
Мадоннагийн тоглолтын үеэр тайзны ард LED дэлгэцэнд харуулсан дүрс бичлэг нь улс төрийн лидерүүдийг дүрсэлсэн зургуудаас бүрдсэн фото эвлүүлэг байжээ. Үүнийг Мадонна "Nobody Knows Me" дууны үеэр тайзны арын асар том дэлгэцээр үзүүлсэн байна. Бичлэгт Марин Ле Пений зураг аажмаар бүдгэрэн алга болж, дараа нь Германы Нацист намын удирдагч асан Адольф Гитлерийн зураг гарч иржээ. Францын Үндэсний Фронт намаас “Хэрвээ түүнийг энэхүү дүрс бичлэгийг Францад хийж буй аялан тоглолтынхоо үеэр дахин үзүүлэх юм бол хуулийн арга хэмжээ авна” гэдгээ анхааруулсан байна. Францын Үндэсний Фронт намын удирдагч Марин Ле Пен нь Үндэсний Фронтын анхны тэргүүн Жан Мари Ле Пенгийн охин юм байна. Мөн тэрбээр Францын 2012 оны ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр шатны санал хураалтад шалгарч байжээ. Үндэсний Фронт нам нь Францын гурав дахь том улс төрийн нам аж. Өнгөрсөн зургадугаар сард болсон сонгуулиар энэ нам 15 жилийн хугацаан дахь анхны парламентын суудлаа авсан бөгөөд намын хоёр гишүүн парламентад сонгогдсон байна.