Н.Энхбаярын хамт До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нар хуралд шүүгдэгчээр оролцоно. Мөн шүүх хуралд даргалагч шүүгчээр С.Соёмбо-Эрдэнэ, шүүгчээр М.Алдар, С.Оюунчимэг, улсын яллагчаар Е.Сагсай, О.Мөнхбаатар нар, харин өмгөөлөгчөөр Г.Оюунцэцэг, Л.Өлзийхүү, Ц.Цэрэнжээ, К.Бауржан, О.Сайнгэрэл нар ажиллах юм байна. Шүүгдэгчдийг Эрүүгийн хуулийн 150.3, 263.2, 243.2 дугаар зүйл ангиар буруутгажээ. Уг нь 150.3, 263.2 заалтыг зөрчсөн хэмээн үзэж, гэм буруутай эсэхийг шүүх байсан ч 243.2 буюу “Хуулиар хориглосон мөрийтэй тоглоом /казино/ тоглосон, түүнийг давтан зохион байгуулсан” гэх зүйл анги нэмэгдсэн байна. Энэ тухай Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүх хуралдааны зарын хэсэгтээ байрлуулжээ. Албаны хүнээс энэ талаар тодруулах гэсэн боловч Сүхбаатар дүүргийн шүүх мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Харин улсын яллагч Е.Сагсай дээрх зүйл заалт нь шүүгдэгч Ж.Мягмаржаргалд нэмэгдсэн, түүнд хамаатай болохыг хэлэв.
Эрүүгийн хуулийн 150.3-т “Бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн бол 263.2-т Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Харин мөрийтэй тоглоом тоглосон гэх 243.2 дугаар зүйлд эд хөрөнгийг хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан байна.