Шалтаг уу, шалтгаан уу

Хуучирсан мэдээ: 2012.07.17-нд нийтлэгдсэн

Өмнөх төрийн үед эдийн засаг өсч, уул уурхайн томоохон ордууд эхнээсээ ашиглалтад орж эхэлсэн. Магадгүй халаагаа өгсөн Засгийн газрын хамгийн том гавъяа гэвэл дэлхий нийтийн арааны шүлсийг гоожуулсан орд газруудыг ашиглалтад оруулсан явдал юм. Үүнтэй холбоотой манай улсын эдийн засагт гаднын томоохон тоглогчид олширч, хөрөнгийн биржийн шинэчлэл хийгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн дэлхий нийтийн анхаарлын төвд Монгол Улс орсон.

Сайныг дагаж саар оршдог нь хорвоогийн жам. Магадгүй энэ л жамаар улс төрчид хүний хөгжлийн гэх гоё нэртэй 21 мянган төгрөг иргэдэд тараасан байх. Гэвч хүнээ хөгжүүлэх бус хөгжлийг хойш татсан 21 мянган төгрөг Монголын эдийн засагт савалгаа авчирч, ядуу иргэдийг “залхуу” болгосон гэх муу нэрийг араасаа дагуулсан билээ. Хор уршиг нь өнөөдөр ч иргэдийн хэтэвчийг тэмтэрсээр байна. 2012 оны эхний зургаан сарын эдийн засгийн үзүүлэлтээс харахад инфляци 14.7 хувьд хүрчээ. Уг нь эдийн засагт мөнгө орж ирэх нь тийм ч муу зүйл биш гэдгийг зарим эдийн засагч хэлдэг. Гэвч манайд мөнгөний сургаар сэрчихдэг инфляци гэх хадны мангаа эдийн засгийг цочоож, айлгаж, зүрхийг нь савлуулж, цус харвуулах нь холгүй байдалд оруулчихдаг.

Тэгвэл  гол шалтгаан нь юу вэ

Засгийн газрын зүгээс УИХ-ын амлалтуудыг биелүүлэх чиглэлээр мөнгөний нийлүүлэлтийг богино хугацаат хэрэглээний түвшинд нэмэгдүүлэх тохиолдолд инфляцийн “шок” бий болох аюул үүсдэг гэдгийг дэлхий нийт нэгэнтээ хүлээн зөвшөөрчихсөн. Энэ бол одоогоор бидний мэдэх инфляци өссөний хамгийн том шалтгаан. Гэхдээ шалтгаан заримдаа шалтаг болох нь байдаг.

Шалтгааныг шалтаг болгох нь

Тухайн бараа, бүтээгдэхүүнийг худалдаж авах гэж байгаа тал буюу эрэлт мөн бараа бүтээгдэхүүнээ борлуулах гэсэн нийлүүлэлт хийж байгаа тал байж гэмээнэ худалдаа наймаа явагдана. Талууд өөр өөрийн гэсэн ашиг сонирхолтой.  Мэдээж худалдан авагч тал аль болох чанартай бүтээгдэхүүн хямд үнээр авах сонирхолтой. Харин нөгөө тал өөрийн бүтээгдэхүүнээ аль болох үнэ хүргэж зарахыг хүсдэг. Онолын үүднээс нь тайлбарлабал Адам смитын чөлөөт эдийн засгийн онол гээд зузаан номоос ишлэж болох юм. Чухам Адам смитын онолоос үүдэлтэй чөлөөт эдийн засгийг зөнд орхих талаар яриа гарсан байх. “Гэхдээ Юманд учир, суманд занги” гэж бий. Дээр дурдсан хоёр талын сонирхол нийцсэн цагт эдийн засагт зах зээлийн тэнцвэртэй үнэ тогтдог.  Чухам ийм тэнцвэртэй эдийн засгийг юу л болбол болог гээд эрх дураар тавьж болох юм. Ийм нөхцөл байдлыг зэх зээлийн тэнцвэртэй үнэ бүхий “бланстай” эдийн засаг гэх нь бий. Харин манайд эсэргээрээ байна. Үүнийг инфляци гэх хадны мангаа мөнгөний үнэрээр сэрдэг буруу зуршлаас харж болох юм. Уг нь эдийн засгийг хөгжүүлэхийн тулд мөнгө оруулах л хэрэгтэй. Мөнгөгүй эдийн засаг бензингүй машин хоёр адил.

Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн Эдийн засгийн онолын тэнхимийн эрхлэгч Ц.Батсүх  нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “УИХ-д 1996 оноос өмнө бизнес эрхэлдэг хүн бараг байгаагүй. Гэтэл сүүлийн жилүүдэд УИХ дахь ийм хүмүүсийн тоо эрчимтэй өсч байна. Одоо бол бараг 100 хувь бизнесмэн УИХ-тай болоод байна шүү дээ. Бизнесмэнүүд УИХ-аас иргэдийн төлөө гэх шийдвэр гарах уу, үгүй шүү дээ. Үнийг бууруулах хамгийн том нөхцөл нь нийлүүлэлтийг дэмжиж, нийлүүлэгчдийг олон болгох хэрэгтэй. Нийлүүлэлт ихэсч бараа, бүтээгдэхүүн хаа сайгүй олшрохоор үнэ буурах нь тодорхой. Гэтэл үүнийг төрийнхөн хийхгүй байна гэсэн үг. Хийхгүй байх сонирхол нь өөрсдөд нь байна. Яагаад гэвэл олигаполийн хэт давуу үнээс олж байгаа ашгийг хэн нэгэн төрийн нөхөр хүртэж байгаа учраас үүнийг хийх сонирхолгүй байна гэж миний хувьд үзэж байна. Уг нь эдийн засагт ингэж зохицуулдаг гээд биччихсэн хуулиуд нь байдаг. Гэтэл үүнийг хэрэглэхгүй байна” гэжээ. Магадгүй тэд хүний хөгжлийн 21 мянган төгрөгөөр шалтаглаж инфляцийг өдөөх цаад шалтгаан нь энэ байж болох. Баталгаажуулах хэд хэдэн баримт бий. Иргэдийн гар дээр хэдэн төгрөг ахиу очих сургаар хамгийн түрүүнд шатахуун, мах тэргүүтэй хүнсний өргөн хэрэглээний цөөхөн бараа, бүтээгдэхүүний үнэ ямар нэгэн далд аргаар өсдөг. Товчхондоо монополь буюу хэн нэгэн нийлүүлэгч талын давуу эрх бүхий нэгэн эрхмийн явуулж буй бизнесийн аль нэг салбарын ямар нэгэн бараа бүтээгдэхүүний үнэ санаанд оромгүй өсдөг. Хариуд нь хүн ам бага, нийлүүлэгч тал цөөн жижиг зах зээл бүхий Монголын эдийн засаг ханиад хүрчихдэг гэмтэй.  Уг нь өмнөд хөршийн нэг мужийн хүн амтай арай ядан тэнцэх Монгол Улсын иргэд энэ их баялгийн дээр сандайлчихаад ядууралтай тэмцэнэ гэх уриа үг хараад баярлаж суух нь өрөвдөлтэй ч юм шиг. Тариа, ногоо тарих ч газаргүй шахам болтлоо тэрбум хүнтэй зайгүй шахам чихэлдсэн улс иргэдээ өлсгөхгүй тэр ч бүү хэл “New economic foundation” бай гууллагаас Дэлхийн улсуудын аз жаргалын индексээр дэлхийн хамгийн аз жаргалтай иргэд бүхий орны эхний таван байрт явна. Харин манайх 151 орноос 146 дугаарт жагссан байна.

Уг нь энэ мэт байдлын далд санааг олж, мөнгөний бодлогоор улс төрчдийн буруу үйлдлийг хазаарлах эрх Төвбанкид бий. Гэтэл . . .

 ОУВС-ийн Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Стивен Барнетт “Төсвийн бодлого нь тэлсэн, мөнгөний бодлого нь хатуу байх нь бодлогын оновчтой хослол биш. Үр дүнд нь эдийн засаг дахь Засгийн газрын оролцоо данхайж, харин хувийн хэвшил хумигдана. Мөнгөний бодлого Засгийн газрын хэт их тэлэлтийг хувийн хэвшлийг шахах замаар тэнцвэржүүлэхэд чиглэж байна” гэв. Чухамдаа нийлүүлэлтийг нэмэгдүүлэх хувийн хэвшлийг шахах нь эдийн засаг эрүүл саруул байх гол нөхцөл боломжийг хааж байгаа хэрэг юм. Харин энэ талаар Монголбанкны эдийн засагч, эрхтэн дархтнууд “Бидэнд үүнээс өөр арга алга” гээд гунигтай царайлаад суучихдаг.

Шинэ засаг Монгол төрийн тулганд галаа бадрааж, тангаргаа өргөөд байна. Тэд энэ удаа сонгогдохдоо бэлэн мөнгө тараах тэр ч бүү хэл ажлын байр бий болгох  заалтыг мөрийн хөтөлбөртөө тусгалгүй өрсөлдсөн. Гэхдээ л ажилтай болох юмсан, амьдрал сайжраасай, махны үнэ буураасай гэх бодол иргэдийн сэтгэлийн чанадад сүүмэлзэж л яваа. Тэгээд ч шинэ Засгийн газар 21 мянган төгрөг бэлнээр тараахгүй юм чинь инфляци буурах байх. Хэрвээ үнэхээр дээр хэлсэнчлэн 21 мянган төгрөг инфляци өсөх шалтгаан биш шалтаг байсан бол шинэ төрийн нүүрэнд иргэдийн хэтэвч хоосорсоор л байх биз ээ.

Яг үнэндээ иргэдэд эдийн засгийн өндөр өсөлтийг харуулсан график, хөрөнгийн биржийн хөгжил, Засгийн газрын ирэх хэдэн арван жилийн төлөвлөгөө нэг их хамаатай биш. Харин тэд мөр бүтэн, гэдэс цатгалан, элэг бүтэн аж төрөн суувал болох юм. Энэ энгийн бөгөөд эрхэм хүслийг шинэ Засгийн газар бүрэн бүтэн биелүүлдэггүй юмаа гэхэд ядаж чадлынхаа хэрээр зүтгээсэй билээ.
 

Э.Зоригт

Эх сурвалж: WWW.MONGOLIANECONOMY.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж