“Prophecy” Тугалгатайг авахаар зээл авчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.17-нд нийтлэгдсэн

“Prophecy” Тугалгатайг авахаар зээл авчээ

Монголд эрчим хүчний төслүүд хэрэгжүүлж буй Канадын “Prophecy Coal Corp” Тугалгатайн ордын урьдчилгаа төлбөр 10 сая ам.долларыг хайгуул, хөрөнгө оруулалтын “Waterton Global Value” компаниас зээлэхээр болсон гэнэ. Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн сумдын нутагт орших Тугалгатайн нүүрсний ордын хайгуулын лицензийг  “Prophecy Coal Corp” өнгөрсөн зургадугаар сард “Vale” группийн Монгол дахь салбар компани болох “Tethys Mining LLC”-аас худалдан авах гэрээ байгуулсан юм. “Tethys Mining LLC”-ийн эзэмшиж байсан Тугалгатайн хүрэн нүүрсний ордод 2009-2011 онд нарийвчилсан хайгуул хийсэн юм байна. Тугалтайн лицензийн талбайг 2.33 тэрбум тоннын эрчим хүчний нүүрсний нөөцтэй хэмээн Монгол Улсын Эрдэс Баялгийн зөвлөлд “Prophecy” 2011 оны гуравдугаар сарын 15-ны өдөр танилцуулсан байдаг.

Одоогийн байдлаар “Tethys”-ийн бүртгүүлсэн нөөцийн хэмжээ Канадын “NI 43-101” стандартаар эцэслэн батлагдаагүй байгаа бөгөөд “Prophecy” нөөцийг тус ангиллаар баталгаажуулах ажлыг хийхээр төлөвлөж байна. Худалдах, худалдан авах гэрээний дагуу “Prophecy” 10 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийн зэрэгцээ ирээдүйд Чандганын болон Тугалгатайн ордоос олборлох нүүрсний борлуулалтаас 8.5  хувийн роялти тооцон “Tethys”-д төлөх юм байна. Мөн гэрээний дагуу “Prophecy” 2020 оноос өмнө 20 сая ам.доллар, 2025 оноос өмнө 25 сая ам.долларыг“Tethys”-д шилжүүлсэн тохиолдолд роялти хүчингүй болох юм байна. Лицензийн урьдчилсан төлбөрийн хоёр сая ам.доллар ойрын хугацаанд эскроу дансанд шилжиж, харин үлдсэн хэсэг нь лиценз шилжих үед бүрэн төлөгдөх аж.

Канадад бүртгэлтэй “Prophecy Coal Corp” компани нь эрчим хүчний хэд хэдэн төсөл хэрэгжүүлж буйгаас Улаан Овоогийн уурхай дахь олборлолтоо эхлүүлээд байна. “Prophecy Coal Corp”  мөн Чандганын нүүрсний ордод түшиглэсэн 600 MW цахилгаан станц байгуулах зөвшөөрөл Засгийн газраас авчээ.

Н.ЭНХ
Эх сурвалж: Yahoo! Finance

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж