11 заалтыг хасав. Бүхэлд нь үзвэл  хуулийн 80 хувьд нь зарчмын болон найруулгын засвар өөрчлөлт оруулсан тул мөнхүү хуулийг бүхэлд нь өөрчлөн найруулж шинэчилсэн найруулгын төсөл боловсруулсан болно.

Бидний санаачилсан хуулийн төсөл нь 12 бүлэг, 515 заалт бүхий 59 зүйлтэй.
Нэгдүгээрт: Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийтлэг үндэслэлүүдийг онолын хувьд нэлээд шинэчилсэн.

Үүнд:
Одоогийн баримталж буй хуульд Улсын Их Хурлын сонгуулийн тухай ойлголтыг тус Их Хурлын бүрэлдэхүүний тухай Үндсэн хуулийн заалтаар орлуулж буруу тодорхойлсныг өөрчилж зөвтгөн заав. Тухайлбал бидний төслийн 4 дүгээр зүйлд “Монгол Улсын Их хурлын сонгууль нь Монголын ард түмэн засгийн эрх мэдлээ хэрэгжүүлэх үндсэн дээр хууль тогтоох байгууллагыг өөрсдийн шилдэг төлөөлөгчдөөр бүрдүүлэх үндсэн арга мөн бөгөөд ээлжит, ээлжит бус, нөхөн, дахин сонгууль гэсэн төрөл зүйлтэй байна” гэж тодорхойлсон. Мөн эдгээр 4 төрлийн тус тусын агуулга ялгааг заасан.
Төслийн 5 дугаар зүйлд сонгуулийн тогтолцоог Үндсэн хууль, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг үндэс болгон тодорхойлов. Тухайлбал: “Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо нь Монгол Улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд  нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж сонгох эрхийг хангахад үндэслэнэ” гэж зааснаараа сонгуулийн үр дүнг тодорхойлж, мандат /суудал/ хуваарилах аргаас ялгаж өгсөн болно.
Сонгуулийн үйл явцыг удирдах зарчмыг сонгох, сонгогдох эрхийн зарчмаас ялгаж цоо шинээр тодорхойлсон нь сонгуулийг зөв шударгаар хөтлөн явуулахад маш чухал үүрэгтэй гэж үзэв. Төслийн 9 дүгээр зүйлд:
Ил тод байдлыг хангах /Энэ бол хуучин хуульд байсан ганц зарчим/

Хууль дээдлэх
Шударга ёсыг сахих
Сонгогчдын эрхийг тууштай хангаж, ашиг сонирхлыг нь шүүхээр хамгаалах
Маргааныг шуурхай, үндэслэлтэй, шударга шийдвэрлэх
Сонгогчдын эрх, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн байгууллага, албан тушаалтанд хууль зүйн хариуцлага зайлшгүй хүлээлгэх
Сонгуулийн үйл явцад иргэний нийгмийн болон хөндлөнгийн хяналт тогтоон хэрэгжүүлэх гэсэн 7 үндсэн зарчмыг  тусгасан.

 Төсөлд шинээр сонгуулийн өдрийг тодорхойлон Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнөх 120 хоногийн дотор, сонгуулийн өдөр болохоос 90-ээс доошгүй хоногийн өмнө товлон зарлаж байхаар тусгасан. Энэ нь сонгууль зайлшгүй байх, хугацаанд нь явуулах, парламентын ээлжит сонгуулийг түүний бүрэн эрхийн хугацаатай уялдуулах зэрэг олон улсын эрх зүйн зарчимд нийцүүлсэн хэрэг болно.

Хоёрдугаарт: Одоо бидний “сонгуулийн систем” гэж ярих болсон, угтаа бол сонгуулийн санал гаргах, түүний үр дүнг тооцож парламентын суудал буюу мандат хувиарлах аргыг шинэтгэж, түүний дагуу сонгуулийг зохион байгуулах, дүгнэх арга хэлбэрийг боловсронгуй болгох чиглэлээр зарчмын шинэтгэл хийлээ. Үүнд:
Төслийн 6 дугаар зүйлд Монгол Улсын Их Хурлын сонгуулиар гишүүнд нэр дэвшүүлэх, сонгогчдын санал авах, саналын дүнг тооцож УИХ-ын гишүүний мандат /суудал/ хуваарилах үйл ажиллагааг олон мандаттай тойрогт хувь тэнцүүлэн сонгох аргаар зохион явуулахаар заав .

Олон улсын жишгээр сонгуулийн газар зүйн ойлголтыг төсөлд тусгаж, Монгол Улсын нутаг дэвсгэрийг олон мандаттай тойрогт хувааж сонгуулийг зохион байгуулах үндсэн зарчмыг тодорхойлов. Энэ нь улсаа тойрог болгох буюу “Монгол Улсыг тойрог улс” болгож болзошгүй байдлаас зайлсхийхийн хамт асар уудам нутагт тархан амьдрах хүн амыг өөр өөрийн төлөөлөлтэй байх парламентат ёсны зарчмыг хангахад бүрнээ тохирч байгаа юм.

Тойрог нь бүсчилсэн маягтай байх ба нийслэлд болон хөдөөд хүн амын тооны хувьд ойролцоо буюу адил тэгш байна. Харин сонгуулийн тойргийг байгуулахдаа Улсын Их Хурал тойрогт хамрагдах хүн амын тоо адил тэнцүү байх зарчмыг баримтлан нийт хүн амыг мандатын тоонд хуваан нэг тойрогт ногдох улсын дунджийг гаргаж, хэд хэдэн аймаг, нийслэлийн дүүргийг нэгтгэн сонгуулийн нэг тойрог байхаар зохион байгуулж болохоор тусгасан. Өөрөөр хэлбэл, нэг тойрогт 2-оос дээш аймгийг, эсхүл нийслэлийн хэдэн дүүргийг нэгтгэн тухайн тойргийн хүн амын тооноос хамааран түүнд ногдох мандат нь 4-10 байх нь боломжтой уян хатан байхаар зохицуулав.  Чухам хаана хэд байхыг  Улсын Их Хурал өөрөө тогтоох бүрэн эрхтэй юм.

Гуравдугаарт: Төслийн 6 дугаар зүйлийн зарчмын чухал үндэслэл нь нэг сонгогч нэг тойрогт зөвхөн нэг нам, нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх адил тэгш эрхтэй байхаар онцлон зохицуулсанд оршино.
 
Энэ нь олон намын  тогтолцооны хөгжлийг зөв гольдролд оруулах, үүний тул сонгогчид нам-хөтөлбөрийг баримжаалан, өөрийн төлөөлөгчийг өөрөө шууд сонгох боломжийг олгосон пропорциональ аргын  нэлээд дэвшилттэй хувилбар гэж үзэв.

Дөрөвдүгээрт: Төсөлд нэр дэвшигчид тавих шаардлагыг үндсэн болон тусгай шаардлага гэж ангилан холбогдох шалгуурыг тодорхой тогтоосон бөгөөд түүний дагуу нам, эвсэл, бие даагчдын сонгуульд оролцох эрх зүйн үндсийг нэлээд тодруулан шинэ, шинэ заалт нэмж тусгав.  

Төслийн 30 дугаар зүйлд Нам, эвсэл нь тойрогт ногдох мандатын тооноос илүүгүй хүнийг нэр дэвшүүлэх бөгөөд үүний тул баримтлах журмыг илүү нарийвчлан тогтоосон.

Төслийн 39 дүгээр болон холбогдох бусад зүйлд сонгуулийн өмнөх ухуулгыг зохицуулсан бөгөөд үүнтэй холбоотой “нэг тойрогт нэг намын жагсаалтаар нэр дэвшигчдийн сонгуулийн өмнөх ухуулгыг тухайн нам нийт нэр дэвшигчдийн өмнөөс бүхэлд нь эрхлэн явуулах ба үүний тулд тойрог бүрт ухуулгын баг байгуулж” ажиллах тухай заасан нь цоо шинэ зүйл болно.  “Хэрэв намын нэрийн жагсаалтад орсон нэр дэвшигч дангаараа сонгуулийн өмнөх ухуулга, уулзалт хийх бол зөвхөн нийт нэр дэвшигчдийнхээ өмнөөс намынхаа мөрийн хөтөлбөрийг тайлбарлан таниулж оролцох бөгөөд өөрсдийгөө дагнан сурталчлахыг хориглоно” гэж мөн зүйлд зааснаар “ганцаарчилсан тоглолт” хийх  замыг хаасан гэж болно.

Одоогийн байдлаар хамгийн их хэл ам таталж байгаа хууль бус амлалтыг хязгаарлан хаахын тулд төслийн 40 дүгээр зүйлд “Эх үүсвэр, хэмжээ, зориулалт нь батлагдаагүй Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон амлалтыг нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах, амаар болон өөр хэлбэрээр сонгогчдын дунд түгээн дэлгэрүүлэх”-ийг хориглон заасны дээр төслийн 44 дүгээр зүйлд сонгуулийн санхүүжилтэд тавих хяналтын шинэ тогтолцоог тусгав. Сонгуулийн санхүүжилтэд тавих гаднын тусгай /захиргааны/ хяналтыг Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Улсын Их Хурлаас баталсан орон тоо бүхий Сонгуулийн санхүүгийн хянан байцаах хэлтэс хэрэгжүүлнэ. Энэхүү хянан байцаах хэлтэс нь санхүү банкны хянан байцаагчийнхтай ойролцоо эрх, үүрэгтэй байхаар тогтоолоо.

Тавдугаарт: Төслийн 49 дүгээр зүйлд Сонгогч саналаа өгөх журмыг зохицуулсан. Сонгогч саналаа “нам-хүн” гэсэн хувилбараар өгнө. Энэ нь  Үндсэн хуулийн үзэл баримтлал болон хувь тэнцүүлэн суудал хуваарилах аргад нэгэн зэрэг нийцэх юм. Хэрэв сонгогч намыг дэмжиж саналаа өгөх бол намаа дугуйлаад мөн тухайн намаас нэр дэвшигчдээс өөрийн сонгохыг хүссэн  нэг хүнээ бас дугуйлж саналаа өгөх юм. Харин сонгогч бие даан нэр дэвшигчийг сонгох бол зөвхөн өөрийн сонгож буй бие даан нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө. Ингэснээр шууд сонгох гэдэг асуудлаар Үндсэн хууль зөрчсөн гэдэг маргаан үүсэхгүй бөгөөд энэ нь Үндсэн хуулийн үзэл баримтлалд бүрнээ нийцэж байгаа болно. Мөн намыг сонгосноор суудал хуваарилахад хувь тэнцүүлэх аргыг хэрэглэхэд ямар нэгэн бэрхшээлтэй асуудал гарахгүй болно.

Зургадугаарт:
Улсын Их Хурлын гишүүний мандат хуваарилах зарчим, журмыг Төслийн 53 дугаар зүйлд зохицуулсан бөгөөд хувь тэнцүүлэн суудал хуваарилах олон аргаас Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцсэн үлэмж оновчтой аргыг сонгосон болно.

Сонгуулийн босгыг тойрогт явагдсан сонгуулийн нийт хүчинтэй саналын дүнг тухайн тойрогт ногдсон мандатын тоонд хувааж гаргахаар тодорхойлсон. Өөрөөр хэлбэл “босгыг” улсын хэмжээнд нэг байх тогтмол тоо байхаар бус, сонгуулийн тойрог, тойрогт нь тооцож баримтлах энгийн бөгөөд маргаангүй зарчмыг баримталсан болно.

Гишүүний мандатыг сонгуулийн дээрх босго болон санал хуваагч хэрэглэн хувь тэнцүүлэн хуваах аргаар хуваарилахаар заасан. Мандатыг хуваарилахдаа эхлээд сонгуулийн босгоор /хэмжүүрээр/ хувааж үлдсэн мандатыг “хамгийн их үлдэгдлийн зарчмаар” санал хуваагчийг хэрэглэн хуваарилна. Энд ямар ч маргаан гарах үндэсгүй.

Долдугаарт:  Хуучин хуулиас ялгаатай нэг зүйл нь сонгуулийн эрх ба хууль зөрчсөн тухайд хүлээлгэх эрүү, захиргаа, сахилгын шийтгэл, материалын  хариуцлагыг нэг дор бүлэглэн заасан. Ингэснээрээ бараг зүйл бүр нь шийтгэлтэй атал нэг нь ч биелдэггүй байдлаас гарах боломжтой гэж үзсэн.

Төслийн 57 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг оруулсан нь сонгуулийн хууль тогтоомж хэрэгжүүлэхэд эрүүгийн хуулийн холбогдох заалтыг мөрдөхөд маш дөхөмтэй гэж үзсэн бөгөөд энэ бол бусад орны жишиг. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хуулийн холбогдох заалтыг хүн болгон заавал үл олдох  эрүүгийн хууль хайж мэдэх бус шууд хараад ойлгох боломжтой юм.

Сонгуулийн хуулийг шинэчлэн найруулж нэмж тодруулахдаа эрх зүйн бодлогын гол хандлага нь энэ хуулиар сонгууль зохион байгуулахад бус Монгол Улсын иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хамгаалан шударгаар хангах, парламентын төлөөлөх шинжийг улам бэхжүүлж, сонгууль нь ард түмний өөрсдийнх нь бүтээлч, шийдвэрлэгч оролцоо байх зарчмыг хангахад чиглэсэн болно. Хүн хүндээ ойрхон байх нь энэ хуулийн гол онцлог гэж болно.

УИХ-ын гишүүн Л.БОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж