100 айлын гүүрийг засч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.07.17-нд нийтлэгдсэн

100 айлын гүүрийг засч эхэллээ

Урин дулаан цагт үргэлжилдэг зам засварын ажил ид өрнөж байна. Хөгжлийн банк болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар засч байгаа замуудын тухай мэдээллийг та бүхэнд хүргэе.

Төрийн ордны баруун талын зам буюу жуулчны гудамжнаас хойшоо байгалийн түүхийн музей хүртэлх 200 метр замыг өнөөдрөөс энэ сарын 25-ныг цаг хүртэл долоо хоногийн хугацаатай хаахаар болоод байна. Энэ хооронд газар доорхи инженерийн байгууламж, цахилгаан, холбооны шугам сүлжээг шинэчлэх ажлыг хийх ажээ. Одоогоос хэд хоногийн өмнө энэ замын нөгөө нэг хэсэг болох жуулчны гудамжнаас дээшээ Төв шуудан хүртэлх замыг зассан ч үлдсэн хэсгийг нь одоо эхлүүлж байна. Засварын ажлыг Хөгжлийн банкны санхүүжилтээр хийж байгаа юм. Зам засварын ажилтай холбоотой асуудлаар Нийслэлийн авто замын газрын хяналтын инженер Л.Мэндбаяраас тодрууллаа.

-Өмнө нь жуулчны гудамжаас дээшээ Төв шуудан хүртэлх замыг хааж засч байсан. Үүнийг тэр чигт нь хаагаад хийчих боломж байгаагүй юм уу?

-Тэр чигт нь хаагаад хийхээр хөдөлгөөнд саад учруулна гэж үзэн хоёр хэсгээр засч энэхүү замын ажлыг хийсэн. Угаасаа 400-500 метр замыг тэр чигт нь хаагаад хийх боломж байгаагүй.

-Нийтдээ хичнээн төгрөгөөр энэ ажлыг хийж байгаа юм бэ?

-Засварын ажлыг гурван тэрбум төгрөгөөр хийж байгаа юм.

-Замыг дараа жил дахиад засах уу? Эвдэрч гэмтэхгүй байх баталгаа өгч чадах уу?

-Гүйцэтгэгч компаниуд нэг жилийн хугацаа өгдөг байсан. Энэ жил нэмэгдээд хоёр жил болсон байх аа.

100 айлын хос гүүрийг засч байна

100 айлын хос гүүрийг өчигдрөөс засч эхэллээ. Эхний ээлжинд иргэдийг ярьж заншсанаар Сансарын колонк руу өгсдөг нэг чигийнх нь гүүрийг засч байгаа бөгөөд ирэх есдүгээр сарын 7-ны өдрийг хүртэл засварын ажил үргэлжлэх юм байна.  “Гүүрийг бүхэлд нь шинэчилж дам нурууг нь буулгаж байгаа учраас засварын ажлыг ингэж удаан хийж байгаа юм. Зургаан метр орчмын өргөнтэй гүүрийг засаад 11 метр болгож байгаа учраас замын ачаалал буурахад нөлөөлнө” гэж Л.Мэндбаяр ярьсан юм. Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар засч байгаа энэ гүүрийг таван тэрбум төгрөгөөр хийж байгаа ажээ.

120 мянгатын уулзварыг засах ажил эхлээгүй байна

120 мянгатын уулзварыг дөрвөн зам болгож өргөтгөх ажил одоохондоо эхлээгүй байна. Одоо байгаа цэцэрлэгийг алга болгоод дөрвөн зам болгох гэж байгаа ажээ. “120 мянгатын засварын ажил эхлээгүй байна. Тендер зарлагдаж дуусаагүй” гэж Нийслэлийн авто замын газрын орлогч дарга Г.Баттогтох ярьсан юм. Цаашид хаах замуудыг хараахан батлаагүй байгаа бөгөөд хуралдаж байж шийдвэрлэх аж.

Гэр хороолол болон орон сууцны хороолол дундуурх замын засвар үргэлжилж байна

Нийслэлийн таван дүүргийн гэр хороолол болон орон сууцны хороонд байх замыг шинэчлэхээр болсон юм. Тендерийн ажил өнгөрөгч дөрөвдүгээр сарын 16-ны өдөр эхэлж. 16 багц ажлын 14 нь 50 хувьтай явж байгаа ажээ. Туслах замуудыг засах ажилд нийтдээ 8,3 тэрбум төгрөг зарцуулж байгаа бөгөөд ирэх намар гэхэд бүрэн дуусах юм. “Тухайн хороодод сонгосон хэсэгт ажлууд эхэлчихсэн байгаа. Дараа жил ч гэсэн сонгогдоогүй газруудад ажил үргэлжлэх болно” гэж Нийслэлийн авто замын газрын хэвлэл, мэдээллийн ажилтан Д.Оюунцэцэг ярьж байсан билээ. Үүнээс гадна  зургадугаар бичил хорооллын урдах зам, урт цагааныг төмөрчний гудамжтай холбох засварын ажлыг хийхээр төлөвлөж. Чухам хэзээ зам хаах нь одоогоор тодорхойгүй байна. Энэ талаар бид цаг тухай бүрт нь эргэн мэдээлэх болно.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж