Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

Сонины Дашка ах

Сонины Дашка ахыг уншиг­чид болон улс төрийн хүрээ­нийхэн нэрээр нь андахгүй сайн танина. “Өдрийн сонин”-д тойм­чоор цөөнгүй жил ажиллаж яваа Г.Дашрэнцэн сэтгүүлчийг за­рим нэг нь улстөрч гэж андуу­рах нь бий. Улс төрд үнэтэй зөвлөгч гэдгийг нь уншигчид  тэр болгон  мэдэхгүй ч нам, намын генсекүүдээс авахуу­лаад үгийг нь сонсч, үнэтэй зөвлөгөөг нь хүлээж суудаг улстөрчид олон. Ямартаа ч залуучууд Дашка ахыг хаана явна тойрон хүрээлж зөвлөгөөг нь сонсч зарим нь улс төрийн зөвлөхөөрөө хүртэл “түр ажилд тохоочихсон” байх нь бий. Сая улс тунхагласны 91 жилийн ойн баяраар наадмаар сэтгүүлч Г.Дашрэнцэн Соёлын гавъяат зүтгэлтэн цолоор энгэ­рээ мя­лааж сэтгүүл зүйн сал­ба­рын хамгийн хүндэт том шагналыг хүртлээ. Гавъяатаа батлах уран бүтээлүүдийг хэ­дий­нээ туурви­сан мань хашир харин одоо болтол нэг ч ном гаргаагүйд гайхах хүн байдаг. Учир нь сэтгүүл зүйн салбарт годго­носон охид, хөвгүүд гэнгэ­нэсэн ганц хоёрхон ярилцлага хийчи­хээд хэд хэдээр нь ном бөөн­дөж пиарддагийн дэргэд Дашка ахын часхийсэн бүтээ­лийг ном болон гараасай гэж хүлээж суудаг уншигчид цөөн­гүй л бий байх. Санаж байна уу уншигчид, Г.Дашрэнцэн сэт­гүүлч өмнө гаалийн газарт нүүрлэсэн авли­гын торыг зад татаж олон тү­мэнд илэн далан­гүй дэлгэж байсныг. МАХН-ын лидер, Ерөн­­хийлөгч асан Н.Энх­баярыг ч ёстой улайтал нь бичиж, одоогийн шалгагдаж байгаа хэргүүдийг бараг цугийг нь тухайн үед ард түмэнд ил хэлээд өгчихсөн юм шүү дээ.

Г.Дашрэнцэн сэтгүүлчийн үнэн бодит байдлыг илчилсэн эрэн сурвалжлах нийтлэлүүд нь загатнасан газар маажив гэгчээр уншигчдын анхаарлыг татаж, нийгэм даяар шуугиан болж байсан түүх одоог хүртэл байсаар. “Бурхны телевиз чөтгө­рийн замаар”, “Цус амтагдсан мөнгө”,  “Манай сумын улс төр”, “Хотын даргыг Хороон дарга болгоё”, “Сийлбэр тос нүүрний эрлэг, Симба Батаа төрийн эрлэг” гэх мэт гарчиг сайтай баримтат уншууртай нийтлэ­лүү­дийг нь нэрлээд байвал нэлээн их бий шүү. Аль 2004 оноос “Сонгуулийн чимээ” нэрэн дор нухацтай, судалсан мэдээ­лэлтэй тойрог тойргоор нь тоймлосон улс төрийн той­мыг анхлан хүргэж байсан нь сэтгүүл зүйн салбарт өдгөө тогтсон хэллэг, булан, хэвшсэн улс төрийн жанрын нэг болжээ. Тухайн үед “Хэнтийн гурван дурак” гээд л захаас нь шүү­рээд бичихэд уншигчид мөн ч их шуурч унаж байсан даа.

Г.Дашрэнцэнг шүүх цагдаагаас байнга л дуудчихсан байдагсан. Нэг үгэн дээр нь тоглолт хийж үзэгний ирийг нь мохоох гэж оролдоод ч нэмэргүй зөрүүд өвгөн шударга ёсны талд үргэлж зогсож ирсэн нь бат үнэн юм. Одоо сэтгүүлч Г.Дашрэнцэн “Өдрийн сонин”-д тоймоо бичихийн зэрэгцээ манай “Нийслэл таймс” сонины орлогч эрхлэгчээр ажиллаад даруй хоёр жилийг ардаа орхижээ. Өдөр тутмын отгон сонины нэг болох “Нийслэл таймс” сониныг үүсгэн байгуулагдах цагаас нь эхлэн туг нь болж ардаа олон салаа цэргүүдийг удирдаж явна. Дашка ахаас голдуу хэний ч олж хараагүй чухал санаа, сэтгүүлчийн содон өнцөг цухалзаж явдаг болохоор залуу сэтгүүлчдийн хувьд мэргэжлийн сайн багш болж чаддаг нэгэн. Төв аймгийн сонинд сэтгүүлчийн ажлын анхны гараагаа 1976 онд тавьж, улмаар 1990 онд ардчилалын анхны салхийг ард түмэнд сэвэлзүүлж явсан хүн бол Г.Дашрэнцэн. Тэрбээр Төв аймгийн орлогч даргаар ажиллаж явсан “толгой”. 1990 онд бяр нь амтагдсан ханхагар залуу явсан Г.Дашрэнцэн журмын найз нөхдүүд болох “Өдрийн сонин”-ы эрхлэгч Ж.Мягмарсүрэн, Ш.Сүхбаатар, Х.Баттөгс нарын хамт хөдөөд ардчилсан хувьсгалыг хийлцэж явсан түүх бий. Өдгөө ч эдгээр найз нөхөд хамт уран бүтээлээ туурвиж, үнэт санаагаа хуваалцаж, нэг дор буйгаас үзэхэд эр улсын үнэнч сайхан нөхөрлөл бий гэдэг нь тодхон харагдана.  “Сэтгүүл зүйн салбарт ажиллаж улс төрийн үйл ажиллагаанд оролцсоны гэрч гэж Соёлын гавъяат зүтгэлтэн цолыг төрөөс олгосон болов уу” гэж Г.Дашрэнцэн сэтгүүлч энгийн даруухнаар үнэнээ өчжээ. Г.Дашрэнцэн сая УИХ-ын 2012 оны сонгуулиар “Улаанбаатарын төлөөх тулаан”, “Хагархай цонх шиг эх орон минь”, “Айсан авлигачид айлын диван дор нуугдана”, “Э.Бат-Үүл Дөчин мянгатын хулигаан” гэх мэт хурц нийтлэлүүдээ мөн л бичсээн. “Сонгуулийн чимээ”-гээ үргэлжлүүлж бичилгүй яахав. “МАН баяртай, АН сайн байна уу” гэсэн гарчиган дор нийтлэл бичих цаг болчихсон шүү гэж сонгуулийн өмнө зөвлөж байсан Дашка ахын хэлснээр нээрээ л МАН баяртай болж АН сайн байна уу гээд ороод ирсэн дээ. Сэтгүүлч хүн гэдэг цаг хугацааг түрүүлэн мэдэрч, судалгаанд суурилсан мэдрэмждээ тулгуурлан ирэх цагийг зөнтэй зөгнөж бичдэг “үнэрч ноход” шиг хүмүүс юм.

 Г.Дашрэнцэн ах нэгэнтээ Добу мэргэн гэсэн хоч, нэр зүүчихсэн л явав. “Өдрийн сонин”-ы тоймч Г.Эрдэнэбат болохоор Дува сохор гэсэн бас нэртэй. Мань хоёр хамтдаа алхаад ёж үг хэлэлцэн, бичих материалынхаа санааг боловсруулсан шигээ цуг явахыг нь улс төрийн хүрээний хэсэг залуучууд хараад “Хүүе тэнд Добу мэргэн, Дува сохор хоёр явж байна” гээд хэлчихсэн гэдэг юм билээ. Бодоход Добу мэргэн гэсэн нь юуг ч гэсэн онож, ончыг нь олж бичдэг, Дува сохор гэсэн нь нууц баримт, мэдээллийг хаанаас ч гэсэн олоод үзчихсэн байдаг гэсэн санаа юм уу даа. Өдгөө сонины Дашка ах Монголын улс төрд зөвлөхийн үүргийг дөмөгхөн гүйцэтгэж явна. Зундаа нэг сар амарч зуршсан ээлжийн амралтаа авсан Г.Дашрэнцэн сэтгүүлчийн уншууртай нийтлэлүүд тун удахгүй л уншигч танд хүрсээр байх болно.

Б.ДОЛЗОДМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж