
Монголын нэгэн гайхамшиг болсон аварга динозаврын ясны хойноос америкчууд үнэхээр санаа тавьсны нэгэн жишээ бол энэ. Тэд Монголын нялх ардчиллыг хөлд орох цагаас нь дэмжсэн. Өдгөө авлигад идэгдэх аюулд өртөх вий гэсэндээ бас санаа зовж байна. Ардын хувьсгалын 91 жилийн их баяр наадмаар аймгийн арслан П.Бүрэнтөгс улсын аварга, арслан, зааныг дараалан давсаар гайхалтай сайхан түрүүлж, наадамчин монголчуудаа баясгаж байхад АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Монголд хөл тавихдаа “Авлига хэмээх динозавраа устгаад, жинхэнэ динозавраа эргүүлж аваарай” гэсэн мессеж үлдээсэн юм. Энэ бол авлигын загалмайлсан эцэг Н.Энхбаярын эртний олдвортой эн зэрэгцэх үнээр барууны хэвлэлд өөрийгөө өмөөрч, Монголын төрийг муулж бичүүлсний хариуд өгсөн АНУ-ын байр суурь гэж үзэж болно. Н.Энхбаяр их гүрний сенатор хатагтай Файнштайн зэрэг зарим хүнийг өөртөө татаж амжсан хэдий ч ардчиллын үнэ цэнэ авлигаас хамаагүй чухал гэдгийг хатагтай Х.Клинтон батлав.
Өмнө нь НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой утсаар ярихдаа “Монгол Улс бол ардчилсан нийгмийг байгуулахад хамгийн их амжилт олж байгаа улсын нэг гэдгээр нь бахархаж явдаг. Та бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд ардчиллыг бэхжүүлэх, хууль ёсыг тогтооход асар их хариуцлага үүрч байгааг би сайн ойлгож байна. Авлигатай тэмцэх,авлигыг арилгах үйл явцад Монгол Улс амжилт олоосой гэж би хүсч байна” гэсэн нь олон улсын энэ байгууллагын байр суурийг нэгэн талаар илэрхийлсэн хэрэг билээ.
Ийнхүү ардчилсан улс түмэн хүн төрөлхтөний эрт эдүгээгийн үнэт зүйлсийг ийнхүү хайрлан хамгаалдаг юм байна. Н.Энхбаярын “Айвенхоу майнз”-ын хорт Боб хочит Р.Фрийдланд мэтийн хүмүүстэй сүлбэлдэж Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд унагах гэсэн өнгө мөнгөний оролдлогууд бүтэлгүйтсээр байна. Авлига бол ардчиллын дайсан гэдэгтэй АНУ, Монгол Улс хоёр нэгэн байр суурьтай байна. Харин Горькийн Утга зохиолын дээд сургуулийг дүүргэсэн орчуулагч Н.Энхбаяр Оросын алдарт зохиолч А.П.Чеховын “Нэр төрийг булаалгадаггүй. Харин гээдэг юм” гэсэн алдарт үгийг мэддэггүй нь харамсалтай.
Эх сурвалж: WWW.SHUUD.MN