-Засгийн газрыг байгуулахтай холбоотойгоор Ардчилсан намд бие даагчдын зүгээс хамтран ажиллахаа мэдэгдсэн тухай тус намын удирдлагууд өчигдөр мэдэгдлээ. Та бол энэ УИХ-д сонгогдсон гурван бие даагчийн нэг нь. Та тус намд Засгийн газарт орж ажиллая гэдэг санал тавиа юу?
-Миний бие Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгчийн хувьд мөн Монголын нийт жирийн хөдөлмөрчдийг төлөөлөн УИХ-д сууж байгаагийн хувьд Засаглалыг хянах гэж, Засаглалыг сайжруулах гэж, Засаглалыг ил тод болгох гэж УИХ-д сонгогдсон болохоос биш Засаглалд орох гэж сонгогдоогүй юм шүү. Нөгөө талаас дарханчууд маань намайг бие даагчаар сонгосон. Бие даагч гэдэг бол илүү хараат бус гэж байгаа юм. Олон зуун жил парламент хөгжсөн оронд бие даагч гэдэг үгийг орчуулах юм бол хараат бус гишүүн гэж хэлж заншсан. Тодруулж хэлбэл, ямар нэг бүлэглэл, ямар нэг нам, ямар нэг хүчнээс хараат бус байдлаар зөвхөн сонгогчийнхоо эрх ашгийн өмнөөс өнөөдрийн Засаглалд юу болж байгааг мэдээлэх. Засаглал жирийн иргэдийн төлөө үйл ажиллагаа явуулж байна уу, үгүй юу. Үнэхээр явуулж байвал Засаглалд орсон ч эс орсон ч миний бие Засгийн газрыг дэмжиж ажиллана. Хэрвээ ард иргэдийн эсрэг шийдвэр гаргаж, хохироох юм бол урьдынхаасаа ч илүү маш хүчтэй ширүүн тэмцэх боломжийг ард иргэд надад өгсөн. Ингэхлээр өнөөдөр Ардчилсан намаас надад санал тавьсан ч бай, тавиагүй ч бай миний байр суурь хатуу хэвээрээ. Би өнөөдөр ард иргэдээсээ сонгуулиар ярьж байсан, хэлж байснаасаа алхам ч ухрахгүй, харин ч тэднийхээ итгэл найдварын төлөө ажиллана гэсэн итгэл үнэмшлээсээ няцаагүй яваа л гэж хэлэх байна даа.
-Ардчилсан намын хувьд гурван ч яамдыг салгах тухай ярьж байна. Жишээлбэл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яамдыг тус бүр хоёр болгож хувааснаар зургаан яам болж тоо нь олшрох нь. Үүнд та ямар байр суурьтай байна вэ. Дэмжиж байна уу, эсвэл эсэргүүцэж байгаа юу?
-Яамдуудыг салгах тухайд зөв, буруу гэж хэлэхийн өмнө аливаа шийдвэр гаргахын өмнө улстөрч үүнийг шийдэж болохгүй гэж хэлэх байна.
-Яагаад улстөрчид энэ асуудалд шийдвэр гаргаж болохгүй гэж?
-Улстөрчид техникийн асуудал руу орж болдоггүй юм. Хамгийн түрүүнд яамдуудыг салгах уу, нэгтгэх үү гэдгийг ажлын байрны зураглалыг судалгаа, тодорхой мэргэжлийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гаргасан байх ёстой. Яагаад гэвэл яамыг салгаснаараа сонгуульд зүтгэсэн хоёр намын зарим нэг улстөрчийн амыг хаах гэж байгаа бол яах вэ, ёстой “Уучлаарай” гэх ёстой байхгүй юу. Тэр тусмаа эрдэмтэн шинжээчийн дүгнэлтгүйгээр улстөрчид өөрөө өөрсөддөө орон тоо бэлдүүлж байгаа бол болохгүй зүйл. Тийм учраас би яамдуудыг салгах тухайд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт харж байж, асуудлыг дэмжих дэмжихгүйгээ шийднэ. Тэгээд ч энэ асуудлыг УИХ дээр заавал ярих ёстой зүйл. Зөвхөн Засгийн газар дангаараа толгой мэдэн шийдэх эрхгүй.
-Хэрвээ мэргэжлийн шинжээчдийн дүгнэлт гараагүй байлаа гэхэд амьдрал дээр яамдыг хуваах шаардлагатай юм гэдэг нь нотлогдож байвал яах вэ?
-Нийт Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүд, жирийн хөдөлмөрчин ард иргэдээ төлөөлж байгаагийн хувьд би энэ асуудлыг заавал хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтэд үндэслэх ёстой гэдгийг дахин хэлэх байна. Үнэхээр судалгаагаар ард иргэдэд төрийн үйлчилгээ очих бүрийд ачаалал нь ихсээд дийлдэхгүй байгаа, салгаснаар үйлчилгээ сайжирна гэдэг нь тодорхой үндэслэл нотолгоотой байвал дэмжихээс аргагүй шүү дээ. Улстөрийг бид сонгодог үнэн утгаар нь хөгжүүлэх ёстой. Би гурван жилийн туршид Оюутолгойн гэрээг эсэргүүцэж өлсгөлөн зарлаж, жагсаал цуглаан хийж байсан. Гурван жилийн туршид би ганцхан зүйлийг шаардсан. “Оюутолгойн гэрээн дээр бие даасан хөндлөнгийн шинжээчийн экспедицийн дүгнэлт гарсан уу” гэж… Тэгэхэд ямар ч хөндлөнгийн эрдэмтний дүгнэлтгүйгээр нэг ухаантай царайтай сайд үүнийг шийдсэнээс болж өнөөдөр “Буруу байжээ” гэж ярьж байна. Буруу зөвлөгөөг өнөөдөр хэн өгсөн юм. Тийм учраас би ийм л улстөрийн соёлыг өнөөдөр эднээс асууна, шаардана, шахна. Намайг ганц бие даагч гэж бодож байж магадгүй. Үгүй ээ би олон түмэнтэй хүн. Намайг дэмждэг маш олон гишүүд дэмжигчид, жирийн ард иргэд байгаа учраас харин ч би өөрийгөө олонхи гэж боддог. Хэзээ ч би ганцаардахгүй.
-Ойрын үед та Ц.Даваасүрэн гишүүнтэй уулзсан уу?
-УИХ-ын гишүүний тангараг өргөдөг өдөр, чуулганы танхимд бие биетэйгээ мэндэлсэн. Бидний суудаг ширээ ойролцоо л доо. Миний хажууд С.Оюун гишүүн суудаг, цаад талд нь Болорчулуун гишүүн, тэгээд цаана нь Ц.Даваасүрэн гишүүн суудаг байхгүй юу. Монгол хүн байна даа, “Сайн уу” гээд мэндэлсэн, түүнээс хойш тааралдаагүй юм байна.
-Та хоёрыг уулзаж Ардчилсан намтай Засагт хамтрах тухай ярьсан гэх юм. Гэтэл та тангараг өргөх үеэрээ л уулзалдсан гэх?
-Үнэн болсон зүйл тэр. Ц.Даваасүрэн гишүүн чинь өөрийн гэсэн байр суурьтай хүн шүү дээ. Шуудхан хэлэхэд бидний дунд “Тэгэхүү, ингэх үү” гэдэг болоогүй.
-Хэвлэлүүдэд Ардчилсан намаас Ц.Даваасүрэн, С.Ганбаатар нарын дунд нэг сайдын суудал өгөхөөр саналаа хүргүүлжээ гэсэн байна лээ. Гол нь та хоёр тохиролцох ёстой ч хамтын шийдэлд хүрч чадаагүй гэх. Ц.Даваасүрэн гишүүн болохоор “Би өмнө парламентад дөрвөн жил суусан туршлагатай улстөрч учраас сайд болно” гэсэн бол та “Би илүү олонд танигдсан, жирийн хөдөлмөрчин иргэдээ төлөөлж УИХ-д сонгогдсон түшээ. Тийм учраас сайд би болно” гээд тохиролцоонд хүрээгүй гэх?
-Энэ мэдээг би анх удаа сонсож байна. Хэрвээ ийм мэдээлэл байгаа бол Ц.Даваасүрэн гишүүн ээ та шууд наад сайдын албаа аваа гэж одоо шууд албан ёсоор хэлэх байна.
-Танд Ардчилсан намаас Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдад нэрийг нь дэвшүүлнэ гэх санал ирвэл хүлээж авах уу. Гэхдээ намдаа элсэх бололтойгоор. Өнгөрсөн хугацаанд та төрийн албан хаагчдын тэтгэвэр, ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх зэрэг нийгмийн хамгааллын нэлээд олон ажилд гаднаас нөлөөлж, Засийн газартай хэлэлцээрийн ширээний ард сууж байсан. Мөн та олон жил Нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгө алга гээд зарга үүсгээд яваад байгаа. Болж бүтээгүй бүхнийг зөв гольдролд оруулах боломж гарах ч юм билүү?
-Миний байр суурь бол хатуу хэвээр байгаа гэдгээ хэлье. Намайг юу ч өөрчлөхгүй, би бие даагч гэдгээр сонгогдсон. Би бие даагчаараа л дөрвөн жил байна. Дөрвөн жилийн туршид барих бодлого маань энэ. Сайдын албан тушаал бол тийм их шохоорхмоор зүйл биш шүү дээ. Би бол одоо юуг хүсэж байна вэ гэхээр ажлаа хурдан хиймээр байна, шинээр байгуулагдах Засгийн газар ажилдаа хурдан ороосой гэж л хүсч байна.
-Таны ойрын үед хамгийн тэргүүнд барьж авах ажил юу байна?
-Оюутолгойн ордод монголчуудын 90 хувь ажиллах ёстой. Тэр хаана байна, хэрэгжихгүй байна. Оюутолгойн удирдлагуудад бичиг явуулчихсан байна лээ. Тийм учраас би ойрын үед монголын нийт хөдөлмөрчин ардаа төлөөлж Оюутолгойн удирдлагатай уулзаж, монгол залуусын 90 хувийг тус ордод ажиллуулах ёстой гэдгээ шаардах болно. Одоо Оюутолгойд ид үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явж байна. Гэтэл яагаад Засгийн газар үүнийг анхаарахгүй байгаа юм, улстөрчид яагаад бас анхаарахүй байгаа юм бэ. Дээр нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам нийгэм хамгааллын ажлаа хийгээчээ гэдгийг сануулах болно. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх ёстой, үүрэгтэй, хуулиараа. Энэ хуулиа сайд нар хэрэгжүүлэхгүйгээс болж хувийн хэвшилд ажиллаж байгаа мянга мянган жирийн иргэд өдөр хоног болгоноор хохирч байна. Тэд ямар буруу зүйл хийсэн юм бэ. Шулуухан хэлэхэд, Ардчилсан намынхан эвслийн Засгийн газраа айхтар зодоон хийчихгүй шиг байгуулаасай, цаг битгий алдаасай. Хамгийн гол ажлаа түргэн хийгээсэй л гэж хүсэх байна даа.