
Хэдийгээр гурваа гуч болгож амжаагүй ч чамлалтгүй амжилттайгаар уг хуралтай золгосныг онцлох хэрэгтэй болов уу. Уг чуулга уулзалтын нэгэн хүндэт зочин нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Родхэм Клинтон байлаа. Түүний энэ удаагийн айлчлал зөвхөн эмэгтэйчүүдийн хуралд оролцох явдал байсангүй. Тэр Ази тивд зөнгөөрөө цэцэглэсэн ардчиллын модыг эргэж тойрохоор ирсэн байлаа. Одоогоос 17 жилийн өмнө буюу 1995 онд хатагтай Хиллари Клинтон Монголд ирж байв. Бараг үдлээгүй шахам нисэх онгоцны буудлаас ч буцсан билүү дээ, өдрийн хагас ч болсон билүү их л богинохон хугацаанд ирсэн санагддаг. Гэхдээ түүний тэр айлчлал нь хөлөө тэнцэж ядаж байгаа ардчилал хэмээх унаганд их дэм болсон гэгддэг билээ. Тухайн үедээ АНУ-ын тэргүүн хатагтай Хиллари Клинтон ирсэн нь бүс нутагтаа Монголын замнаж байгаа зам нь энэ юм гэдгийг тунхаглаж өгсөн юм. Гэхдээ тэр үед Хиллари Клинтон зүгээр л Ерөнхийлөгчийн эхнэр байлаа. Тэр дундаа Цагаан ордонд очоод хоёрхон жил болж байсан нэгэн байв. Бусад тэргүүн хатагтай нараасаа боловсролын хувьд хүртсэн цол хэргэм нь өндөр, бас бусад шигээ ажлын өрөөгөө Цагаан ордны зүүн талд биш баруун жигүүрт засч тохижуулсан гэдгээрээ л ялгагдаж байсан. Тийм хэдий ч түүний тухайн үедээ хийсэн айлчлал Монголын ардчилалд үлгэр домог мэт дуурссан тийм их ач холбогдолтой байв. Харин өнөөдөр Монголд айлчилж байгаа Хиллари Клинтон 1993 оны нэгдүгээр сараас 2001 оны нэгдүгээр сар хүртэл АНУ-ын тэргүүн хатагтай байж, бас үргэлжлүүлээд Нью-Йоркийг төлөөлөн сенатад сууж 2008 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сунгаанд өрсөлдөж улмаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон нэгэн болтлоо өсчээ. Яг л Монголын ардчилал шиг шат шатаар өгсөж. Тэр одоо АНУ-ын түүхэнд анхны эмэгтэй төрийн нарийн бичгийн дарга бас алба хаах хугацаандаа дэлхийн хамгийн олон оронд ажил хэргийн шугамаар очсон гэдгээрээ дээд амжилтын эзэн болж буй. Бас дэлхийн хамгийн хүчирхэг ээж гэсэн жагсаалтыг тэргүүлсэн. Мэдээж нөхрөө уучилсан гайхалтай ухаалаг, уужуу эмэгтэй гэдгийг нь дэлхий тэр аяараа мэднэ. Ямартай ч дэлхийд танихгүй хүн үгүй ийм нэгэн эмэгтэй, улстөрч Монголд ирээд буцлаа. Тэрбээр Монголд ирээд юу гэж дүгнэж, юу хэлсэн бол. Анх Монголд ирээд буцахдаа тэр Монголыг социализмаас салж ардчиллыг тогтоож буй амьд жишээ гэж дүгнэсэн байдаг. Энэ ч сэтгэгдлээрээ өөрийнхөө дурсамжийн номдоо “Ардчилал тогтох боломжгүй гэж үзэж байсан газруудад ардчилал ялж болдгийн жишээг Монгол Улс харууллаа. Ардчилалд эргэлзэгчид Монголд ирцгээ гэж хэлье” хэмээн бичсэн биз. Ардчиллын амьд жишээ гэгддэг Монголд хориод шахам жилийн дараа ирсэн Хиллари бүс нутагтаа ардчиллын үлгэр жишээ болсоор байгаад талархаж буйгаа илэрхийлээд Монголын ардчиллыг алхам алхмаар шат шатаар өгсч дэвжиж явааг онцолсон байгаа юм. Мөн монголчуудын өмнө сайхан ирээдүй буйг 17 жилийн өмнө ирэхдээ анх олж харсан хэмээгээд ард түмэн нь эрх чөлөө, шударга ёсыг хүсдэг эрч хүчтэй улс л ийм богино хугацаанд амжилт олж байна гэжээ. Бас ардчиллыг бэхжүүлэх үйлст хэзээ ямагт туслах болно гэдгээ ч амалсан байна. Хатагтай Хиллари Клинтоны хэлсэн үгнүүдээс харахад тэрбээр Монголын хөрсөнд ардчилал хэмээх мод улам бүр үндсээ бат шигтгэж ургаж буйд баяртай байгаа нь анзаарагдаж байгаа юм. Түүнчлэн ардчилсан тогтолцооны хорт ургамал авлигын тал дээр ч өөрийнхөө санал бодлыг илэрхийлжээ. Тэрбээр АНУ-д хууль бусаар гарсан Монголын нутаг дэвсгэрээс олдсон динозаврыг эргүүлэн авах гэж хүчин зүтгэсэн шигээ нутагтаа байгаа “авлига” гэсэн динозаврыг устгахын тулд хүчин чармайх ёстойг зөвлөсөн байгаа юм. Хиллари Клинтон шинэ тутам ардчилсан орнуудад авлигатай тэмцэхэд амаргүй байдгийг хэлээд манайхны баримталж буй хуулийг дээдлэн, хууль бүгдэд тэгш үйлчлэх нь чухал гэдэг дээр санал нэг буйгаа илэрхийлжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан “Таны хийж буй айлчлал, хэрэгжүүлэхээр зэхэж буй төлөвлөгөө дотоод, гадаадын дарамт шахалтыг үл харгалзан цаашид ч биеллээ олно гэдэгт бид итгэж байна” гэж хэлсэн ажээ. Бас байгалийн баялаг ихтэй зарим орнуудад тохиолдсон шиг баялгаас хэт хамааралтай бус байж, авлига хээл хахуулийн эсрэг хүчтэй тэмцэн элдэв бэрхшээлүүдээ давж чадвал Монгол Улсыг их ирээдүй хүлээж байгаа хэмээн боддогоо манай албаны хүмүүст хэлсэн гэх. Түүнчлэн сайн зөв удирдагч хүн ямар байх талаар саналаа хэлж, элдэв баялаг цуглуулснаараа бус харин ард түмнийхээ хүсэл зоргоор ажиллаж сайн нэртэй үлдэх нь чухал гэж бодож явдгаа ч ярьсан байна. Мөн хатагтай Хиллари Клинтон Монголд дахин ирэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн бөгөөд дараа ирэхдээ гэр бүлийн хүн болох эрхэм Билл Клинтонтой ирнэ гэж мэдэгдсэн ажээ.
Ямартай ч Төрийн наадмын өмнөхөн болсон энэ айлчлал монголчуудын хувьд тун чухал байв. Хаа нэг газраас импортлоогүй өөрсдийнхөө сэтгэл зүрхээр, мөн чанараар татагдан цогцлоож чадсан ардчиллаа бат бөх болгох гэж монголчууд зүтгэж явааг ардчиллын өлгий нутаг гэгдэх америкчууд анзаарч авсан биз ээ.
Эх сурвалж: “Өдрийн сонин”