З.Баянсэлэнгэ: Шүүх хурлын талаар сонсоогүй

Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

З.Баянсэлэнгэ: Шүүх хурлын талаар сонсоогүй

УИХ-ын сонгуульд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын жагсаалтаар нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдоод буй З.Баянсэлэнгийн бүрэн эрхийг түдгэлзүүлж магадгүй болоод байгаа. Учир нь З.Баянсэлэнгэ болон МАХН-ын гишүүд болох М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарыг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдсан хэргийг анхан шатны шүүхээр шийдэх Нийслэлийн шүүхийн шийдвэр гарсан. Энэ талаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгээс тодрууллаа.

-Чингэлтэй дүүргийн шүүхээс удахгүй таныг шүүх хурлын тов гарах гэж байна. Энэ талаар та мэдсэн үү?

-Надад хэн ч мэдэгдээгүй. Тухайн үед хамт эрүүгийн хэрэгт татагдсан хүмүүс ч энэ талаар мэдээлэлгүй байгаа. Шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдоогүй, эцсийн шийдвэр гараагүй байхад прокурор нь мэдэгдэл хийгээд байгаа хууль бус зүйл.

-Танд хэдэн жилийн ял төлөвлөсөн бэ?

-Өнгөрсөн тавдугаар сарын 04-нд болсон шүүх хурал дээр улсын яллагч Ц.Хашбаатар надад 1.2 жилийн ял төлөвлөсөн гэсэн. Би хуулийн байгууллагад өргөдөл гомдол гаргасныхаа төлөө хуулийн байгууллагад сэжигтнээр татагдсан. Өнөөдөр Монгол Улсад хэн ч өргөдөл, гомдол гаргаж болно. Намайг шалгаад, ял өгөх гээд байгаа нь улстөрийн зорилготой зүйл гэж бодож байна.

-Таныг өргөдөл өгсөнд бус прокурорын биед халдсанд буруутгаж байгаа шүү дээ?

-Прокурорын биед халдан, хүч хэрэглэсэн гэдэг л дээ. Гэхдээ тэр үеийн бичлэг дээр хэдэн эмээ, өвөө нар прокурор О.Мөнхбаатараас юм асуугаад зогсож байгаа нь бичигдсэн байсан. Чингэлтэй дүүргийн шүүхээс нотлох баримт дутуу гээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.

-Хэрэв өөрт тань ял оноовол таныг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх болно.

-Надад айгаад байх юм алга. Харин хууль, шүүхийн байгууллагынхныг хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж