Цагдаагийн дарга нар эмнэлэгт эмчлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2012.07.17-нд нийтлэгдсэн

Цагдаагийн дарга нар эмнэлэгт эмчлүүлж байна

Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдсан цагдаагийн экс удирдлагуудыг шүүх хурал өнгөрсөн зургадугаар сарын 7-нд Урьдчилан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд болж,  ял оноосон. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 6,6 жилийн, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригтод 5,6 жилийн, Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарт хоёр жилийн ял тус тус оноосон. Гэвч Өршөөлийн хуульд хамруулснаар Ч.Амарболд, Ш.Батсүх нарыг 3.6 жил, О.Зоригтод 2.6 жилийн ялыг тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Харин Нийслэлийн цагда газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар өршөөлийн хуульд хамрагдан ялгүй хоцорсон юм.

Сүхбаатар дүүргийн шүүхээс тэдэнд энэ сарын 8-нд ялын тогтоол гардуулсан. Ямартай ч шүүх хурлын дараахан Ч.Амарболд нар давж заалдахаа мэдэгдээд байсан. Энэ талаар Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүхийн эхнэр н.Алтанцэцэгээс тодрууллаа.

-Та бүхэн давж заалдах хүсэлтээ хүргүүлсэн үү?

-Наадмын өмнөхөн л ялын тогтоолыг нь өгсөн. Наадам гээд энэ ажлыг хөөцөлдөж амжаагүй. Бид угаасаа шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Давж заалдах нь зүй ёсны хэрэг шүү дээ. Өнөөдөр л давж заалдах шатны шүүхэд хандах гэж байна.

-Ш.Батсүх хурандаа хоригдож байгаа юу?

-Үгүй ээ. Шүүх хурлын дараа шууд Улсын нэгдүгээр эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа. Манай нөхрийн бие тааруу, цусан дахь сахарын хэмжээ нь буурахгүй байгаа.

Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх төдийгүй Ч.Амарболд, О.Зоригт нар Улсын гуравдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболдыг давж заалдах шатны шүүхэд хандсан эсэхийг түүний эхнэр Ш.Нарангэрэлээс тодрууллаа.

-Та бүхэн давж заалдах шатны шүүхэд хандсан уу?

-Бид Нийслэлийн шүүхэд өргөдлөө өгөх гэсэн чинь энэ сарын 20-нд өргөдөл хүлээн авна гэсэн. Тиймээс 20-нд өргөдлөө өгнө гэж бодож байна.

-Ч.Амарболд нарын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хоногийг ялын хоногоос хасч тооцох уу?

-Тэгэлгүй яахав. Энд эмчлүүлж байгаа ч гэсэн ялаа эдэлж байна гэсэн үг.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж