Сурах бичгүүдийг энэ сард багтаан нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.17-нд нийтлэгдсэн

Сурах бичгүүдийг энэ сард багтаан нийлүүлнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2012-2013 оны хичээлийн жилийн бэлтгэл  хангахтай холбогдуулан шинээр хэвлэх шаардлагатай бүх сурах бичгийг хэвлэн, өнгөрсөн зургадугаар сарын 1-нээс эхлэн нийслэл болон орон нутагт нийлүүлжээ. Ингэснээр бүх сурах бичгийг долдугаар сарын 16-нд багтаан орон нутагт нийлүүлж дууссан байна гэсэн мэдээллийг тус яамнаас өглөө. Ямар ч байсан 89 төрлийн 1.315348 ширхэг сурах бичиг хэвлэн нийлүүлжээ. Үүнээс шинээр зохион хэвлэсэн 27 нэр төрлийн сурах бичгийн 90 хувь энэ сарын 1-нд багтан орон нутагт нийлүүлэгдсэн юм байна. Мөн өмнөх жилүүдэд зохиогдсон 62 нэр төрлийн сурах бичгийг нөхөн хангалтаар хэвлэн нийлүүлэх ажлын 70 хувийг гүйцэтгэжээ.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2009 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын 100 хувь, дунд ахлах ангийн сурагчдын 40 хувийн сурах бичгийг сургуулийн номын сангаар дамжуулан сурагчдад үнэ төлбөргүй хэрэглүүлэх болжээ. Энэ нь бага ангийн сурагчдын сурах бичгийг төрөөс хариуцаж, дунд, ахлах ангийн бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, амжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн болон ерөнхий боловсролын сургуульд гурав буюу түүнээс дээш хүүхэд нь суралцдаг өрхийн хүүхдийн сурах бичгийг үнэ төлбөргүйгээр хангаж байна гэсэн үг аж.

Харин дунд ахлах ангийн сурагчдын 60 хувь нь сурах бичгээ зах зээлээс худалдан авдаг байна. Тиймээс зах зээлд худалдах сурах бичгийг энэ сараас эхлэн худалдаанд гаргах талаар хэвлэлийн газруудтай тохиролцон, гэрээ хийж эхэлжээ. Худалдан борлуулалт эхэлсэн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлэх гэнэ. Зах зээлд худалдах дунд ангийн сурах бичгийн дундаж үнэ 2200 төгрөг, ахлах ангийн сурах бичгийн дундаж үнэ 3420 төгрөг байна. Өнгөрсөн жилүүдэд хэвлэгдсэн сурах бичгүүд хуучин үнээрээ борлуулагдах аж.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж