А.Эрдэнэ-Очир: Шалдан банди нарын хүссэнээр тийм ч амархан яруу найраг, утга зохиолоос хөөгдчихгүй байх

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

А.Эрдэнэ-Очир: Шалдан банди нарын хүссэнээр тийм ч амархан яруу найраг, утга зохиолоос хөөгдчихгүй байх

 – “Болор цом” наадам айрагдаж үзээгүй биш дээ, үзэгчдээс гарч байгаа саналыг нь хүндэтгэхийг хүссэн юм-

Монголын
зохиолчдын  эвлэлийнхэн шилдгүүдээ  шалгаруулж, багагүй хэл ам
дагуулаад буй. Ялангуяа  “Болор цом” наадам урьд өмнөх жилүүдээс
шинэлэг болно гэсэн зохион байгуулагчдын амлалт талаар болсон тухай
шүүмжлэл нэлээд гарч байна. 27 дахь “Болор цом” урьдын адил бас л нэг
шоу, тоглолт төдийхөн болж өнгөрсөн нь олон үзэгч, уншигчдын урмыг
хугалсан бололтой. Тиймээс “Болор цом” наадмын эргэн тойрон дахь
асуудлаар Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн, Яруу
найргийн үндэсний төвийн тэргүүн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч
А.Эрдэнэ-Очиртой ярилцлаа.

-“Болор цом-2009”
наадам үзэгчдийн сэтгэлд хүрсэнгүй. Монголын зохиолчдын эвлэлээс
наадмыг урьд өмнөхөөсөө илүү шинэлэг болно хэмээн амалж байсан?

-“Болор”цом”
бол уламжлалт наадам. Болдгоороо болж өнгөрсөн. Хэн нэгнийг буруутгаж,
хэн нэгнийг шүүн тунгаахаасаа илүү манай үзэгч, уншигчид яруу найргийн
талаар мэдлэг, мэдээлэлтэй болох хэрэгтэй байх. Eр нь жил жилд “Болор
цом” байнга хэл ам, шүүмжлэл дагуулдаг. Тэр ч авахгүй, энэ ч авах
байсан юм гэсэн үзэгч, уншигчдын хүсэлт, бас дээр нь наадамд өвдөг
шороодсон хүмүүсийн зүгээс гаргадаг зан л даа. Наадам болгон, шүлэг
болгон уншигч, үзэгч бүхэнд таалагдана гэж юу байх билээ. Нэг хэсэгт нь
таалагдаж байхад, нөгөө хэсэгт нь шүүмжлэлтэй санагдаж болно.

-Хөөдөөгийн
Эрдэнэбаатар түрүүлнэ гэдэг анхнаасаа тодорхой байсан юм биш үү. Гэхдээ
Х.Эрдэнэбаатараас илүү сайн шүлэгтэй  яруу найрагч  цөөнгүй  байсан шүү
дээ?

-Х.Эрдэнэбаатар бол сайн шүлэгтэй яруу
найрагч. Олон жил “Болор цом” наадамд шүлгээ уншиж байгаа хүн шүү дээ.
Шулуухан хэлэхэд, эрэмгий содон байгалийн яруу найрагч.  Яруу найргийг
ойлгоя гэвэл ядаж тэр хүнийхээ бүтээлүүдийг уншчихдаг байх хэрэгтэй.
“Болор цом” наадмын үзэгчдэд зөвлөхөд оролцож байгаа найрагчдын
бүтээлийг нь өмнө нь ядаж олоод уншчихсан бол элдэв хардлага шүүмжлэл
гарахгүй дээ. Яруу найргийг мэдэрч ойлгодог уншигч ховор доо. Хөдөөнөөс
ирж  “Болор цом” авч байсан хоёр хүний нэг нь би, нөгөө Эрдэнэбаатар. 
Нэг нь уулынх, нөгөө нь талынх.

-Энэ жилийн
“Болор цом” наадмыг яагаад 90-ээд оныхноор шүүлгэхээр болсон юм.
Ц.Хулан, Ц.Бавуудорж, Б.Галсансүх, гээд л. Тэд мэдээж 90-ээд оныхондоо
л “Болор цом” гардуулах нь ойлгомжтой?

-Монголын
зохиолчдын эвлэлээс “Болор цом” наадмын хэлбэрийг нь өөрчилж, янз
бүрээр зохион байгуулахаар оролдож байгаа л даа. Наадмыг ивээн тэтгэсэн
“Аса” циркийн удирдлагууд болон  манай зохиолчдын эвлэл хоорондоо
ярилцаад “Болор цом”-ын эздээр шүүгч хийлгэхээр санал нэгдсэн. Яг
үнэндээ бол яруу найргийг яруу найрагчид л  жинхэнэ утгаар нь мэдэрч,
ойлгож дүгнэж чадах юм. Наадмыг арай өөрөөр хийж болно. Оролцож байгаа
хүмүүсийн шүлгүүдийг сонин хэвлэлээр гаргаад уншигчдаас санал авах
маягаар зохион байгуулж болох юм. Гэхдээ бас л нэгэн тeлeвизийн шоу
төдийхөн болоод өнгөрөх нь ойлгомжтой. Уншигч, үзэгчид дахиад л хардаж,
сэрдэж шүүмжлэх нь тодорхой.

-Шулуухан асуухад “Болор цом” наадмыг шударгаар шүүсэн гэж та бодож байна уу. Олон үзэгч үүнд эргэлзэж байгаа?

-Шударга шүүсэн. Үүнд эргэлзэх юм байхгүй.

-Eрээд оныхноос “Болор цом” аваагүй найрагч үлдсэн үү?

-Мэдэхгүй,
би тоолж байгаагүй юм байна. Eр нь бол “Болор цом”-ыг ээлж дараатай
олгодог гэж хүмүүс ойлгоод байх юм. Өнөөдөр Монголын яруу найргийн
шударгаар хэлэхэд eрээд оныхон л нуруун дээрээ үүрч яваа. Ц.Бавуудорж,
А.Эрдэнэ-Очир нар залууст байраа тавьж өгөх хэрэгтэй гэсэн шүүмжлэл
гардаг л даа. “Шалдан банди” нарын хүссэнээр  бид тийм ч амархан яруу
найраг, утга зохиолоос хөөгдчихгүй л байх. “Болор цом”-ын тайзнаас хөөж
болно, харааж болно. Харин их утга зохиолоос бол зайлуулж чадахгүй.
Тэртээ тэргүй eрээд оныхон утга зохиолд нас биe ид жигдэрч байна. Бид
нарын цаг үe ингэж таарч байгаа болохоор eрээд оныхон ээлж дараатай
“Болор цом” авч байна гэх шүүмжлэх нь буруу.

-Үзэгчид
Ш.Гүрбазар найрагчийг айргийн тавд үлдэх ёстой гэсэн байр сууриа
илэрхийлсэн. Та түүнд боломж олгохыг хүссэн.  Яруу найрагч Ш.Гүрбазар
үнэхээр сайн шүлэгтэй байсан учраас та өөрийнхөө оронд шүлэг уншуулах
санал гаргасан уу, эсвэл өрөвдөө юу?

-Үзэгчдийг
л хүндэтгэсэн. Түүнээс бус Гүрээ ахыг өрөвдсөндөө, эсвэл шоудах
гэсэндээ тэгсэн юм биш. “Болор цом” наадам айрагдаж үзээгүй биш дээ,
үзэгчдээс гарч байгаа саналыг нь хүндэтгэхийг хүссэн юм. Үзэгчдийн ааш
араншин олон янз. Зарим нь нэг гоё үнэт эрдэнэ шиг шүлэг хүсч байхад,
зарим нь сүржигнэсэн шүлэгт дуртай байх жишээтэй.

-Хэрвээ Ш.Гүрбазарт шүүгчид таны оронд шүлгээ унших боломж олгосон бол түрүүлэх байсан болов уу?

-Үгүй
л болов уу. Шүлгийн хувьд Х.Эрдэнэбаатар, Гүрээ ах хоёр тэс өөр шүү
дээ. Гүрээ ах шүлгээ их гоё  уншдаг. Нэг ийм онигоо байдаг юм. “Хоолны
мeню” аваад уншихад нь хүртэл алга ташмаар гэж.

-Энэ
жилийн хувьд уянгын аястай шүлгүүд давамгайлсан санагдсан. Зарим жилийн
“Болор цом”-д уриа лоозон маягийн шүлгүүд их байдаг?

-Нэг
хэсэг хийрхсэн, улстөржсөн шүлгүүд давамгайлдаг байлаа. Харин энэ
жилийн хувьд эх орон байгалийн аястай уянгын шүлгүүд давамгай
ажиглагдаж байна лээ. Гэхдээ сайн шүлэгтэй залуус цөөхөн байсан. Он цаг
тэртээ тэргүй өөрөө шүүчихдэг юм даа. Ясны хэд нь их утга зохиолд үнэнч
үлддэг юм.

-Энэ жилийн “Болор цом” наадмын үeэр Ш.Гүрбазар зодог тайлж, П.Бадарч дахин хөтлөгч хийхгүй гэдгээ зарласан?

-Гүрээ
ах зодог тайлах болсон шалтгаанаа үзэгчдийн өмнө өөрөө тайлбарласан шүү
дээ. П.Бадарч ахын хувьд олон жил “Болор цом”-ын хөтлөгч хийлээ. Олон
жил Бадарч ахаар нүүрээ тахалсан байна, Монголын зохиолчдын эвлэл.
Үзэгч, найрагчдын уур амьсгалыг маш сайн холбож өгдөг, мэдэрч ойлгодог
хүн. Гоё хоолойтой, сайхан залуугаар хөтлүүлж болно л доо. Нөгөө “Эрхэм
зохиолч Богд Зонховаг тайзнаа урья” гэдэг шиг л юм болох байх.

-“Болор цом”-ын эздээс ганцхан та л жил жилийн наадамд хүлгээ  сойдог. Бусдынх нь хувьд цом аваад сэтгэл нь ханачихдаг бололтой?

-Олон
жил “Болор цом”-д шүлгээ уншиж байна. 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл
“Болор цом”-д шүлгээ уншаад л явж байгаа. Үзэгчдээ, уншигчдаа л
хүндэтгэж, шинэ шүлэг, шинэ бүтээлээ хүргэхийг хүссэн.  Энэ жилийн
хувьд намайг шүүгчээр ажиллах санал тавьсан. Наадамд шүлгээ уншаач
гэсэн хүсэлт ч бас давхар ирсэн. Наадам болохын өмнөх өдөр л “Болор
цом”-д шүлгээ унших шийдвэр гаргасан  л даа.  Боломж олдвол “Болор
цом”-доо шүлгээ уншсаар л байх болов уу.

-Яагаад боломж олдвол гэж?

-Ц.Бавуудорж, А.Эрдэнэ-Очир, eрээд оныхон тайзнаас зайлаач ээ гээд хөөчихгүй бол шүү дээ.

-“Болор
цом”-д уншиж буй шүлгүүдийг чинь сонсоход сүүлийн үeд та хайрын тухай
шүлэг бичихээ больсон шиг. Голдуу л эх орон байгалийн сэдвээр яруу
нараг бичдэг болжээ. Намба суугаад тэр үү?

-Хайрын
шүлэг бол мөнхийн сэдэв. Би хайрын шүлгээ бичиж байгаа шүү дээ. “Болор
цом” наадам хайрын тухай шүлэг унших явуургүй байдаг юм. Хайрын тухай
сайн шүлэг бол болно л доо. Гэхдээ бяд муутай, сэтгэлийн хөдөлгөөнийг
илэрхийлсэн хөнгөн шүлэг бол явцгүй. Нэг хүн над руу утасдаад хэлж
байсан. “Эрдэнэ-Очироо, чиний шүлгүүдийн өнгө төрх сүүлийн үeд нэг л
бараан болоод байна уу” гэж. Би өөрөө шүлгээсээ имй зүйл шүлгээс маань
ажиглахгүй л байгаа.

-Ингэхэд та улстөржсөн шүлэг хэр их бичиж байна. Яруу найрагчид маань их улстөрждөг болчихсон болохоор ингэж асууж байна л даа?

-Надад
баяр талархлын бас хийрхсэн сүржигнэсэн, улстөржсөн шүлэг байдаггүй.
Миний зан чанартай ч холбоотой байх. Яруу найраг бол шаналал, ариусал,
гэгээрэл байх учиртай. Яруу найраг бол гудамжны урлаг биш. Манайхны
зарим нь шүлгийг гудамжны маягаар илэрхийлэх хандлага харагддаг л даа.  

-Залуу
найрагчид маань “Болор цом”-ын мөрөөсөл болоод байна уу гэж санагддаг
юм. Сайн шүлэг бичихээсээ илүү яаж ийгээд “Болор цом” авчих юмсан гэх
бодолтой найрагчид цөөнгүй байх шиг ээ?

-Ганц
хоёр жил шүлэг бичээд “Болор цом”-ын эзэн болно гэдэг мөрөөдөж
болохгүй. Нуулгүй хэлэхэд, “Болор цом”-д оролцохын тулд шүлэг бичдэг
хүмүүс байгаа.  Тэгээд чадахгүй болохоороо агсамнадаг, гомдоллодог, хэл
ам гаргадаг.  Яруу найраг ч хүн бол дотоод сэтгэлийн гоо сайхны
илэрхийлэл байх ёстой. Атаач, атаархуу зантай байж болохгүй. Яруу
найргийн eртөнц бол их хатуу л даа. Бавуу бид хоёр гэхэд л 13, 14 жил
“Болор цом”-д оролцож байж л цом хүртсэн шүү дээ. Эхний даваанд
хасагдаж, айрагдаж л явлаа.

-Утга зохиол, яруу
найраг уншигчдыг, нийгмийг дагуулж явах ёстой гэдэг. Харин манай
найрагчид уншигчид, нийгмээ дагаад, мөнгөний төлөө их утга зохиол руу
нулимж ч чадахаар болж?

-Олон яруу найраг мөнгө
хөөж, утга зохиолыг уландаа гишгэж байна гэж болохгүй. Би Монголын яруу
найраг  дэлхийд дундаас дээж төвшинд байгаа гэж боддог. Мэдээж зарим
нэг хүн бусдын захиалгаар шүлэг бичсэнийг бүх хүмүүстэй нь холбож
ойлгож болохгүй. Би лав бусдын захиалгаар шүлэг байтугай, мэндчилгээний
үг бичиж чаддаггүй юм.

-Та нэгэнтээ Монгол эх
хэл, яруу найргийн үнэ цэнэ алдагдлаа гэж ярьж байсан санагдана. Тийм
эмзэглэл үнэхээр ажиглагдаж байна уу?

-Монгол
хэл, яруу найраг, утга зохиол түүх болон үлдэж аюултай болоод байгаа.
Дунд сургуульд л гэхэд заадаг байсан уран зохиолын хичээлийг монгол
хэлний хичээлтэй нэгтчихсэн. Хүүхдүүдэд эх хэлний боловсрол, эх хэлээ
хүндлэх хайрлах сэтгэл суулгахаасаа илүү харийн хэлийг шүтэх үзлийг төр
засаг өөрсдөө өгөөд байна шүү дээ. Англи хэл сурч, матeматикийг илүүд
тавьж болно л доо. Гэхдээ эх хэлээ умартаж, хаяж болохгүй. Утга зохиол,
яруу найраг гэдэг хүнд гэгээрэл, шаналал, ариусал өгдөг. Хүн тэр хэрээр
дотоод гоо сайхныг мэдэрч ойлгодог юм. Эх хэлний яруу сайхныг өнөөдөр
яруу найрагчид, зохиолчид л хадгалж авч явна шүү дээ. Хөөдөөгийн
Эрдэнбаатар яагаад баруун монгол аялгаар шүлэг бичээд, А.Нямлхагва
яагаад сонин содон хэллэгтэй шүлэг туурвиад, Бавуугийн шүлэгнээс нэг л
өвөрмөц үнэр үнэртдэг вэ гэвэл бүгд л нутаг ус, монгол хэлнийхээ яруу
тансаг байдлыг авч үлдэхийн тулд шүү дээ. Төрөөс утга зохиолыг бүр
гаруунд хаячихсан. Саяхан гэхэд л Дэлхийн яруу найрагчдын их хурлаас
О.Мэнд-Ооёо том шагнал хүртсэн шүү дээ. Дэлхийд тэр шагналыг 17-хон хүн
авсан байдаг юм. Гэтэл манай төр түүний нь огт тоогоогүй. Ядаж л баяр
хүргэчихээгүүй байх. Ийм маягаар эх хэл, утга зохиолоо үзээд байхаар
яаж хөгжил дэвшил ярих вэ. Өнөөгийн хүүхдүүд том болоод юун яруу найраг
ойлгох байтугай л хүн болох вий.

-Монголын
зохиолчдын эвлэлээс тэгээд энэ талаар юу хийж байна. Тухайлбал хүүхэд
багачуудад эх хэл, утга зохиолын амтыг мэдрүүлэх талаар?

-Бид
оюутан залуусын дунд анхны номын уралдааныг жил бүр зарладаг. Түүнчлэн
хөдөө орон нутагт утга зохиолын нэгдлүүдийг сэргээж, утга зохиолын
чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг сургуулиудыг дэмжиж ажиллаж байгаа.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж