Акуатлоны анхдугаар тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2012.07.17-нд нийтлэгдсэн

Акуатлоны анхдугаар тэмцээн боллоо

Тэрхийн цагаан нуур өнгөрөгч амралтын өдрүүдэд усан спорт сонирхогчдын хөлд дарагдан байлаа. Монголын усан спорт сонирхогчдын холбооноос задгай усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг тэнд анх удаа зохион байгуулсан бол Монголын триатлоны холбооноос акуатлоны анхдугаар тэмцээнээ явуулав.

Олимпийн хөтөлбөрт ордог задгай усанд сэлэлтийн тэмцээнийг эрэгтэйчүүдийн 5 км, эмэгтэйчүүдийн 3 км-ийн ангиллаар явуулж 30 гаруй тамирчин өрсөлдсөн юм. Эрэгтэйчүүдээс Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” клубийн тамирчин спортын залуу мастер Э.Дэмүүл тэргүүлж, Монголын триатлоны холбоо-“Виста” клубийн тамирчин спортын дэд мастер Н.Тэмүүлэн, “Хангарьд” клубийн тамирчин О.Баттулга нар медалийн эзнээр тодров. Эмэгтэйчүүдийн ангилалд “Хангарьд” клубийн тамирчин Э.Хулан, Э.Сүрэнням, “Mongolia swimming” клубийн тамирчин Д.Золжаргал нар эхний байрт шалгарлаа. Усны температур 10 орчим хэмийг зааж байсан ч тамирчдын дийлэнх нь тэсвэр тэвчээрээ харуулан уралдааны замыг дуусгасан юм.

Мөн үеэр Монголын триатлоны холбоо, Монголын усан спорт сонирхогчдын холбооноос хамтран зохион явуулсан “Каннондайл Монголиа” ХХК-ийн нэрэмжит акуатлоны анхдугаар тэмцээн тун өрсөлдөөнтэй боллоо. Монголын триатлоны холбоо урьд нь триатлон, дуатлоны УАШТ-ийг эх орондоо хэд хэдэн удаа зохион байгуулж байсан бөгөөд акуатлон нь усанд сэлэлт-гүйлтийн хавсарсан төрөл юм. Анхдугаар тэмцээнд тамирчид 1000 метр сэлж, 2,5 км-т хөлийн хурдаа сорин уралдсан билээ.

Тэмцээнд эмэгтэйчүүдээс “Хангарьд” клубийн тамирчид өнгөтэй оролцож, спортын дэд мастер Э.Сүрэнням 22,48 минут, Г.Уртнасан 23,01 минут, А.Номин 23,18 минутаар медалийн болзол хангав. Эрэгтэйчүүдээс Монголын триатлоны холбоо-“Виста” клубийн тамирчин спортын дэд мастер Н.Тэмүүлэн 19,10 минутаар тэргүүлж, “Хангарьд” клубийн тамирчин Э.Дэмүүл 19,23 минут, спортын дэд мастер Х.Одгэрэл 19,25 минутаар мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо. Медальт байрт шалгарсан тамирчдыг тэмцээний ивээн тэтгэгч “Каннондайл Монголиа” ХХК-аас унадаг дугуй, дугуйн хэрэгслээр шагнаж урамшуулсан байна.

Эдгээр тэмцээнийг цаашид уламжлал болгон зохион явуулж байхаар Монголын триатлоны холбоо, Монголын усан спорт сонирхогчдын холбоо шийдвэрлэсэнд тамирчид, дасгалжуулагчид талархан хүлээн авчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж