Дэлхийн хоёрдугаар дайны дараах үеэс эхэлсэн эдийн засгийн өсөлтөд Солонгосын том компаниуд гол үүрэг гүйцэтгэсэн гэж судлаачид үздэг. Эдгээр томоохон компаниудын эхлэл нь жижиг, дунд үйлдвэрлэл бөгөөд үүнээс л үндэсний томоохон корпараци болтлоо өсөн, дэвшдэгт гол учир байгаа юм.
Түүнчлэн тус улсын Засгийн газраас хүнд болон химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлснээр энэ чиглэл эрчимтэй хөгжиж, илүү олон төрлийн үйлдвэрлэлийн орцуудыг хэрэглэх болсон байдаг. Харин тэдгээр орнуудыг жижиг, дунд үйлдвэрлэгчид үйлдвэрлэдэг байжээ. Үүнээс харахад жижиг, дунд үйлдвэрлэлийг зөв зохион байгуулсан нь Солонгосын хөгжилд нөлөөлсөн бөгөөд жижиг үйлдвэрлэлээс том компани болтлоо өсөн дэвшсэн нь үр дүн үзүүлж байгаа юм.
Гэтэл манайд жижиг, дунд үйлдвэрлэлийг ихэвчлэн 1-2 жилийн хугацаатайгаар, өрхийн орлого олох хэлбэрээр явуулахаас хэтэрдэггүй. Түүнчлэн 10-аас дээш жил ажилласан үйлдвэрүүд ч өсч дэвжилгүй жижиг, дунд хэвээрээ л үлдэх нь элбэг.
Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газар "МЭК" ХХК-тай хамтран хийсэн Монгол Улсын жижиг, дунд үйлдвэрлэлийн өнөөгийн хөгжил, тулгарч буй саад бэрхшээлийн талаарх судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 35 хувь нь 1-5 жил, 30 хувь нь 5-10 жил, 24 хувь нь 10-аас дээш жил, 10 хувь нь нэг жил хүртэл ажилласан байгаа юм. Үүнээс харахад манай улсад жижиг, дунд үйлдвэрлэлийг зээл авч эхлүүлэн үйл ажиллагаа нь дорвитой явахгүй бол тэгээд л дуусгадаг байгаа юм. Тиймдээ ч Монгол Улс энэ оны өрсөлдөх чадварын үзүүлэлтэд жижиг, дунд үйлдвэрлэлийн бүтээмжээрээ олон улстай харьцуулахад муу байгаа дүн гарсан байна.Манай жижиг, дунд үйлвэрлэлийн дийлэнхийг арьсан эдлэл, түлхүүрийн оосор, бэлэг дурсгалын зүйлс эзэлдэг. Мөн хөдөө орон нутагт нарийн боовны цех, үндэсний гутлын үйлдвэр зэрэг тухайн эрхэлж буй газрынхаа хэрэглээг хангадаг жижиг хэмжээний цех, өрхийн үйлдвэрлэл байна. Эдгээрт арав хүрэхгүй хүн ажиллаж байгаа нь ажлын байр нэмэгдүүлэх тал дээр ч дорвитой алхам болж чадахгүй байгаа юм. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор дүүрэг, хороодод сургалт зохион байгуулахдаа нөгөө л гар урлалыг заадаг.
Тиймээс иргэд ямар чиглэлийн үйлдвэрлэл зах зээлд эрэлттэй байгаа талаар мэдээлэлгүй байгаа нь жижиг, дунд үйлдвэрлэл хөгжихөд сөргөөр нөлөөлж байгаа гэх байр суурь байдаг. Энэ талаар Урт цагааны гудамжинд байрлах бэлэг дурсгалын дэлгүүрийн худалдагч Э.Энхцэцэг хэлэхдээ "Манай дэлгүүр гар урлалын бүтээгдэхүүн, үндэсний хувцас, хатгамал зэргийг зардаг. Эдгээр бүтээгдэхүүнийг голдуу гэр бүлийн гишүүд гэрээрээ хийж, манайх шиг жижиг дэлгүүр, эсвэл жуулчид ихээр явдаг гудамжинд өөрсдөө зардаг. Ийм үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүсийн хувьд үзэсгэлэн худалдааны үеэр л өөрсдийн бүтээгдэхүүнийг сурталчлах, зарах боломж гардаг ч монголчууд тэр бүр авдаггүй. Гадаадынхан л сонирхсон зүйлээ авдаг" гэсэн юм. Энэ мэтчилэн манайд гар урлал, нарийн боов, үндэсний гэх тодотголтой хүний анхдагч хэрэглээний, эсвэл бэлэг дурсгалын үйлдвэрлэл л зонхилж байна.
Харин Хятад бараа гэж үзэн яддаг мөртлөө хэд хэдэн зах дүүртэл авчирдаг хятад барааг орлуулах бүтээгдэхүүний үйлдвэрлэл бараг байхгүй гэхэд хэлсдэхгүй. Наад зах нь шинэ жилээр гацуурандаа өлгөх тоглоом, хурим найраар ихээхэн хэрэглэдэг аяга, тавагнаас эхлүүлээд өөрсдөө үйлдвэрлэх зах зээл байна. Цагаан сараар үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн бэлэг өгье гэхээр "Монгол оймс", "Янмал" үйлдвэрийн оймс, "Монос"-ын гоо сайхны бүтээгдэхүүнээс өөр бэлэглэх юм олдохгүй. Дэмжиж байна гээд нөгөө хэдэн монгол хатан, ноёдын хүүхэлдэй, түлхүүрний оосор бэлэглэлтэй нь биш гэсэн яриаг иргэд cap шинийн үеэр хэлж байсан. Хамгийн ойрын жишээ л гэхэд энэ зунжингаа бороо цутгаж, зах, дэлгүүр, тв тохиролцоо, гудамжинд хүртэл Хятадаас авчирсан усны гутал, борооны шүхрийг зарлаа. Гэтэл үүнийг монголдоо үйлдвэрлэх боломжгүй гэх зүйлгүй.
Манай улсад 2005 онд "Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих" хөтөлбөрийг баталсан. Энэ үед үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор нэг тэрбум төгрөгийг төсөвлөдөг байсан бол 2009-2010 онд 60.8 тэрбум төгрөгийг улсын төсвөөс хуваарилж, зээлдүүлсэн. Харин энэ үед буюу 2010 оны байдлаар нийт аж ахуйн нэгжүүдийн 90 орчим хувийг жижиг, дунд үйлдвэрлэл эзэлж, үүнд 300 мянган орчим хүн ажиллаж байна гэсэн судалгаа гарчээ. Гэвч үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой иргэд дээрх зээл, тусламжийг хүртэхэд ч хэцүү байдаг талаар ярьж байсан. Тиймээс ч иргэдийн ихэнх нь арилжааны банкуудаас зээл авсан байдаг бөгөөд энэ үзүүлэлт Монголбанкнаас хийсэн судалгаанд ч харагджээ.
Тухайлбал, судалгаанд хамрагдсан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн дийлэнх буюу 45 хувь нь арилжааны банкуудыг дэмжлэг үзүүлж буй байгууллагаар нэрлэсэн бол 25 хувь нь мэдэхгүй гэсэн хариултыг өгчээ. Энэ талаар хувиараа бизнес эрхлэгч Г.Саранзаяа "Би хоёр жил гаруй нэхмэл цамцны үйлдвэрлэл эрхэлж байна. Манайх үйлдвэрлэлээ анх өөрсдийн хөрөнгөөр эхлүүлж хоёр нэхмэлийн машинтай ажиллаж байсан. Одоо үйлдвэрлэлээ хөгжүүлж томруулъя гэхээр хөрөнгө мөнгөгүйгээс болоод шинэ техник, төхөөрөмж авч чадахгүй байна. Жил бүр жижиг, дунд үйлдвэрлэлд зориулж мөнгө төсөвлөлөө л гэдэг. Бизнесээ эхлүүлсэн жил тэр зээлийг хөөцөлдөж үзсэн. Гэвч болоогүй. Энэ бүхнээс харахад тэр зээл тусламж нь танилын гараар ордог юм байлгүй. Одоо банкнаас зээл авъя гэхээр барьцаа хөрөнгө шаардлагатай болоод авч чадахгүй байна" гэсэн.
Үүнтэй адил бизнес эрхлэгчид олон байгаа бөгөөд Монголбанкнаас хийсэн судалгаанд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд цаашид ямар арга хэмжээ авах талаархи вэ гэх асуултад 35 хувь нь авилгалыг бууруулах хэрэгтэй гэж хариулжээ. Үүнээс зээл тусламжийг тэгш бус хуваарилдаг гэж үзэж болохоор байгаа юм.
Ийнхүү олон тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон талаархи дүн мэдээ үзүүлж, үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаас өөр дорвитой, үндэсний хэмжээний үйлдвэрлэл эрхлэх боломжийг бүрдүүлж, томордоггүй жижиг, дунд үйлдвэрлэлийг томоохон компанийн дүнд хүргэх бодлого хэрэгтэй байна.
Зохиогчийн эрх: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин