Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

Монгол орон баяртай

Монгол улсад ажиллах албан томилолт маань дуусч байгаа тул анхааран сонирхож ирсэн,урьж зочилсон, тусалж дэмжиж байсан Дорнодоос Баян-Өлгийг хүртэл энэ  улс орон даяар амьдран суугаа монголчуудад талархлаа илэрхийлэхийг хүснэ би.
 
Монгол орны талаар олон зүйлийг дурсаж явах болно би.

Өргөн уудам тал нутаг, үзэсгэлэнт уулс, шөнийн тэнгэрт гялалзах одод, алхам тутамд маань дотно сэтгэлээр хандсан өчнөөн олон монголчуудыг юунаас ч илүүтэйгээр санан дурсана би. Монголд хийж гүйцэтгэх албаны маань ажил нэгэнт дууссан хойно ч энэхүү аугаа орны сэтгэл татам түүх, өвөрмөц соёл миний сэтгэл зүрхэнд оршсоор байх болно. Эхний удаа АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн орон хариуцсан захирлаар 2001-2004 онд, дараа нь Элчин сайдаар 2009-2012 онд Монгол оронд ажиллаж амьдрах сайхан завшаан  надад нийтдээ хоёронтоо тохиосон бөгөөд  аль алинд ньби Монгол орны 21 аймгаар зочилсон билээ.

Гэргий Фиона маань ч Монгол орныг өндөр үнэлдэг, бид хоёрын гурван хүүхэд Иан, Камерон, Катриона нар балчир бага насаа өнгөрүүлсэн энэ сайхан орныг насан туршдаа дурсан санах болно. Манай гэрийнхэн энэ уудам бөгөөд үзэсгэлэнтэй орны өнцөг булан бүрд монгол гэрт хонож, нуурын эрэг, голын хөвөөнд отоглон бууж олон ч монгол хүнтэй уулзаж учиран, тэднээс суралцан, ёс заншил, баяр ёслол, арвин их өв уламжлалыг нь олон ч удаа хамтдаа хүндэтгэн тэмдэглэсэн.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Х.Клинтоныг Монголд хүлээн авсан
мартагдашгүй үйл явдал энэ сарын эхээр бидэнд тохиосон. Тэрээр түүхэн энэ
айлчлалынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нартай уулзаж, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хуралдаанд болон Эмэгтэйчүүдийн манлайллын олон улсын чуулга уулзалтад үг хэлсэн. Өнгөрсөн гурван жилийг эргээд харахад олон талаар, ялангуяа АНУ, Монголын хэлхээ холбоо улам бүр өргөжин гүнзгийрч батжин бэхэжсэнд би сэтгэл нэн хангалуун байна.

АНУ-ын Элчин сайдын яам Америкийн их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй Монголын гурван иргэнд 2009 онд Фулбрайтийн нэрэмжит тэтгэлэг олгосон. Тэгвэл 2011 онд энэ тоо 16 болж нэмэгдсэний дотор Монгол Улсын Засгийн газар 10 оюутны сургалтыг санхүүжүүлсэн. Өдгөө АНУ-д наад зах нь монголын 1200-2500 иргэн суралцаж байна.

Монгол хүн АНУ-ын өндөр хүн хүндтэй Вэст Пойнтын цэргийн академид саяхан анх удаа элсэн суралцлаа. Өнгөрсөн жилүүдэд улам ч олон монгол хүн Харвард, Станфорд Еэлийн зэрэг Америкийн нэр хүндтэй их сургуулиудад хувийн хэвшлийнхний тэтгэлгээр суралцдаг боллоо.

АНУ-аас 2009 онд Монголд 40 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортлосон. Тэгвэл 2011 онд энэ тоо 313 сая ам долларт хүрлээ. Өнгөрсөн гурван жилд Женераль Электрис компани Улаанбаатар хотноо салбараа нээсэн, Блумберг телевиз Монголд үйл ажиллагаагаа эхэлсэн, Вагнер Ази компанийн төлөөлөгчийн газар Дархан Уул аймагт болон Өмнөговь аймгийн Хан Богд суманд  өрхөө татсан бөгөөд Монголын үндэсний иргэний агаарын тээврийн МИАТ компани агаарын хөлгүүдээ Бойнг загварын нисэх онгоцуудаар шинэчлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн. Пибоди зэрэг Америкийн томхон компани монгол түншүүдтэйгээ хамтран аюулгүй ажиллагааны өндөр стандарт, орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх, Монгол улсын уул уурхайн салбарыг хөгжилд ёс зүйг дээдлэх, байгаль орчинд анхаарал хандуулах замаар энэ орны хөгжилд тууштай үүрэг хүлээн ихээхэн нааштай үр дүнд хүрэхийг зорьж байна. Бид байгаль орчинд анхаарч ирсэний үр дүнд манай ЭСЯ-ыг анх удаа АНУ-ын Төрийн департамент “Ногоон ЭСЯ“ хэмээн өргөмжилж 2010 оны шагналаа өнгөрөгч дөрөвдүгээр сард хүртээсэн.

Монгол улс АНУ-ын Төрийн департаментын ивээн тэтгэдэг Соёлын өвийг хамгаалах Элчин сайдын сангаас том хэмжээний тэтгэлэг хүртсэн эхний дөрвөн орны тоонд багтаж, Улаанбаатар хотоос хойд зүгт тавхан цаг дахиад очдог Сэлэнгэ аймгийн үзэсгэлэнт хөндийд байрлаж байгаа Амарбаясгалант хийдийг хадгалж хамгаалахад туслах зорилгын үүднээс 585 мянган ам доллар олгосныг өнгөрөгч оны зургадугаар сард хүлээн авсан.

Лос Анжелесийн Озоматли хамтлаг 2010 оны зургадугаар сард Монголд айлчлахад
Сүхбаатарын талбайд тэдний дуу хөгжмийг сонсохоор 20 мянган хүн хуран цугласан. Озматли хамтлагийн тоглолт бол АНУ-ын ЭСЯ-наас Монгол улсад зохион байгуулсан урлагийн хамгийн том арга хэмжээ болсон юм.

Бид Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Салхит шувуун гэдэг төрийн бус
байгууллагын төлөөлөгчдийг өөрийн оронд хүлээн авч айлчлуулсан бөгөөд АНУ дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалтай танилцан мартагдашгүй аялал хийсэн тэд маань 2010 он арваннэгдүгээр сард эргэж ирсэн. Монгол улсад суугаа тус ЭСЯ-ны зохион байгуулдаг алив арга хэмжээнд монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулах талаар Фиона бид хоёр өөрсдийн ажилласан хугацаанд байнга хичээж ирсэн.

2011 оны гуравдугаар сард Афганистаны нийслэл Кабул хотод очиж тэнд үүрэг гүйцэтгэж байгаа монгол дайчидтай хэд хоногийг хамт өнгөрүүлсэн маань миний хувьд нэр төрийн хэрэг байсан. Монгол улс энхийг сахиулагч орон болсон нь гайхамшигтай үйл явдал бөгөөд дэлхийн хамгийн отгон улс- Өмнөд Суданд Монголын 850 дайчин үүрэг гүйцэтгэсэн.

Манай ЭСЯ 25 сая ам.долларын засварын ажлын төслийг 2011 оны дөрөвдүгээр сард
хэрэгжүүлж эхлэсэн нь бид Монгол улстай олон салбарт урт удаан хугацаагаар тууштай хамтран ажиллахын төлөө байгааг илтгэн харуулж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны дөрөвдүгээр сард Вашингтон хотноо Цагаан ордны Зууван танхимд Ерөнхийлөгч Б.Обаматай уулзсан бөгөөд айлчлалынхаа явцад Сан Франциско хотод Монгол Улсын Ерөнхий консулын газрыг албан ёсоор нээсэн билээ.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Байден мөн оны наймдугаар сард Монгол улсад айлчилсан нь албан үүргээ гүйцэтгэж буй АНУ-ын Дэд ерөнхийлөгч сүүлийн 67 жилийн хугацаанд хийсэн анхны айлчлал болсон. Тэрбээр энэхүү айлчлалынхаа үеэр манай ЭСЯ-ны фэйсбук болон твитрийн ажиллагааг эхлүүлсэн.

Монголд зочилсон анхны америк иргэн байж мэдэх ноён Фелосид 1862 онд  шийтгэн олгож байсан аяллын зөвшөөрлийн хувийг түүний аяллын 150 жилийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний Архивын газар надад 2012 оны нэгдүгээр сард бэлэглэснийг миний бие Вашингтон хот дахь Конгрессын Номын санд хүлээлгэн өгсөн билээ.

Мянганы Сорилын Сангаас Шаргуу зүтгэлтэй оронд олгодог шагналыг 2012 оны
зургадугаар сард Монголын Мянганы Сорилтын Сан(MMCC)-д олгосон нь ММСС  жендерийн асуудалд тусгайлан анхаарч ирсэнтэй тодорхой хэмжээгээр холбоотой гэж бодож байна.

АНУ-ын Энхтайвны корпус Монголд үйл ажиллагаа явуулж эхлэсний 20 жил, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг Монгол ажилласны 20 жил, манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жил зэрэг  түүхэн тэмдэглэлт хэд хэдэн ойг өнгөрсөн жилүүдэд америкчууд болон монголчууд хамтран тэмдэглэсэн.

А.У.Феррин гэдэг АНУ-ын нэгэн дипломатчийн олон арван жилийн тэртээ хэлсэн үг
дипломат харилцаа тогтоосны 25 жилийг  ёслон тэмдэглэх үеэр надад байнга бодогдож байсан. Бээжинд худалдааны ажилтны алба хашиж байсан тэрбээр АНУ Өргөөнд (тухайн цагт Улаанбаатар хотыг ийн нэрлэж байжээ) Дипломат төлөөлөгчийн газраа нээх ажиллуулах  нь зүйтэй хэмээн тэртээ 1918 оны эхээр Вашингтонд санал дэвшүүлж, чингэх нь “энэхүү гайхамшигтай улсын хөгжилд нэн тустай болно” гэж цохон тэмдэглэж байсан юм.

Миний бие Монголд ажилласан гуван жилийн туршид өдөр бүхэн ахмад үеийнхний  тэрхүү эрмэлзлийг хэрэгжүүлэхсэн хэмээн зүтгэж, бахархал дүүрэн түнш, найрсаг харилцаатай гуравдагч хөршийн хувьд АНУ –ыг “гайхамшигт энэ орны хөгжилд нэн тустай хүчин зүйл байлгахаар чармайн ажилласан болно.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бидэнд элэгсэг дотно хандсанд Та бүхэнд баярласанаа дахин илэрхийлье. угтан ирэх он жилүүдэд манай гэр бүл Монгол орон, Монголын ард түмэнд улам их амжилт олохыг ерөөх ялдамд АНУ, Монгол Улсын харилцаа цаашид ч хөгжин цэцэглэнэ гэж чин сэтглээсээ итгэж буйгаа илэрхийлж байна.

 АНУ-ын Элчин сайд Эддлтон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж