Өөрийгөө өнгөлж хурцалж байхын учир…

Хуучирсан мэдээ: 2012.07.17-нд нийтлэгдсэн

Өөрийгөө өнгөлж хурцалж байхын учир…

Миний уулзсан залуу Батжаргалын Доржсүмбэр. Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул. Ярилцжээ суусан чинь элдвийг санаж сэддэг, бодож бясалгадаг,  ер нь нийгмийн идэвхитэй  залуу юм. Эрхэлсэн ажил нь Говь-Угтаал сумын дунд сургуулийн захирал. Энэ ажилд томилогдоод нэг жилийн нүүр арай үзээгүй. Өмнө нь аймгийн удирдлагын шийдвэрээр энэ сумын Засаг даргын орлогчоор томилогдож ирсэн ч төдөлгүй энэ албанд очих шийдийг дээд газраас өгчихөж. Бага нас, өвөг дээдэс, оюутан ахуй цаг, төгссөний дараах ажил албаны эрэл хайгуул, хүлээлт, сургууль, багшийн асуудал, өнөөгийн төрх, хэтийн төлөв… гээд олон сэдвээр бидний дунд яриа өрнөлөө. Ер нь нийгэмд байр сууриа олохоор зорьж тэмцэж яваа залуу гэж ойлгогдсон. Тийм болохоор уншигчдад бид хоёрын ярилцлага сонин ч байж мэдэх юм.

-Яриагаа нутаг орны зуншлагаас эхлэх үү? Цаг ямар байна?

-Говьд зуншлага жаахан оройтдог л доо. Нар буцаж бороо хур элбэгшиж одоо л цаг дэлгэрч байна.  Долоон сарын хорьд өнгөрөөд манай сум наадмаа хийнэ. Зуншлага сайжирч байгаа болохоор манай сумынхан сайхан наадна байхаа.

-Бидний яриа жаахан өргөн хүрээнд өрнөж байгаа болохоор хүн бүрийн тойрохгүй дайрдаг хүүхэд насны дурсамж сонин болов уу?

-Би чинь өвөө, эмээгийн хүүхэд дээ. Ээжийн маань оюутан үе  таарсан болохоор үхрийн сүүгээр угжуулж бантан идэж өвөө, эмээ дээрээ “Хүн” болсон. Эмээгээ “Ээж” гэж дууддаг гээд бодчих. Аймгийн төвийн айл ч гэсэн малтай, хонь хурга, ишиг, тугалтай хөөцөлдөн бага насаа үдсэн. Зоогийн шанд, Равжихын эхэн ус, Адаг худаг миний бага насаа мал ахуй эргүүлж өссөн нутаг.  Сургуульд орсон хойноо ч хичээлээс ирээд л малдаа явна. Арваа төгстөл ийм л дэглэмтэй ч хичээл номоо орхигдуулсангүй. Дажгүй сурлагатайд тооцогддог байлаа. Гучуулаа төгсөхөд “Сайн” дүнтэй гуравхан хүүхдийн нэг  байсан гэхээр овоо шүү. Нэг удаа ангийн ирц бүртгэхэд намайг байхгүй болохоор Эрдэнэчимэг багш “Сүмбэр яасан, малдаа явчихсан уу” гэхэд ангийхан нирхийтэл инээлдсэн гэдэг.

-За тэгээд оюутан цагийн паян залгана биз дээ?

-Оюутны намраа сургуулиа хаячихсан. Хөдөө сар гаруй болоод эмээгийнхээ ятгалгаар сургуульдаа буцсан. Эмээ маань “Би хүүгээ дагаад хот явлаа, Та нар мал хуйгаа яадагсанж уу” гээд  надтай цуг хот орсон. Би чинь 18,19 нас хүртлээ эмээгийхээ өвөрт унтсан эрх банди нь. Намайг хичээл тараад ирэхэд гадаа хүлээгээд сууж байдагсан.  Эмээ гэхээс өвөө маань их номтой лам байж. Зоогийн хийдийн Их унзад байсан гэдэг. Шашин дэлгэрэхийг үзэж Мандалговьд хийд сэргэн нээгдэхэд уригдан очиж ном уншсан. Манайх чинь “Гомбо сахиус”-тай айл. Миний суралцаж төгссөн Нийгэм, эдийн засгийн дээд сургууль  их өргөн мэдлэг эзэмшүүлсэн. Багш нар ч гэж лут амьтад.  Дандаа доктор, профессорууд. Төр, засгийн томцуул, олны танил эрхмүүд орж ирээд лекц уншаад эхлэх ч сүрдмээр. Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн томцуул бүгд миний багш нар. Би өөрөө социологич болох хүн чинь архелогийн экспедицид ороод Хэнтий аймгийн хэд хэдэн суманд ажилласан. Нэгдүгээр дамжаанд  байхдаа АСТ-д /Авхаал сэргэлэнчүүдийн тэмцээн/ ангиа ахалж ороод түрүүлчихсэн удаатай. Сэдэв нь түүхийн хичээлээр.  Дунд сургуульд “Монголын нууц товчоо”-нд нэлээн гүнзгий “Орчихсон” нь хэрэг болж билээ. Хамгийн дурсгалтай нь дадлагаа Монгол улсын Ерөнхийлөгчийн  тамгын газарт хийсэн минь. Нацагийн Багабанди гуайн үе шүү дээ. Төрийн ордонд ингээд арван сар ажиллахад их ч юм сурсан. Олон ч сайхан хүнтэй танилцсан.  Төрийн ажилд нууцын зэрэглэлтэй юм ч олон. Гол нь захидал харилцааны албанд иргэдийн ирүүлсэн санал, гомдол, өргөдөлд шинжилгээ хийсэн.

-Нийгмийн ухааны чиглэлээр суралцах сонголтыг санаандгүй хийчихсэн үү?

-Санаандгүй ч биш юмаа.  Миний нагац ах М.Цоодолсүрэн гэж хүн бий. Одоо Улаанбаатарт аж төрж байгаа. Нийгмийн шилжилтийн үед боловсролын байгууллага дахь нийгмийн ухааны сургалтыг дампуурлаас аварсан гавьяатай гэж би ахыгаа үнэлдэг. Нийгэм шилжихэд нийгмийн ухааны сургалтын хөтөлбөр утга учиргүй болж эхэлсэн.  Номлож байсан систем нь нурчихаар. Тэр үед  ахын маань хэвлүүлсэн “Нийгмийн ухааны мэдлэг” ном  аминд орсон хэрэг. Бүр 1995,1996 оны уралдаант шалгалтыг тэр номоор авсан.  Манай Цоодолсүрэн ах нийгмийн шилжилт зайлшгүй гэдгийг угтан харсан, онолын үндэслэлийг ч сайн мэдэж байсан нь энэ номноос харагддаг. Тэгээд ч аймагтаа Ардчилсан холбоог байгуулсан  анхдагчдын нэг, удирдан зохион байгуулагчдын нэг төдийгүй албан тушаал, эрх мэдлийн төлөө тэмцээгүй цөөн хүний нэг. Ахын маань мэргэжил, үзэл бодол намайг энэ мэргэжлийг сонгоход нөлөөлсөн нь гарцаагүй.

-Сургуулиа төгсчихлөө.  Угтах зам чинь хэрхэн хүлээж авав?

-Сургуульдаа багшиллаа, хажуугаар нь Монгол хэл бичгийн дээд сургууль, Өүлэн коллежид цагаар хичээл заасан. Ачаалал ихтэй.  Монгол хэл бичгийн дээдэд  долоо хоногт 16 цаг орж байхад үндсэн багш нь 18 цагтай гэхээр  юү болох вэ. Багш гэж хэнийг хэлэх вэ гэсэн асуулт өөртөө тавиад “Сурах+сургах+ сурах” гэж томьёолон өөртөө хатуу шаардлага тавьдаг байлаа. Ер нь багшлах эрх авснаар өөрсдийгөө багш гэж үзэх нь өрөөсгөл. Багш хүн бол байнга өөрийгөө хурцалж, өнгөлж байх шаардлагатай мэргэжил. Иймд “Багшлах эрх” бол тодорхой хугацаатай, хугацаа нь дуусахаар дахин шалгалтанд орж тэнцсэн бол эрх нь сунгагддаг тогтолцоо хэрэгтэй байна. Даяаршлын, шинжлэх, ухаан, техник, технологийн үсрэнгүй хөгжлийн энэ үед нэг жилийн дотор маш их өөрчлөлт, хөгжил явагдаж байгаа болохоор багшлах эрхийг жил тутам шалган сунгах эсэхийг шийдмээр санагдах юм.

-Сайхан санаа байна.  Багшийн ажлаас хөндийрөөд юү хийв?

-Олны жишгээр компани байгуулж үзсэн. “Дарь-эхийн Далай” гээд худалдаа, үйлчилгээний чиглэлийн компани бий. Боломжийн ажилласан, өөрийн гэсэн ажлын байртай болсон. Тэндээс би хөндийрсөн ч өөрөө үүсгэн байгуулсан болохоор чих тавьдаг л юм. Сайн яваа гэсэн. Тэнд би аж ахуйн ажлын дөр ч суусан. Гэхдээ миний хийх ажил биш юм билээ.  Тэгээд 2008 онд удирдлагын академид мэргэжил дээшлүүлсэн. Номын дуу сонсох сайхан байсан. “Байгаль орчныг хамгаалахад иргэдийн оролцоо” сэдвээр курсын ажил бичсэн.  За тэгээд төрийн албаны шалгалт өгчихлөө. Тэнцсэн шүү. 5000 гаруй хүнээс 1600 нь тэнцэхэд  бүр эхннээсээ 28-д багтсан. Өөрийгөө тэгэхэд л тоосон.

-Шалгалтанд тэнцчихсэн хүнд ч төрийн алба нээлттэй дээ?

-Тийм биш юмаа. Аймагтаа хүрч ирээд Засаг даргад бараалхсан. Ш.Төрбат даргын үе. Шалгалтын дүнг интернетээр шалгаад сайшаасан ч төрийн алба хаших туршлагагүй гээд өргөдлийг маань цохоод төрийн албаны зөвлөлд шилжүүлчихсэн. Ингээд л хүлээлт эхэлсэн. Энэ хооронд зүгээр суухаас гээд “Маркетинг,социологийн судалгаа, мэдээллийн төв байгуулсан. Төрийн бус байгууллага л даа. Энэ нь орон нутагт нийгмийн амьдралын бодит төрхийг судалгаа, шинжилгээний аргаар илэрхийлэх зорилготой. Гэтэл  бас аймгийн Эрэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөлийн ажлыг над санал болгосон.  Ингээд хоёр ч ажил дээр өөрийгөө сорьсон. Иргэний нийгмийн байгууллага ажлаа зөв танилцуулаад хүний төлөө юм хийгээд эхлэхээр туслаж дэмжих байгууллага, албан тушаалтан гараад ирэх юм билээ.  Арав гаруй сая төгрөгийг байгууллага, аж ахуйн нэгж, сайн санаат хүмүүсээс татаж нийгэмд зориулсан дүн гарсан. Богино хугацааны ажил  л даа.  “Ааваа дуулъя-2011” зохиолын дууны телевизийн уралдаант нэвтрүүлэг олны сонирхол их татсан. Олон авьяастан энд өөрийгөө сорьсон, бас олонд илчилсэн. Залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх аятайхан хэлбэр болсон. Ингээд түрүүлсэн  нэг хүнийг аймгийн зардлаар  СУИС-д сургасан. Таван жуил суралцаад аймагтаа соёл урлагийн нэг мэргэжилтэн ирнэ гэсэн үг. Аймгийн Засаг дарга Д.Чандмань үүнийг маш их дэмжсэн. “Эрийн тэнгэр аавууд” номд аймгийн 81 сайхан ааваа үр хүүхдүүд нь алдаршуулсан. Эрчүүдийн холбооны л хийж  санаачилсан ажил. Судалгааны төвөөс оюутнуудын амралтыг зөв өнгөрүүлэхээр илтгэлийн уралдаан жил бүр зарлан дүнгээд явж байна.  Сэдэв нь аймаг орны хөгжлийн төлөв, эдийн засгийн байдалд өгсөн үнэлэлт дүгнэлт, цаашид хэрхэх тухай арга замд чиглэхээр судалгааны төвийн ажлын нэг хэсэг болчихсон. Одоо гурав дахь жилдээ энэ уралдаан уламжлал болон явагдаж байна. Шалгарсан оюутанд өгдөг шагналыг нэг жилийн сургалтын төлбөрт ойртуулахыг зорьж байгаа.

-За одоо эрхэлсэн ажил руугаа оролгүй горьгүй нь дээ?

-Сургуулийн ажил жигдэрч байгаа. 150 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засвар хийж байна. Спорт заалдаа их засвар оруулж хичээлийн  байрны цонхыг вакумжууллаа. “Үдийн цай”-ны өрөөг тохижуулж зарим кабинет шинээр байгуулж байна. Сургууль маань өөрийн гэсэн унаа машинтай боллоо гэхчилэн аж ахуйн чанартай хийж амжуулсан зүйл бий. Харин хамгийн гол нь сургалт шүү дээ. Манайх чинь аймагтаа зүүн бүсийн төв сургууль гэж болно. Энэ утгаар Кембрижийн стандартыг бүс нутагтаа үлгэр жишээ нэвтрүүлэхийг зорьж байгаа. Ингэснээр манай сургуулийг төгсөгчид гадаадын аль ч нэр хүндтэй дээд сургуульд элсэх шаардлагыг хангах юм. Үүний тул хэд хэдэн өөрчлөлт шаардлагатай. Багш нарын бичиг цаасны ажлыг багасгах, сурагчидтайгаа ажиллах цагийг нэмэгдүүлэх, багш  нарын мэргэжлийг дээшлүүлэх тогтолцоо бий болгох, , мэдээлэл, технологийн ололт сургуульд иж бүрэн нэвтрүүлэх… гээд олон ажлыг дээрээс ч анхааралдаа авах, дороо ч дээшээ хараад байлгүй хэрэгжүүлэх л чухал боллоо.

-За баярлалаа. Сонирхолтой яриа өрнүүллээ. Амжилт хүсье.

-Баярлалаа. Дундговьчууддаа, Говь-угтаалчууддаа  Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж дэнж хотойтол сайхан наадаарай гэж ерөөе. Морь хурдан, бөхчүүд бяр хүч их, сурчид эрхий мэргэн байх болтугай.

                        Ярилцсан С.ПҮРЭВСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж