УИХ-ын шинэ гишүүд өрөө тасалгаандаа үндсэндээ төвхнөөд байна. Эмэгтэй гишүүдийн ихэнх Төрийн ордны хамгийн дээд давхарт оржээ. Дөрөвдүгээр давхрын гол хэсэгт Л.Эрдэнэчимэг, М.Батчимэг, Р.Бурмаа, Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа нар байрласан харагдав. Дөрвөн давхрын баруун жигүүрт гишүүн З.Баянсэлэнгэ суурьшжээ. Харин С.Оюун гишүүн гуравдугаар давхрын хуучин өрөөндөө байгаа бол гишүүн Г.Уянга гурван давхрын баруун жигүүрийн хамгийн захын өрөөнд орсон байна. Д.Оюунхорол гишүүн ч гуравдугаар давхарт бий. УИХ-ын Тамгын газраас эмэгтэй гишүүдээ ийнхүү дээд давхруудад төвхнүүлжээ.
Ерөнхийдөө шинэ гишүүд нэгдүгээр давхар хавьд суудаг уламжлал халагдаж дээгүүр давхруудад байрладаг болсон байна. Харин гишүүн Ц.Нямдорж өөрт нь дажгүй өрөө амласан ч хуучин өрөөгөө МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн даргад суллаж өгөхгүй цааргалж байгаа бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, эрхэм гишүүн Ч.Хүрэлбаатар “МАН-ын дарга С.Батболдыг суулгана. Генсек байсан У.Хүрэлсүхийг оруулна” гэхчлэн хэд хэдэн өрөөг лацдаж цоожийг нь сольж дураараа дургиж яваа гэнэ.
Д.ОЮУН