Гишүүн Д.Тэрбишдагва яагаад хамтарч Засгийн газар байгуулах болсон талаар эхлээд мэдээлсэн юм. УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд дангаараа олонх болсон улс төрийн хүчин гараагүй тул хамтарсан Засгийн газар байгуулах хэрэгтэй болсныг тэрбээр тайлбарлав. Иймээс УИХ-д хамгийн олон суудал авсан АН өчигдөр ҮЗХ-ны хурлаа хийж, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран Засгийн газар байгуулах санал гаргаж, эвсэлд ирүүлсэн. Тэр саналыг эвсэл хүлээн авч 15.00 цагт АН-тай хэлэлцээрт орох гэж байна. Хэлэлцээр хийх ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилж, гишүүдээр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Н.Батцэрэг, Л.Цог, М.Сономпил, Д.Батцогт, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нарыг сонгосон гэлээ.
“Шударга ёс” эвсэл нийгэмд таван хувьсгал хийх мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Тэр хөтөлбөрт АН-ын мөрийн хөтөлбөртэй давхцах зүйл олон байгааг мөн онцолсон юм. Ажлын хэсгийнхэн Засгийн газрын мөрийн хөтөлбөр дээр ажиллах төсөл гаргаж байгаа юм байна.
Эвсэл одоогоор УИХ-ын дэд даргад хэний нэрийг дэвшүүлэх талаар тохироогүй байгаа аж. Яамдын бүтцийн хувьд аль болохоор орон тооны давхардалгүй байх ёстой гэж үзжээ. АН-тай хийх хэлэлцээрийн үед илүү тодорхой ярилцана гэлээ. Монголын эдийн засаг өргөжиж байгаа үед салбаруудыг дагнасан бүтэц бий болгохыг үгүйсгэхгүй. Хэлэлцүүлгийн явцад шийднэ гэж байв. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн бол Ерөнхий сайдын мэдлийн асуудал, механикаар цомхон бол сайн, олон бол муу гэж бас хэлж болохгүй гэж гишүүн Н.Батцэрэг хэлж байсан юм.
Үндсэн хуулийн Цэц дээр байгаа Н.Энхбаяр, Э.Батшугар, С.Нарангэрэл нарын эвслийн гурван хүнтэй холбоотой асуудлын хувьд аль болох хурдхан шийдэх ёстой хэмээн эвслийн зүгээс үзэж байгаа ажээ. Прокурорын биед халдсан асуудлаар УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийн бүрэн эрхийг түдгэлзүүлж болзошгүй гэсэн яриа гарч байгаа талаар асуусан сэтгүүлчийн асуултад гишүүн Д.Тэрбишдагва “Тэр яриа бор шувуу юу, хаа нэгтээгээс шидсэн чулуу юу гэдгийг мэдэхгүй байна” хэмээн хариулснаар хэвлэлийн бага хурал өндөрлөв.