Сөрөг хүчин довтолгоонд орсноо зарлав

Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

Сөрөг хүчин довтолгоонд орсноо зарлав

Сүүлийн 17 сарын дотор хамгийн ширүүн байлдаан Сирийн нийслэл Дамаскт босогчид ба армийн хооронд болов. Даваа гаригийн өглөөний мэдээгээр босогчид бэхжиж авсан Дамаскийн хэд хэдэн районд зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн байна. Арми өдөржин байлдаад ч босогчдыг тэдгээр районоос шахаж чадсангүй.

Гэрч нарын яриагаар нийслэлийн зарим дүү­рэг жинхэнэ байлдааны талбар болжээ. Эхний мэ­дээгээр наад зах нь зургаан энгийн иргэд үрэгдсэн ба сөрөг хүчний талын мэдээгээр сүүлийн хоногуудад зуу гаруй хүн алагдсаны 48 нь энгийн иргэд, сөрөг хүчнийхэн болон цэргийнхэн байжээ.

Босогчдын Сирийн чөлөөт арми Засгийн газрын цэргийн эсрэг бүх орон даяар бүрэн хэмжээний довтолгоонд орж буйгаа зарлав. Энэ тухай мэдэгдлээ босогчид долдугаар сарын 17-ны орой тараасан тухай Agence France-Presse дамжуулжээ. Мэдэгдэлд тэмдэглэснээр, довтолгооныг даваа гаригийн оройн найман цагаас эхлүүлжээ. Үүнийг Башар Ассадын дэглэмийн үйлдэж байгаа “аллага ба бүдүүлэг гэмт хэрэгт нь өгсөн хариулт” гэв. Шинэ тактикийн дагуу Сирийн чөлөөт армийн дайчид Засгийн газрын цэргийн хот сууринуудад байгаа байрлалд өргөн цар хүрээтэй довтолгоон хийж, буулгаж авах буюу устгах гэнэ. Үүний зэрэгцээ Сирийн чөлөөт арми нь Ассадын хамсаатан болох хөрш орнуудын зэвсэгт бүлэглэлийг өөрсдийн “хууль ёсны эсрэг тал” хэмээн үзнэ гэсэн байв. Тухайлбал, Ливаны “Хезболлах” хөдөлгөөн ба Ираны хувьсгалын манаа байгууллагын отрядууд энд хамаарч байна.

Өмнө мэдээлж байснаар хоёр хоногийн ширүүн тулалдааны дараа босогчид Дамаскийн хоёр районд байр сууриа бэхжүүлж чадсаныг 17-нд мэдээлсэн байлаа. Засгийн газрын цэргийн төлөөлөгч нийслэл болсон байлдааныг үгүйсгээгүй бөгөөд “Террористууд хэзээ ч Дамаскийг авахгүй” хэмээн мэдэгджээ. Энэ үеэр Ираны ISNA агентлагийн дамжуулсан мэдээнд Тегеран босогчид ба Засгийн газрын хооронд хэлэлцээр хийхэд нь зуучлахад бэлэн гэж мэдээлжээ.

Дашрамд дурьдахад, НҮБ ба Арабын лигийн орнуудын тусгай элч төлөөлөгч Кофи Аннан Москвад хоёр хоногийн айлчлал хийн Лавров, Путин нартай хэлэлцээр хийжээ. Ажиллагааны групп гэсэн бүлгийн хоёрдугаар хуралдааныг Москва, Женев хоёрын аль нэгэнд хуралдуулах асуудлыг оросууд гол болгон ярилцжээ. Сирийн асуудлын ажиллагааны групп гэгчийн Женевын хуралдаанаар тохиролцсон яриаг хэлцлийг зүгээр орхихгүй гэдгээ Лавров хэлсэн байв. Мөн оросууд НҮБ-ын ажиглагчдын мандатыг гурван сараар сунгахийн төлөө байгаа юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж