Хиллари Клинтоны Монголд өнгөрүүлсэн ганц хоногийг зөвхөн олон улсын хуралд үг хэлж, төр засгийн удирдлагатай ёслолын уулзалт хийх төдийхнөөр хязгаарлан ойлгох нь дэндүү өрөөсгөл болно. Барууны зарим хэвлэлээр гарсан захиалгат нийтлэлийн үр дүн болж олон улсын тавцанд Монголын ардчиллын нэр хүндэд сэв суусан байх магадлалтай гэсэн таамаглалд АНУ-ын өндөр албан тушаалтан цэг тавьж орхив. Энгийнээр хэлбэл Х.Клинтон Н.Энхбаярын асуудлаас болж Монголын удирдагчдыг зэмлэн донгодно гэсэн хэний талынх нь ойлгомжтой шар хэвлэлүүдийн таамаглал, нэр бүхий улс төрийн хүчний горьдлогод энэ айлчлал тодоос тод “Nо!” гэсэн хариу өгч орхилоо. Хатагтай Х.Клинтон ноён Н.Энхбаярыг өмөөрөх бус харин ч “Авилга гэдэг “динозавр”-аа ч устгаад, жинхэнэ динозавраа ч бас эргүүлж аваарай” гэсэн нь хэн нь хэний талд байгааг хоёргүй утгаар хэлсэн хэрэг болов. Энэ нь авилга бол ардчиллын дайсан гэдэг дээр Вашингтон, Улаанбаатар хоёр санал нэг байна гэсэн үг. Энэ үг бас “Аалзны тор-6” дээр дурдсан Н.Энхбаярыг өмөөрөн хамгаалагч сенатор хатагтай Файнштайны оролдлого талаар болсны нотолгоо юм. Зарим эх сурвалжийн мэдээлэлд итгэх юм бол Калифорни мужийг төлөөлж Конгресст суудаг хатагтай Файнштайн бол уул нь нэг талаас Н.Энхбаярын, нөгөө талаас Х.Клинтоны гэр бүлийн дотны найз гэдэг. Гэвч “Наймаанд найз байдаггүй” гэх үгийг бяцхан хувиргаж хэлбэл “Авилгалын асуудалд анд байхгүй” гэдгээ АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга хоёргүй утгаар илэрхийлэв бололтой.
Монголын улс төрөөс явахдаа ард түмнээ талцуулан тэмцэлдүүлсэн гунигтай төгсгөл хийж буй Н.Энхбаярт хандсан гэмээр нэг үгийг Хиллари Клинтон Улаанбаатарт мөн хэлсэн нь анхаарал татаж байна. “Удирдагч бүрийн хүсдэг нэг зүйл бий. Өөрөөсөө үлдээх ганц зүйл бол нэр хүнд. Хэчнээн баян байгаад түүнийгээ авч явж чадахгүй. Таны болон танай гэр бүлийн нэр хүнд л ард олны дунд үлдэх болно” гэж. Үнэхээр Н.Энхбаяр ба түүний гэр бүлийн үлдээж байгаа өв, хожим дурсагдах нэр хүнд юу байх вэ гэдэг талаар Монголын олон нийт одоо л нэг амьсгаа даран эргэцүүлж байх шиг.
АНУ нь Монголын тулгар ардчиллыг урьдын адил тууштай дэмжин, геополитикийн хүрээнд “гуравдагч хөрш” байсаар байх болно гэдгийг төрийн нарийн бичгийн даргын энэ удаагийн айлчлал нотлон харууллаа.
-17 жилийн өмнө танай их сургууль дээр хэлсэн үгээ би эргэж саналаа. Тэгэхэд би хэрэв аливаа нэгэн хүн социализмаас салж ардчиллыг тогтоож буй амьд жишээг олж хармаар байвал тэрээр Монголд ирэх ёстой гэж хэлсэн билээ. Энэ үг одоо ч бодитой үнэн хэвээр байна гэж тэрээр дэмий ч нэг ам алдаагүй биз.
Хойтон жил нөхөр Биллтэйгээ эргэж Монголд заавал ирэхээ амлаад буцсан Хилларийн Улаанбаатарт үлдээсэн мессеж товчдоо нэг иймэрхүү.
Эх сурвалж: WWW.24TSAG.MN