УИХ-ын сонгуулийн дүнд олонхи болсон Ардчилсан нам Засгийн газрыг шинээр байгуулахын тулд ИЗНН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй өчигдрөөс хэлэлцээрт орсон билээ. Төрийн ордонд дуулдаж байгаа яриагаар бол “Шударга ёс” эвслийн зүгээс зургаан сайд, 10 шахам агентлагийг өгөхийг хүссэн байна. ИЗНН-ын зүгээс хоёр сайдын суудал шаардаж буй аж. Гэхдээ Ардчилсан намын хувьд дотооддоо ч бас сайдын хуваарилалтаа дараах байдлаар хийхээр төлөвлөсөн гэх мэдээлэл бий юм. Тухайлбал, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамыг салгаж, Хөдөлмөрийн яам тусад нь байгуулна гэж үзэж байгаа. Энэ хүрээндээ Хөдөлмөрийн сайдаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Хууль зүй, дотоод хэргийн яамыг мөн хоёр салгаж, Хууль зүйн сайдаар Х.Тэмүүжин гишүүнийг нэр дэвшүүлэх бол Дотоод хэргийн сайдаар “Шударга ёс” эвслийн УИХ-ын гишүүн Л.Цогийг, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамыг мөн салгахаар болсон байна. Ингэхдээ Барилга хот, үйлдвэржилттэй холбоотой асуудлыг нь УИХ-ын гишүүн Х.Баттулга хариуцаж, өмнө сайдаар ажиллах хугацаанд хийхээр төлөвлөснөө гүйцээх гэнэ. Харин Тэргүүн шадар сайдад УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн нэр дуулдаж байгаа бол Сангийн сайдад “Шударга ёс” эвслийн МҮАН-ын дарга М.Энхсайханыг зүтгүүлэх сураг гарч эхэллээ. Гэхдээ Сангийн сайдын асуудлыг дахин ярилцах сурагтай байна.
Г.Дарь