Сири химийн зэвсэг хэрэглэхээс буцахгүй

Хуучирсан мэдээ: 2012.07.17-нд нийтлэгдсэн

Сири химийн зэвсэг хэрэглэхээс буцахгүй

Засгийн газраасаа урваж, сөрөг хүчинд нэгдсэн Сирийн улс төрч, экс-элчин сайд Наваф Фарес эрх баригчдаа аргагүй байдалд орвол химийн зэвсэг хэрэглэхээс буцахгүй гэж ярьсан гэнэ. Наваф Фаресын хэлснээр Сирийн эрх баригчид химийн зэвсгийг хэдийн хэрэглээд эхэлчихсэн гэдэг албан бус мэдээлэл иржээ.

Түүнээс гадна Сирийн босогчид байрлаж буй гол хотуудыг бөмбөгдсөн хэргийн цаана Засгийн газрын цэргүүд, Аль-Кайдагийн алан хядагчид байгаа гэнэ. АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг огцруулж, түүний дэглэмийг унагах цэргийн ажиллагаа явуулахаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудтай хэлэлцэж буй авч ОХУ, Хятад эсэргүүцсээр байгаа аж. ОХУ нь Сирийн том дэмжигчдийн нэг бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард босогчид Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг огцруулахаар бослого дэгдээсэн цагаас хойш тус улсын эсрэг хориг арга хэмжээ авахыг эсэргүүцэж ирсэн юм. Иргэний дайны хэмжээнд хүрсэн Сирийн улс төрийн хямралыг энх тайван замаар шийдэхийг уриалж буй НҮБ-ын тусгай төлөөлөгч Кофи Аннан Сирийн асуудлаар хэлэлцэхээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзах аж. Гэвч Сирийн сөрөг хүчин Башар аль-Ассадын дэглэмийг зөвхөн олон улсын цэргийн хүчээр унагаж чадна гэж үзэж байгаа юм. Сирийн экс-элчин сайд Фарес эрх баригчдаа Аль-Кайда бүлэглэлийн суннитийн урсгалын төлөөлөгч алан хядагчидтай холбоо, сүлбээтэй гэдэгт эргэлзэхгүй байгаа аж. Наваф Фарес нь Сирийн эрх баригч Баат намын удирдах зөвлөлийн гишүүнээс гадна хэд хэдэн мужид Аюулаас хамгаалах албаны нөлөө бүхий албан тушаал хашиж байжээ.

Наваф Фарес “Башар аль-Ассадын Засгийн газрыг тун удахгүй нуран унана. Гэхдээ аль болох хурдан түүнийг унагаж чадвал Сирийн ард түмэн бага хохирол амсана” гэжээ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж