
Лондонгийн хөрөнгийн биржийн арилжааны систем болох “Миллениум Ай Ти”-г Монголын хөрөнгийн биржид нэвтрүүлэх туршилтын ажил амжилттай болсон тул бүрэн байдлаар нэвтрүүлэхээр болсон билээ. Харин энэхүү шинэ систем араасаа олон бэрхшээл дагуулсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллсээр байгаа. Үүний шууд тусгал нь өдөрт хэдэн сая ширхэг хувьцаа арилждаг байснаа больж, цөөхөн хэдэн компани арилжаанд оролцдог болжээ. Учир нь брокерийн компаниудад тавих шаардлага нь хатуу болсон хэмээж буй. Монголын хөрөнгийн биржийн арилжаа урд нь 11.00-13.00 цагийн хооронд явагддаг байсан бол Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийн дагуу долдугаар сарын 2-ноос 10.00-13.00 цаг хүртэл арилжаа хийж байгаа юм байна. Одоогоор “Миллениум Ай Ти” системийн шаардлагыг хангасан 12 брокерийн компани арилжаанд оролцож буй ажээ.