Америкийн жүжигчин, загвар өмсөгч Ума Турман өнгөрөгч ням гаригт амаржиж, гурав дахь хүүхдээ төрүүлжээ. Түүний менежер Жэсон Уэйнбэрг өчигдөр сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ “Эх, охин хоёрын бие сайн байгаа” гэхээс өөр зүйл хэлээгүй байна.
Хорвоод мэндлээд хоёрхон хонож буй бяцхан охин Ума Турман болон түүний найз залуу, санхүүч Арпад Буссон нарын анхны хүүхд юм. Ума экс-нөхрөөсөө Маяа, Левон гэх хоёр хүүхэдтэй билээ. Охин Маяа нь 14 настай, хүү Левон нь 10 настай аж.
Ума Турман өдгөө 42 настай, Буссон 49 настай бөгөөд тэд 2007 оноос хойш болзож эхэлжээ. Энэ хугацаанд нэг бус удаа салж, нийлсэн гэнэ. Гэхдээ 2012 оны эхээр эргэн нийлсэн бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард Ума Турман хөл хүндтэй болсон тухайгаа олон нийтэд зарласан билээ.