Хэрэв Европийн орнуудын гол удирдагч нар өнөөгийн нөхцөл байдалд тохирох шаардлагатай арга хэмжээг нэн даруй авч чадалгүй алгуурласаар байх юм бол хямралт нөхцөл байдал улам ч дордож дэлхийн эдийн засгийг сэргээх боломж бараг байхгүй гэж ОУВС дүгнэжээ. Жилдээ хоёр ч удаа ОУВС-аас эрхлэн хэвлүүлдэг “Дэлхийн эдийн засгийн хөгжлийн төсөөлөл” тайлангийн энэ удаагийнхад дурдахдаа, “Асар их эрсдэл одоо ч нүүрлэсээр байгаа бөгөөд гол шалтгаан нь хожимдсон, хангалттай биш улс төрийн шийдвэрүүдээс болж байна” гэжээ. Мэдээж улс төрийн ийм хариуцлагагүй шийдвэрүүдийн гол буруутныг Евробүсийн орнуудаас тодруулж байгаа хэрэг. Евробүсийн удирдлагууд тус бус нутагт үүсээд байгаа өрийн хямралын “давалгааг” зогсоож, европийн зах зээлүүдийг дампуурахаас сэргийлэх дараагийн шатны арга хэмжээ авах хүртэл Евробүсийн орнууд өнөөгийн тогтворгүй байдалдаа хэвээр үлдэх болно гэж ОУВС-ийн тайланд онцолсон байна. ОУВС-ийн судалгаагаар бол Европын 17 орныг нэгтгэсэн Евробүсийн орнуудад эдийн засгийн өсөлт нь энэ онд гэхэд 0.3 хувиар буурч байгаа бол ирэх жил буюу 2013 онд бүр 0.7 хувиар буурах ажээ. Хэдийгээр ОУВС Европын төв банктай хамтраад дэлхийн эдийн засгийг “хөлдөө чирээд” байгаа Грек, Португаль, Испани зэрэг орнуудын засаглалын тэргүүн нарыг нэн яаралтай эдийн засгийн хатуу бодлого хэрэгжүүлэхийг шаардсаар байгаа бөгөөд зөвхөн ийм нөхцөлд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Хэрэв дээрхи нөхцөлийг хүлээж аваагүй тохиолдолд санхүүгийн хямралаас болж олон сая хүн ажилгүй болсоор байгаа ба байдал цаашдаа нийгмийн хямралд ч хүргэхээр болоод байгаа аж. Нөгөө талаар тогтворгүй байдлаас үүдэж банкин дахь хадгаламжаа буцаан татах үзэгдэл газар авч мэдэхээр байгаа юм. Хэрэв ийм “буум” (boom) дэлбэрвэл олон улсын санхүү банкны систем жинхэнэ дампууралд орох нь тодорхой.
Энэ бүхнээс урьдчилан сэргийлэхийн тулд Европийн удирдлагууд зарим арга хэмжээг авч эхэлсэн ч үр дүнд хүрэхээр хангалттай биш гэж ОУВС үзжээ. Тус сангийн зүгээс Евробүсийн орнуудын санхүүгийн тулгуур бүтцүүдийг бодит үйл ажиллагаа болон удирдлагынхаа хувьд одоогийхоосоо илүү нэгдмэл байх шаардлагатай гэж шүүмжилж байгаа юм. Өнөөгийн хямралаас гаргах гол тулгуур нь болоод байгаа ОУВС-ийн энэ шүүмжлэлийг Евробүсийн орнууд хүлээн авч өөрчлөлт хийхийг чармайж байна. Саяхан европийн орнуудын удирдагч нар татварын болон банкны системийг нэгдмэл бүтцэд оруулах төлөвлөгөөг дэмжижээр тохиролцсон байна. Гэвч ийм бүтцийг бий болгох ам тохиролцооноос ажил хэрэгт хүргэхийн тулд ямар хугацаа орохыг хэн ч мэдэхгүй байгаа аж. Гэхдээ ОУВС-ийн зүгээс шахалт үзүүлж, ганцхан Европ ч биш, АНУ ч мөн тодорхой хэмжээний шүүмжлэл хүртээд амжсан байна. ОУВС-ийн зүгээс АНУ-ын хууль тогтоогчдыг энэ оны эцэс гэхэд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа бүх төрлийн татварын хөнгөлөлтийг тэглэх тухай хуультай холбоотой мухардмал байдлаас яаралтай гарахыг шаардаж байгаа гэнэ. Энэ хуулийн гол анхаарал татаж байгаа агуулга нь цаашдаа АНУ-ын хөрөнгөлөг давхаргад татварын хөнгөлөлт эдлүүлсээр байх уу, үгүй юу гэдэг асуудал болоод байгаа аж. Энэ нэн чухал хуулийн асуудлаар АНУ-ын хууль тогтоогчид зөвшилцөлд хүрэлгүй удах нь тус улсын төсөвт хүндрэл учруулж, улмаар ирэх онд төсвийн алдагдал ДНБ-ний дөрвөн хувьтай тэнцэхүйц хэмжээгээр нэмэгдэж мэдэхээр байгаа аж.
Нөхцөл байдлал иймдээ хүрвэл АНУ-ын эдийн засгийн өсөлт зогсох бөгөөд дэлхийн бусад эдийн засагт үзүүлэх уршигт нөлөө нь ч их байх болно гэж ОУВС-ийн тайланд дурдсан байна. Энэ тайланд АНУ-ын эдийн засгийн өсөлт энэ онд 2 хувьтай байх бөгөөд ирэх 2013 онд 2.3 хувьтай байхаар таамагласан байгаа аж. Мөн хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн өсөлт энэ онд дунджаар 1.4 хувь байх ба ирэх онд 1.9 орчим байх болно гэж ОУВС тодорхойлсон байна. Хөгжиж буй орнуудын хувьд эдийн засгийн өсөлт бусдыгаа бодвол харьцангуй гайгүй байгаа ч урьд өмнөх онуудын өсөлттэй харьцуулахад илт буурч байгаа аж. Энэ онд хөгжиж буй орнуудын буюу Бразил, Хятад, Энэтхэг зэрэг орны эдийн засгийн өсөлт нь 5.6 хувь болон өмнөх онуудаас буурсан бөгөөд ирэх 2013 онд харин 5.9 хувьтай байхаар таамаглалыг ОУВС тайландаа тусгажээ. Өнгөц харахад эдийн засгийн өсөлтөө хадгалж байгаа мэт байгаа ч хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт,тэр дундаа голлох үүргэтэй орнууд болох Хятад, Бразил,Энэтхэгийн хувьд бусдаасаа илүү сааралттай байгаа гэж дүгнэж байгаа юм. Нэг хэсэг огцом цойлж, дээрхи орнуудыг дэлхийн эдийн засгийн хөдөлгүүр болгож байсан эдийн засгийн өсөлт нь ийнхүү буурах болсон шалтгааныг тус орнуудаас хөгжилтэй орны хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалтаа татаж байгаатай холбоотой гэнэ.
Гэхдээ хөгжиж байгаа орнуудын засаглалын зүгээс эдийн засгийн өсөлтөө зөв чигт барьж үүний зэрэгцээ нефтийн бүтээгдэхүүний үнийг хазаарлаж байгаа нь цаг үеэ олсон шийдэл байсан гэж ОУВС үзэж байгаа ажээ. Мөн дашрамд дурдахад ОУВС-ийн тайлан дахь цорын ганц сайн үзүүлэлт нь ирэх 2013 онд дэлхийн эдийн засаг дахь инфляцийн үзүүлэлт багасна гэсэн дүгнэлт байгаа бөгөөд барааны эрэлт тэр дундаа нефть бүтээгдэхүүний эрэлт багасан үнэ нь буурахтай энэ үзэгдэл холбоотой ажээ.