Тангараг өргөсөн ч түр үнэмлэхтэй хэвээр байна

Хуучирсан мэдээ: 2012.07.17-нд нийтлэгдсэн

Тангараг өргөсөн ч түр үнэмлэхтэй хэвээр байна

УИХ-ын гишүүд наадмын өмнө тангараг өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн ч одоо болтол сонгуулийн тойргийн хорооноос гардсан, жагсаалтаар орж ирсэн гишүүд СЕХ-ноос авсан түр үнэмлэхтэйгээ байгаа ажээ. Энэ талаар УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдоржоос тодрууллаа.

-Энэ асуудлыг шийдэхийн тулд УИХ-ын даргыг нэн яаралтай томилох ёстой. УИХ-ын бүтцийн байгууллагуудыг байгуулах хэрэгтэй байгаагаас гадна яг энэ яриад байгаа гишүүдийн түр үнэмлэхийг сольж байнгын үнэмлэх дээр гарын үсэг зурах ажил хүлээгдэж байна. Гишүүдийн үнэмлэх дээр УИХ-ын дарга гарын үсэг зурах ёстой. Тэгээд УИХ-ын дэд дарга нарыг бүлэг бүрээс сонгох, байнгын хороо байгуулах гэх зэрэг ажлууд хүлээгдэж байна.

-Засгийн газрыг ямар хугацаанд байгуулах ёстой билээ?

-Гишүүд тангараг өргөснөөс хойш 45 хоногийн дотор байгуулах ёстой. Засгийн газар байгуулах бэлтгэл ажил ерөнхийдөө явж байгаа гэж ойлгож байна.

-Шинэ гишүүд бүгд өрөөтэй болж амжсан уу?

-УИХ-ын Тамгын газар шинэ УИХ-ын бэлтгэл, зохион байгуулалтын ажлыг хангасан. Гэхдээ зарим нэг гишүүнд өрөө тасалгаа хүрэлцэхгүй зэрэг хүндрэл гарч байгаа. Зарим хуучин гишүүд соёлтой байж өрөө тасалгаагаа өгөх нь өгч, авах учиртай нь авах ёстой. Зарим шинэ гишүүний орох гэсэн өрөөний цоожийг  хууччуул солих, үйлчлэгчид түлхүүрийг нь өгөхгүй байх, өрөөгөө суллаж өгөхгүй байх зэрэг соёлгүй байдал гарч байгааг анхаарах ёстой.

                                    Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж