-Алтан медалийн эзэд болсонд баяр хүргэе. Оролцоод ирсэн тэмцээнийхээ талаар дэлгэрэнгүй сонирхуулахгүй юу?
-Баярлалаа. Бид “Азийн дуу хоолой” буюу “Эхо Азия” нэртэй олон улсын циркчдийн фестиваль Казакстаны Астана хотод зургаа дахь удаагаа зохиогдон бид маш амжилтай оролцоод ирлээ. Энэ тэмцээнд манайх хоёр дахь удаагаа оролцож байна. Өнгөрсөн жил бид анх удаа энэ тэмцээнд хоёр үзүүлбэрээр оролцоод тусгай байрын шагналыг хүрэл цомтой хүртэж байсан. Энэ жил дахин оролцоод орон орны жүжигчидтэй өөрсдийн хүч , авьяасыг өрсөлдөүүлэн алтан медаль авлаа. Ер нь бид Монголын циркийн урлагийн хөгжлийг тэнд харуулж, түвшинг нь толдорхойлох гэж л оролцдог. Цирк ингэж хөгжиж, байна, залуучууд циркээ ингэж хөгжүүлж байна гэдгээ үзүүлэх гэж очсон. Бид амжилттай нэр төрөө хамгааллаа.
-Уран нугаралтын үзүлбэр толилуулсан гэсэн шүү дээ?
-Энэ тэмцээнд “Circus Mongolia Khadgaa”-гийн уран нугараач Ж.Цэрэндулам, “X-Rose” хамтлагийн жүжигчин А.Энхгэрэл гээд хоёр нугараач оролцсон. Мэдээж манай монголын уран нугаралт гэдэг бол дэлхийд танигдсан үзүүлбэр. Гэхдээ энэ удаад бид энэхүү үзүүлбэрээ арай өөр маягаар үзүүлье гээд хоёр хэсэгтэй үзүүлбэр бэлтгэж найруулсан. Эхний хэсэгт хоёр нугараач охид маань хамтдаа ширээн дээр нугарч байгаад хоёрдугаар хэсэгтээ нэг нь агаар дээр буюу дээшээ татагдаж яваад тэндээ нугараад нөгөөх нь тэнцвэрийн уран нугаралтын чадвартай үзүүлбэрүүдийг хоёр хэсэгт хуваан хийсэн. Уг тэмцээнд монголын циркийн нэр төрийг хамгаалах гэж яваа учраас чадалтай уран бүтээлчид хамтарч оролцсон. Миний хувьд найруулагчаар ажиллан, үзүүлбэрийн дасгалжуулагч багшаар Т.Буд, бүжиг дэглэлтийг СУИС-ийн багш М.Мөнгөнцэцэг дэглэн хамтдаа баг болон ажилласан.
-Хоёр өөр циркийн нугараач хамтдаа нэг үзүүлбэрийг үзүүлсэн юм байна шүү дээ? Хэрхэн энэ багийг бүрдүүлсэн бэ?
-Би өөрөө Монголын циркчдийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. Манай байгуулага нь цирк тоглохоор зүтгэж байгаа жижиг байгуулагуудыг нэгтгэн тэднийг анхаардаг болгох гээд л ажиллаж байгаа. Энэ тэмцээнд улсынхаа нэр төрийг хамгаалахын тулд бодлого барин ажилласан. Тиймээс холбооныхоо хэмжээнд сайн жүжигчдийг нэгтгэн базаж, бүтээл гаргаад багш нар, бүжиг дэглээчтэй хамтран ажиллан тэмцээнд оролцоод алтан медаль хүртээд ирлээ.
-Хэзээ байгуулагдсан бэ?
-10 жил болж байгаа. Өмнө нь Монголын циркчдын холбоо гэдэг байсан. Одоо тэр байгуулага тараад том, жижиг олон цирктэй болсон болохоор нэгдсэн гэдэг нэрийг нэмж орцуулсан. Би мөн өөрөө “Эхо Азия” олон улсын циркийн фестивалийн шүүгчээр ажилласан.
-Тийм үү? Ямар шүүгчидтэй хамтран ажиллав?
-Санктпетербург хотын Санкт-Петербургский Государственный циркийн дарга Григорий Павлович Гапонов гэж хүн шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан. Сонирхуулахад тэрбээр 40 жилийн өмнө Улаанбаатарт цэргийн алба хашсан юм билээ. Мөн Оросын нэрт алиалагч Юрий Никулины нүүдлийн циркийн дарга, Росгосциркийн фестиваль хариуцсан менежер гээд Оросын томчуул ирж шүүгчээр ажилласан. Дээрх циркүүд чинь дэлхийд том, зангарагтай циркүүд шүү дээ. Орос доторх болон Европ дахь асуудлыг гадныхан зөвхөн дээрх гурван цирктэй харьцаж зохицуулдаг. Түүнчлэн, Казакгосциркийн уран сайхны удирдагч Валихан гээд таван шүүгч ажилласан.
-Нийт хэдэн орны хэчнээн жүжигчид өрсөлдсөн бэ?
-Казакстаны дөрвөн том хотод суурин цирк байна. Тэдний циркийн жүжигчид оролцсон. Казакстанд гурван сарын өмнө 2000 хүний суудалтай суурин хамгийн отгон цирк нь үүдээ нээсэн байх жишээтэй. Узбек, Киргиз, ОХУ-ын цирк, “Санкт-Петербургын цирк”, “Росгосцирк”, “Никулины цирк”, БНХАУ, Беларусь, Монгол гээд найман орны 60 гаруй жүжигчид өрсөлдсөн. Гранпри шагналыг ОХУ-ын утсан дээр явдаг баавгайтай үзүүлбэр авсан бол алтан медалийг Ленинградын савлууртай үзүүлбэр, манайх, мөнгөн медалийг Казакус цирк, Узбекистаны циркчид, хүрэл медалийг Киргизстан, Узбекстаны циркийн жүжигчид хүртсэн.
-Олон улсын тэмцээн уралдаанд оролцох нь өөрийн орны төвшинг мэдэх бас харилцан туршлага солилцох гээд олон давуу талтай. Энэ удаад циркийн төрөлд ямар шинэлэг зүйлс нэмэгдсэн бэ?
-Тэмцээн болно гэдэг чинь одоо циркийн төвшин аль улсад ямар байна, ямар шинэ трук нээв, ямар шинэ тавилт, шинэ жүжигчин гарч ирэв гэдэг тэр бүхнийг нээж олох, тодруулах бие биенээсээ суралцах, тэгээд энэ тэмцээний нөлөөгөөр тэр улсын нэр хүнд дээшлэх тийм л зорилготой шүү дээ.
Улс бүрэн өөр өөрийн онцлог, үндэсний урлагаа түшин давуу талаа түлхүү хөгжүүлдэг. Жишээ нь, манайх уран нугаралтаа өмнө нь зөвхөн дангаараа нэг хүн шүдээрээ зууж, нуглардаг байсан бол одоо давхарлаж, хажуу тал руугаа нисэх гээд хөгжөөд байгаа шүү дээ. Энэ удаагийн тэмцээнд хамгийн олон үзүүлбэрийг Казакын дөрвөн циркийн жүжигчид үзүүлсэн. Тэд давах шат гэдэг үзүүлбэрийг үзүүлсэн. Үүн дээр өөр шинэлэг гайхалтай зүйлсийг үзүүлсэн. Энэ л тэдний нүүр царай болсон үзүүлбэр. Толгой дээрээ гурван давхар хүн аваад явж байх жишээтэй. Үүнээс л бид уран бүтээлийн олзтой, ийм трук хийж болдог юм байна, энэ төрөлд үүнийг ингэж ашигладаг юм банйа гээд суралцаж байгаа шүү дээ.
-Мэдээж улсынхаа нэрийг олон улсын төвшинд дуурсагаад ирнэ гэдэг бол том ажмилт. Та нарт яг энэ асуудал дээр улсаас ямар нэгэн байдлаар төсөв хөрөнгө гаргаж явуулдаг уу? Ер нь харж үзэх юм нь хэр байх уу?
-Анх бид харж үзэхгүй байна, хэн харж үзэх ёстой юм бол гээд учраа олдоггүй л явдаг байлаа. Төр засаг харж үздэг зүйл дээрээ харж үздэг гэдгийг бидэнд мэдрүүлсэн. Бид өнгөрсөн жил Монте Карлогийн циркийн наадамд оролцоод акробатын төрлөөр анх удаа дэлхийн томчуултай өрсөлдөн “хүрэл алиалагч” цом хүртээд ирэхэд төр засаг өгдөг тэр хууль, журмынхаа дагуу шагналаа өгсөн. Бид 34 сая төгрөг хувааж авсан. Хэдийгээр тэр мөнгө бидний гаргасан зардал, бэлтгэл сургуулалтын зардалд хүрээгүй ч төр засгийн хишгийг амталж, үзсэн. Тэр бол цензуртай юм байна. Монте Карлогийн тэмцээн бол “А” зэрэглэлийнх, сая оролцоод ирдэг тэмцээн бол “Б” зэрэглэлийнх. Монте Карло, БНХАУ-д болдог хоёр том тэмцээн нь зөвхөн “А” зэрэглэлийнх. Бид энэ л тэмцээнүүдэд хүчээ үзүүлж чадах юм бол төр засаг мөнгө өгдөг. Бусад тэмцээнд бол анхаарах юм байхгүй, бид “дуртайдаа” гэдэгтээ л явж байгаа юм. Үүнд явсанаараа бид Монголоос тасарчихсан байсан Дундад Азид нэрээ эргэн сэргээж авчирсан гэсэн нэр л үлдэх юм даа. Казакстан, Узбек, Киргиз, Азарбайжанчууд биднийг “Өө, Монгол чинь юу билээ. Холбоо тасарчихсан байсан. Одоо байдал ямар байна. Танай тоглолтыг үзэхэд сайхан байна. Энэ хэмжээгээрээ танай улс хөгжиж байгаа гэж ойлгож байна” гээд бидэнтэй харилцаж байлаа. Тэгэхээр урлагаар дамжиж урлагийг тодорхойлно гэдэг чинь энэ юм байна л даа гэсэн ойлголтыг авч байлаа. Тэрнээс биш 1990-ээд оноос хойш Дундад Азитай Монгол чинь холбоогоо тасалчихсан юм байна шүү дээ.
-Найман орны циркчид өрсөлдлөө. Тэд бол өөрийн гэсэн цирктэй, бүх бэлтгэлээ базаачихсан байсан болов уу? Танай циркийн тухайд хаана, яаж бэлтгэлээ хийв?
-Мэдээж шүү дээ. Бүр хамгийн отгон цирк гээд байгаа гурван сарын өмнө нээлтээ хийсэн Казакстаны цирк жүжигчин байдаггүй. Танайхаас багш нар, жүжигчид авья. Энд хэдэн жүжигчин суурин байлгаач, бусдыг нь явуулдаг байхаар хамтран ажиллая, манай жүжигчин болгооч гэсэн. Тийм л дураараа байна шүү дээ. Цоо шинэ цирк байгаад байдаг. Жүжигчин алга гэхээр атаархсан шүү. Бид нар чинь спорт заал түрээслээд бэлтгэлээ хийгээд явж байдаг шүү дээ. Миний атаархлаа гээд байгаа чинь нэг зүйлийг хэлээд байгаа юм. 1990 онд Казакстан Монгол хоёр адилхан л Оросоос чөлөөлөгдөн хараат байдлаас гарсан ч өнөөдөр яаж хөгжив гэдэгт бүх зүйл байгаа юм. Түүнээс бид АНУ, ОХУ-ын олон зуун жил хөгжөөд ирсэн мундагуудтай 70 жил хөгжсөн өөрсдийгөө харьцуулаагүй шүү дээ. Би Астана хотын гудамжаар явахад өнөөдөр ЗХУ-ын үлдээсэн нэг ширхэг ч байшин барилга байгаагүй. Өөрөө өөрөөрөө хөгжиж чаддаг юм байна гэдгийг харсан. Тэнд барьсан нисдэг таваг шиг цирк өөр хаана ч байхгүй, тэр бүхэнд л атаархсан болохоос чадваргүйдээ давчдаад, үхэх гээд байсан зүйл алга. Хөгжиж, хийж болдог юм байна гэдгийг л өөрийн нүдээр хараад ирлээ.
-Манайх дугуй дээвэртэй ганц цирктэй. Тэнд та нарт бэлтгэл хийх боломж олдоггүй юм уу?
-Тэнд чинь адилхан циркчид л ажиллаж байгаа шүү дээ. Би орой болохоор гэртээ л харьж унтана, танайд очиж унтахгүй. Тэр тусдаа ам бүл, бид тусдаа ам бүл.
-Дээр дурьдсан Монголын циркчдийн нэгдсэн холбоонд нийт хэдэн цирк харьяалалтай байдаг юм бол оо?
-Хувийн цирк, студи, уран нугаралтын төв, акробатын төв гэсэн циркийн арга хэмжээ зохион байгуулдаг нийт найман байгуулага бий.
-Яг ямар ажлуудыг энэ холбооноос хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна?
-Циркчдийн нэгдсэн холбоо нь энэ олон тарсан бутарсан циркийг нэгтгэж, бодлого санааг нь хооронд нь уялдуулж, уран бүтээлийн чиг зүгээ төлөвлөгөө, бодлогоор тодорхойлж, энэ төрөл дээр энэ төв анхаараач ээ, тэр төрлийг тэднийг хийгээч ээ, циркийн жүжигчин тэдэн наснаас нь бэлтгэе гээд ирэх тав, арван жилийн дараагийнхыг харсан уран бүтээлийн төлөвлөгөөтэй ажиллах үндсэн гол чиглэлтэй байгууллага шүү дээ. Өмнө нь циркчдийн холбоо л гэж байсан. Одоо бол нэгдсэн холбоо болтлоо олон болсон байна. Энэ бүгдийн л чиг жугамыг барьж ажиллаж байна. Төр засгаас циркийн урлагтай харилцаж бодлого боловсруулахдаа энэ Монголын циркчдийн нэгдсэн холбоотой харилцах нь байна шүү дээ. Түүнээс биш энэ студи, тэр циркийн төв, чөлөөт уран бүтээлчтэй харилцаад байвал хэцүү биз дээ. Тэгэхээр циркчдийн нэгдсэн холбоотой төр засаг нь харилцдаг, соёл урлагийн бодлого, циркийн урлагийн ирээдүйг ярьдаг, тэгээд цааш нь студи төвүүдтэй манай холбоо харилцдаг уялдаатай болох юм.
-Холбооноос БСШУЯ-нд ч юм уу, төр засагтаа бидэнд ийм асуудал байна гээд хандаж байв уу?
-Хандаад ярьж, асуудлаа танилцуулж байгаа. Бид циркчдийнхээ чиг шугамыг барьж тодорхойлмоор байна, дорвитой ажлуудыг хийж, олон циркчдийг нэгтгэж байна гээд хөөцөлдөж байгаа. Гэхдээ бид бүх циркчдийг гүйж ирээд манай гэрт орчих гэж байгаа юм биш шүү дээ. Гэр гэртээ байцгаа, гэхдээ холбоотойгоо харилцаатай байгаарай. Холбоо чинь асуудлыг зохицуулдаг, дээш нь дэвшүүлж өгдөг, дээд үгийг та нарт хүргэдэг л болгоё гээд байгаа юм.
Төр засгийн байгууллага, яам, тамгын газар дорвитой бодлогыг нэн даруй явуулах шаардлагтай байна. Тэгэхгүй бол циркийн урлаг яг нэг ирмэг дээр нь тэсч ядан унахад бэлэн байна шүү дээ. Циркчдийг дэмжих цаг нь болсон л гэж бодоод байгаа шүү.
-Манайд циркийн урлаг хөгжлөө ч гэсэн үнэлэмж бага гэсэн утгаараа гадагшаа их гардаг уу?
-1990 онд социалист байгаад задарсан улсын чадалтай бүх циркчид гадаад руу тэр тусмаа Америк руу их явсан үе бий. Одоо бол тэр үе шиг дүрвэх асуудал байхаа больсон шүү дээ.
-Гэхдээ 1980-аад онд амралтын өдрийг тэсэн ядан хүлээн бөмбөгөр дээвэртэй циркийг зорин очиж, тоглолт үзэн завсарлаад орох хонхыг нь тэсэн ядан хүлээж, алиалагч нарыг харж баясдаг байсан. Одоо цирк ажиллахаа бараг л больчихсон гэхэд хэлсдэхгүй болов уу? Танайд харьяалагддаг тэр жижиг циркийнхэн яагаад дотооддоо тоглолт ховорхон хийдэг юм бэ?
-Гадаад руу хэсэг хугацаагаар тоглолтоор яваад ирнэ л дээ. Дотооддоо бид нар байнга л хөдөө орон нутгаар тоглоод явж байгаа шүү дээ. Хүмүүс надаас ямар машинтай вэ гэж их асуудаг юм. Би микроавтобустай. Түүндээ хэдэн жүжигчдээ суулгаж аваад орон нутгаар тоглоод явдаг. Би заавал хотод тоглох ёстой юм уу. Орон нутаг адилхан л цирк үзэх сонирхолтой малчин ардын хүүхэд байгаа шүү дээ. Бид тэдэнд үйлчилж байгаа. Хамгийн сүүлд хүүхдийн баяраар Архангай аймагт тоглоод ирсэн. Хотод тэр суурин гэр оронтой хүмүүс нь циркээ үзүүлнэ биз.
-Танайд гэр оронтой болох боломж хэр байна аа?
-Болох л байлгүй дээ. Таван орцтой байшингийн тавууланд нь дэлгүүр байдаг биз дээ. Түүн шиг л хэд л бол хэдэн цирктэй байж болно шүү дээ.
-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Бид тун удахгүй Өвөрмонголын наадмын нээлтэд 20 минутын үзүүлбэрээ толилуулах гэж байгаа. Тэнд ч бас бид Монголын арт түмнээ л баясгах гэж байна шүү дээ.
– “Circus Mongolia Khadgaa” цирк нийт хэчнээн жүжигчинтэй бэ? Ер нь гадаадад голчлон урилгаар тоглоно биз?
-52 жүжигчинтэй. Урилгаар ихэвчлэн тоглоно. Өөрсдийнхөө бүтээлийг хэр үнэлүүлж чадна түүгээр л явж байна. Гол юм чинь циркэд бол орчин нөхцөлөө дагаад гадаад харилцаа шүү. Бид дуртайдаа л өөрийнхөө циркийг хийнэ гээд сургуулийн заал түрээслээд бэлтгэлээ хийгээд явж байгаа. Хүний нөлөөллөөр биш өөрийнхөөрөө яваадаа өнөөдөр буруудсан зүйл алга. Монголын цирк 70 жил хөгжихдөө хэзээ ч Монте Карлод 12 жүжигчний зардлыг даагаад аваачиж байгаагүй. Би баяндаа биш, дуртайдаа л цирк тоглож яваа учраас энэ бүхнийг хийж байна.
-Таныг “Circus Mongolia Khadgaa” циркт даргаас аваад цэвэрлэгч хүртэл бүх албыг хашдаг гэж сонссон?
-Тийм шүү, би дарга, нягтлан, менежер, жолооч, тасалбар борлуулагч, хөтлөгч, цэвэрлэгч гээд бүх ажлаа өөрөө хийдэг. Сая Астана хотын циркэд очоод тоглож байхад ОХУ-ын нэг цирк л гэхэд дөрвөн нягтлан бодогчтой байх жишээтэй. Би бол циркт дуртайдаа л энэ бүхнийг хийж яваа.