Есөн сарын настай 6,8 тэрбумын зам

Хуучирсан мэдээ: 2012.07.18-нд нийтлэгдсэн

Есөн сарын настай 6,8 тэрбумын зам

Сансрын шатахуун түгээх станцаас Дарь-Эх чиглэлд өгсөөд хэдхэн км яваад л эвдэрч, томоос том нүхтэй болсон зам, хагарч бутарсан боржууртай таарлаа. Энэ чиглэлийн жолооч нарын ур чадварыг шалгадаг байсан, одоо ч хэвээрээ. Энэ жил хур бороо ихтэй болоод ч тэр үү, замаар дүүрэн ус.  Замын хажуугаар алхана гэж  санасны ч хэрэггүй. Шууд л шаварт сууна. Ус зайлуулах шугамгүйгээс үерийн ус замын хажуугийн айлуудын хашаа руу орж ёстой хашаандаа “живж” байгаа харагдана. “Живсэн” айлын хүмүүс гэртээ орж, гарахад хүндрэлтэй, ус дагаад хог, бохироор хашаа нь дүүрч, эзэд нь бухимдлаар дүүрэн угтав. Дарь-Эхийн 26-р гудамжны эхний айлын эзэн хашааныхаа үерийн усыг зайлуулж зогсохтой таарлаа. Тэрээр хэлэхдээ “Бороо орох болгонд гэртээ орж, гарч чадахгүй ус шавраар дүүрээд байх юм. Байшинтай айлууд ч яах вэ гэхэд гэртэй айлууд нь урсчих гээд байх юм. Үерийн ус зайлуулах шугам гэж энэ замд лав байдаггүй юм шиг байна лээ. Үүнээс нь болж бид хохироод байна шүү дээ” гэж угтав. 

Энэ мэт зовлон Дарь-Эхийн замын зүүн талын гудамжны айлуудад тохиолдож буй аж. Саяхан Дарь-Эхэд 11 айл үерт урсч, орон гэргүй болсон. Албаныхны 6,8 тэрбум төгрөгөөр зам зассан гавьяа нь Дарь-Эхийнхний зовлон болсон гэхэд болно.

Замын нүхэнд орж, машинаа эвд­лэх­гүй гэсэн жолооч нарын айдас урт дараа­лал үүсгэж, явах бус зогсоно. Үүнээс өөр замгүй хойно жолооч нар ч эвлэр­чихсэн харагдана.

Уг нь энэ замыг одоогоос есөн сарын өмнө шинэчлэн засварласан. Зас­вар­лахдаа явган хүний замтай, гэрэл­түүлэгтэй, ус зайлуулах шугамтай, ши­нэ технологиор барина гээд татвар төлөгчдийн халааснаас 6,8 тэрбум төг­рөг “суйлсан”. Тухайн үедээ гүйцэтгэгч компани нь төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулж чадаагүй, замын хажуугийн боржуурийг дахин сольж мөнгө угааж байна гэх олон хэл ам дагуулж байлаа.  Замаа нээхдээ “Сайн зам болсон” гэх гурван үгийг албаныхан залхтал улигласан. Харин тэдний сайн замын чанарыг усархаг аадар бороо шалгачихлаа. Цаг агаарын эрс, тэс уур амьсгалтай монголын уур амьсгалд тааруулаад зам хийж чадахгүйг албаныхан хэлдэг ч борооны ус даахгүй есөн сарын настай зам хийхийн тулд 6,8 тэрбум төгрөг үрээгүй байлтай. Үүний буруутан нь бороо лав биш. Харин хариуцлагыг хэн үүрэх вэ.

Энэ чиглэлийн иргэдийн шүдний өвчин нь зам байсан одоо ч адил. Зам муутайгаас өвөл нь халтиргаа гулгаа ихтэй, зун нь тоосжилтоор тамладаг байсан. Харин өнгөрсөн жил Дарь-Эх чиглэлийн иргэдийг олон сарын турш зам хааж, шороо тоосонд даруулан бухимдаж байснаа умартаж байсан юм. Гэтэл энэ зам есөн сарын дараа хагарч, бутарч эхэлжээ.Хамгийн сүүлд 2009 онд зассан ч хуучир, элэгдэж шороон зам болж, жолооч нарын там байсныг өнгөрсөн жил нийтэд нь шинэчлэх төлөвлөгөөнд орсон юм. Энэ замыг 6,8 тэрбум төгрөгөөр шинэчилсэн юм.

Дарь-Эхийн чиглэлийн  6.7 км авто замыг анх 1979 онд барьж ашиглалтад оруулж байсан. Одоогоос есөн сарын өмнө Сансарын Шатахуун түгээх станцаас Дамбадаржаа хүртэлх 6.7 км, Дамбын замаас Сэлбийн зүүн эргээр Шадивлан хүртэлх 6.7 км авто замууд нээгдлээ гэх мэдээг сонсч байсан.  Долоон метр өргөнтэй байсан энэ замыг есөн метр болгон өргөсгөж, 2.25 метр өргөнтэй явган хүний зам, гэрэлтүүлэг тавин нээнэ гэж байсан ч одоо болтол гэрэлтүүлэггүй харанхуй замаар бүдчиж яваа. өмнө сонсч байсан. Зам засварын ажил эхлэхээс өмнө иргэдийн зүгээс ч замыг хурдхан засаасай гэх хүлээлт үүсч, бороо ихтэй үед маш их шалбааг тогтож, замын хажуугаар явах аргагүй болдог. Харин бороо ороогүй үед түүнээсээ ч дор. Маш их тоос босдог” хэмээн гомдоллож байсан нь өнөөдөр ч хэвээрээ байна.  Жолооч нарын там болсон энэ зам зассанаасаа ялгаагүй байгааг хэлэх хүн олон байлаа.


Жил бүр нийслэл, улсын төсвөөс хөрөнгө гаргаж, энд тэнд зам хааж, түгжрэл үүсгэж хийдэг замын ажил одоо ч үргэлжилж буй. Энэ мэт хэл ам араасаа дагуулаад байдаг энэ “зовлон” хэзээ өөрчлөгдөх бол гэдэг нийслэлийнхний хариулах эзэнгүй асуулт. Эвдэрсэн замын хариуцлагыг хэн хүлээх вэ, нийслэлийн Авто замын дарга аа. Хамгийн гол нь эвдэрсэн замаа жил бүр засахаасаа илүү эвдрэлгүй хийдэг чанартай зам хэзээ хийдэг болох вэ. Хариулах эзэнгүй асуултын хариугаа нэхэх хүн олон байгаа биз ээ.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж