Авто замын газрынхнаар ажлыг нь хийлгүүлье

Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

Авто замын газрынхнаар ажлыг нь хийлгүүлье

Баянхошууны зам гэж тамтаг алга аа. Машинтай нь байтугай явган хүн бүдэрч үхмээр болоод дэндүү олон жил болжээ. Миний мэдэхийн сүүлийн арван жилийн хугацаанд  Баянхошууны замыг шинэчлэх нь битгий хэл нэг ширхэг ч нөхөөс тавьсангүй. Нэр дэвшээд саарал ордонд морилдог нөхдүүд замыг чинь сайжруулна л гэдэг. Байдаггүй ээ.

Баянхошууны намаг, шалбаагтай бартаат замаар нэг хоёр яваад л машин бараг тараад ойчно. Яг үнэндээ ийм зам Монголд олон доо. Зам гэхэд хэцүүхэн замын тоог гарга гэвэл нэлээд уртхан жагсаалт гарах болов уу. Уг нь Монголд  Авто замын газар гэж нүсэр том агентлаг бий л дээ.  Гэхдээ энэ байгууллагын үндсэн үүрэг нь юу болохыг нэг л сайн мэдэхгүй байна.  Зам засварладаг юм уу, шалгалт, хяналт тавьдаг юм уу зассан замыг нь сайн муу болсон гэж шалгадаг ч юм уу, бүү мэд.

   Монгол Улс нэг үеэ бодвол мөнгөтэй болсон. Нэг зам засахдаа тэрбум, тэрбумаар нь цацдаг болсоор удаж байгаа. Даанч шинээр тавьсан болоод зассан зам нь дэндүү богинохон настай. Энэ нь ч хэн нэгэн мөнгө олох, хэн нэгэн авлига авах, хэн нэгэн хөлжих гэсэн бизнесийн баширхан арга байж болох юм.

 Зам заслаа  л гэнэ, дараа жил нь эвдэрлээ л гэнэ. Төсвөөс бөөн мөнгө гаргаж байгаад л зассан замаа засна. Засаад л эвдрээд л, засаад л. Дахиад л мөнгө төсөвлөөд зарцуулаад л. Замтай холбоотой хэл ам, хэрүүл шуугиан, гомдол маргаан тасралтгүй өрнөсөөр л. 

  Ямар сайндаа л зам тавьж байгаа хятад ажилчин “Манай дарга нар замын зузаанаас нь иддэг байхад танай мулгуй дарга нар өргөнөөс нь иддэг”  хэмээн монгол ажилчнаа даапаалсан тухай яриа хүртэл гарах билээ дээ.  Олон жилийн настай зам барьчихвал зам бариулж байгаа нэгэнд, зам тавьж байгаа нөгөөд, тавьсан замыг нь шалгаж ашиглалтад авч буй эрхэмд ямар ч хэрэггүй болоод л бодлогоор богинохон настай зам тавьдаг байх. Мөнгө олох, хөрөнгөжих эх үүсвэр нь болохоор л тэр биз дээ. Харин улс орны эдийн засаг, иргэдийн амьдралд  үүн шиг хэрэгтэй юм үнэндээ байхгүй. Чанар муутай замаас нь болоод жилийн жилд багагүй авто замын осол гарч, амь насаа алдсан иргэн цөөнгүй. Багануур, Лүнгийн гээд жолооч нарт айдас төрүүлсэн, “чөтгөр шүглэсэн” замыг анхнаасаа ашиглалтад авахдаа долоо хэмжиж, нэг огтолсон бол олон хүний амь амьдралаар тоглохгүй байсан биз ээ. Тавиад удаагүй зам нь эдвэрлээ л гэнэ, хүний амь эрсдлээ л гэнэ. Авто замын газрынхан арчилж чадахгүйгаас зам эвдрээд байна уу, аль  эсвэл “но”-той замыг нүдээ аньж, гараа имэрч байгаад л ашиглалтад авчихдаг юм болов уу.  Зам нь ус зайлуулагчтай байна уу, үгүй юу, стандартын чанар хангаж байгаа эсэх гээд энэ бүгдийг шалгах, шахаж хийлгүүлэх эрх Авто замын газрынханд байдаг л баймаар. Гэтэл  хөдөө орон нутагт битгий хэл Улаанбаатарт ч ийм шаардлага тавьж байгаа юм бараг алга.

“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Өндөр хаан, Мөнх хаан, Баруун урт чиглэлд Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 132,6 км, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сангийн зээлийн хөрөнгөөр Булган аймгийн Уньт багаас Хөвсгөл аймгийн Тариалан сумын чиглэлд 88 км хатуу хучилттай авто зам барих ажлыг хэдийнээ эхлүүлээд байгаа бөгөөд нутгийнхэн нь “хятад дарга нар замын зузаанаас нь, монгол дарга нар замын өргөнөөс нь битгий идчихээсэй” билээ хэмээн хошигнож суугаа гэсэн шүү.  Зам эвдэрлээ л гэнэ  эцсийн эцэст тавьсан замыг  ашиглалтад авахдаа хянаж шалгах, авсан замаа арчлах ажил Авто замын газрынхны нэг үүрэг баймаар. Ажлаа хийж чадахгүй байгаа албатуудыг амь оруулах болсон юм биш үү, ингэхэд

А.ШАРХҮҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж