-Театрын нэрнээс яриагаа эхлэх үү?
-“Тэнгэрийн тэмдэг” гэж нэртэй. Энэ бол манай театрын анхны бүтээлийн нэр. “Гэгээн муза” наадамд манай энэ бүтээл их том шагнал авсан. Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбатын зохиол. Хөгжмийг нь зохиосон хүн гэхэд л Ц.Нацагдорж гэж төрийн соёрхолтон байлаа. Найруулагч нь Соёлын гавьяат зүтгэлтэн, миний эрхэм хүндтэй багш С.Сугар. Энэ гурван алдартны нэрийг орон нутагт нь мөнхжүүлэх гэсэн санаа л даа. Анх хүүхэлдэйн театр байгуулахаар яригдсан ч “Хүүхдийн театр” нь өргөн хүрээтэй гэж үзсэн юмаа. “Хүүхэлдэйн” гэчихвэл хорь гучин жүжигчний асуудал болох тул аймгийнхаа нийт хүүхдийг оролцуулах гэсэн утгаар “Хүүхдийн театр” байгуулсан.
– Үйл ажиллагааны онцлог гэвэл?
– Бид жүжгээс гадна уран зургийн, уртын дууны, хөгжмийн, бүжгийн гээд дугуйлангууд ажиллуулдаг. Манай театр байгуулагдсанаар энэ Хүүхдийн төлөө хэлтсийн өрөө бүхнээс дуу хуур, хүүхдийн цовоо цолгин дуу сонсдож байх болсон. Дугуйлангуудыг манай аймгийн урлаг соёлын нэртэй хүмүүс удирддаг. Уртын дууны дугуйланг гэхэд Монгол улсын гавьяат жүжигчин Ж.Дүнжмаа, хөгжмийг бүх л амьдралаа урлагт зориулсан ахмадын нэг, Соёлын тэргүүний ажилтан Д.Өлзийт удирдах жишээний. Манай аймаг үлээвэр хөгжмийн их уламжлалтай. Тиймээс аймгийн Цэргийн штабтай яриад үлээвэр хөгжмийн багш нийслэлээс урьж үлээвэр хөгжмийн дугуйлан ажилуулж байгаа. Хүүхдийн төлөө хэлтэс маань олон өрөөтэй. Өрөө бүхэнд нэг сайхан багш сууж байхаар би бодсон. Сайн багшийн ард зуун авьяастан гарна. Зуун авьяастны нөлөө цаашаа бас дэлгэрнэ..
-Өөр шинэ зүйл?
-Манайд уртын дууны сургагч багшийн дамжаа хичээллэж байна. Тэд сургууль бүртээ уртын дууг түгээн дэлгэрүүлнэ, олон авьяастанг төрүүлнэ. Уртын дуу бол дуу хуурын өлгий Дундговийн брэнд юм шүү дээ. Аймгийн Засаг дарга Д.Чандмань биднийг дэмжээд хөрөнгийг шийдсэнээр дуу хөгжмийн аппаратур, краказыг шинэчилж байна. Энэ бол бидэнд том дэмжлэг. Харин цэцэрлэгүүдэд дуу хөгжмийн багшийн орон тоог цомхотгож байгаа гэсэн яриа бий. Үүнд л маш их эмзэглэж байна даа. Уул нь авьяастныг цэцэрлэгийн наснаас нь тодруулах учиртай юм. Манай аймагт саяхан шинэ театрын барилгын шав тавигдлаа. Энэ бол улсын хэмжээнд мэргэжлийн урлагийн байгууллагын хувьд Соёлын төв өргөөний дараа орох том барилга. Энэ барилга ашиглалтад орох үед аймаг орон шийдээд театрын хуучин барилгаа хүүхдүүддээ өгөх байлгүй гэж горьдож байна. Тэгвэл дуу хуурын нутгийн залгамж халаа тэнд өсч торних “Хүүхдийн театр” болох биз ээ
-Ерөөлөөр болог.