Морин спортыг цаашид хэрхэн хөгжүүлэх вэ?

Хуучирсан мэдээ: 2012.07.17-нд нийтлэгдсэн

Морин спортыг цаашид хэрхэн хөгжүүлэх вэ?

Хурдан морины уралдаан, морин спортыг цаашид хэрхэн хөгжүүлэх вэ, монгол морины хурдыг хэрхэн сайжруулах вэ гэдэг асуулт жил, жилийн наадмаар хөндөгддөг. Зарим нь эрлийз морьдтой хамт уралдуулж байж монгол морьдыг хурд сайжирна гэж буй бол монгол морь өөрийн онцлогтой, түүнийг нь хадгалж хөгжүүлэх хэрэгтэй гэх хүн ч цөөнгүй.

Энэ жилийн хувьд морьдын хурдыг гараанаас барианд орж ирж буй км/цагаар хэмжиж тогтоох нь зүйтэй гэсэн шийдвэрийг Морины комисс гаргасан. Комиссын ээлжит хурлаар монгол морийг эрлийзтэй хамт уралдуулвал чадал, хүч нь сайжирна гэсэн санал гарч нэлээд маргаан дагуулсан дуулдсан. Гэвч Монголын уяачдын холбооноос 3000 гаруй гишүүдийнхээ дунд явуулсан судалгаанд үндэслэн тусад нь уралдуулна гэсэн шийдвэрт гар хүрэлгүй үлдээснээр ойрын хэдэн жилдээ энэ байр суурь хэвээр байх бололтой.

Гэхдээ л энэ жилийн наадмаар морь шүдэлсэн эрхмүүд, ХААХҮЯ-наас баталсан монгол морины стандартыг баримтлах морьдыг үзлэгт оруулах ёстой эрх бүхий албан тушаалтнуудын мэдлэг дутсан, мэдэн будилсаны алин болох нь тодорхойгүй шалтгаанаар зарим насанд эрлийз морьд оруулчихсан нь наадамчин олныг багагүй бухимдууллаа. Энэ ч яахав мэргэжлийн байгууллагын хэлэлцэх асуудал биз. Харин энэ жилийн наадмаар уяачдын дунд морин спортыг хөгжүүлэх тухай гарц хайсан, монгол хурдан морины уралдааны онцлог, уламжлалыг хадгалахын зэрэгцээ шинэчлэл хийж, сонгомол уралдааныг бий болгох, тойруулгаар уралдуулах чиглэлд санаачилга гаргаж, санал дэвшүүлж, байр сууриа илэрхийлсэн яриа, хөөрөө өрнөсөн нь анхаарал татаж байна.  Бид энэ удаад уяачдын галаар орж, заримынх нь байр суурийг хүргэж байна.


"Монгол глобал" компанийн захирал Б.Ганбаяр: Хүй долоон худгийн замыг хуваах нь утгагүй

-Морин спортыг цогц байдлаар хөгжүүлэхэд цаашид юу анхаарах ёстой вэ?

-Хурдан морио уралдуулахаас гадна унаач хүүхдүүдийнхээ аюулгүй байддыг анхаарах хэрэгтэй байна. Хүүхэд бол бидний ирээдүй. Хүүхдүүд хэчнээн өнгөлөг байна, Монголын ирээдүй гэгээлэг байна. Энэ үүднээс бид энэ жилээс эхлэн зургаан насны хурдан морины уралдаанд түрүүлж, айрагдсан эхний таван хүүхэд нийт 30 хүүхдийг нэг сая төгрөгийн алтан гулдмайгаар байлдаг уламжлалаа цаашид хадгалахаар болсон. Уяачид л алдар цолоо дуудуулаад байхаас унаач хүүхэд орхигдож ирсэн муу зуршлыг халах хэрэгтэй. Энэ санаачилгыг бусад уяачид дэмжих байх гэж найдаж байна. Манай уяачид ухаалаг хүмүүс байдаг. Намайг дагаад хийх байх гэдэгт итгэлтэй байна.

Монголчууд наадмаа хийхдээ заавал цэнгэлдэх рүү очиж шаваад байхгүй Хүй долоон худаг руу явдаг урсгалыг өргөжүүлэх хэрэгтэй байна. Монгол Улс хэчнээн уудам нутагтай билээ. Тиймээс Хүй долоон худаг руу явдаг А, Б, В, Ж гэх мэт үсэг хэрэггүй юм. Ингэж ялгаж, зааглах утгагүй гэдгийг би өнгөрсөн жил шүүмжилж байсан. Тэнд наадамлаж байгаа 4-5 мянган хүний асуудлыг би шийдээд сууж байна. Олон зочин хүлээж авч байна.


"Цэнгэлийн манлай" галын тэргүүн О.Отгонбаатар: Тойргоор уралдаж яагаад болдоггүй юм бэ? 

-Хурдан морьдыг тойруулгын хэлбэрээр уралдуулах санаачилга гаргасан гэж дуулсан. Энэ талаар манай уншигчдад сонирхуулахгүй юу?

-Монгол морины уралдаанд цаашид хийж хэрэгжүүлэх, засч залруулах олон зүйл байна. Хүний эрх, эрх чөлөөтэй холбоотойгоор хүүхдийн аюулгүй байдлын тухай чухал шаардлагыг тавьж эхэлж байгаа. Ядаж 12-13 нас хүрсэн хүүхдийг морь унуулах болно. Гэтэл морь уралдуулах зай юу болох вэ гээд асуудал үүснэ. Тэгвэл бид заавал 20-30 км морь уралдуулах ямар шаардлагатай юм бэ. Хүй долоон худгийн энэ их өргөн уудам талд тойргоор уралдуулж яагаад болдоггүй юм гэсэн бодол төрж байна. Хэмжээд үзэхэд тойргоор уралдуулвал 15 км талбай хангалттай бий.

Хүүхэд морины нуруун дээр 20-30 км давхиж барианд ордог. Замдаа унах, бэртэх нь ч бий. Бид монгол морины ид шидийг үзнэ гээд байдаг. Гэтэл морь зурхайгаас гараад хоёр км давхиад л цувж эхэлдэг. Наадамчид тэр цувааг нь үздэг. Тэгэхээр заавал 20 гаруй км давхиулж байж цувааг үзэх ямар шаардлагатай юм бэ. 15 км тойргоор уралдуулахад наадамчид монгол морины чадал хүч, шавдас сорьсон хурдыг хангалттай үзнэ. Дуран, суудлыг нь бүгдийг засчих хэрэгтэй. Монгол морин уралдааныхаа уламжлал, хэв маяг, үндсэн зүйлүүд хадгалагдаж байвал болно шүү дээ. Ингэж чадвал монгол морин уралдаан жинхэнэ төгс утгаар хөгжинө. Энэ талаарх саналаа бид мэргэжлийн байгууллагууд, Монголын уяачдын холбоонд хүргүүлье гэж бодож байгаа. Хэвлэл, мэдээллийн байгууллагууд ч энэ талаар анхаарч, мэдээлэл хүргэж байгаасай гэх байна. Надтай адил бодолтой уяач нар олон бий.

Монголчууд өмнө нь хийх ажилгүй байсан гээд хэлчихвэл ахмадууд гомдож магадгүй. Гэхдээ ер нь мал аж ахуй, байгальтайгаа харилцахаас өөр зүйл хийдэггүй. Хол байх тусам нь морио уралдуулаад байя, хоёр нарны хооронд явуулаад байя гэсэн байдлаар явж ирсэн. Заавал тэр хол тусмаа сайн шүү гэдэг уламжлалыг хадгалж үлдэх ёстой юу, эсвэл нүүдэлчин ахуйгаа хадгалсан уламжлалаа хадгалж, морь, уяач, унаач хүүхэд, тэдний аюулгүй байдал болон бусад хүмүүсийн цаг завыг бодож уралдааны зайг багасгаж олон улсын төвшний тойргийн хэлбэрт дөхөх хэмжээнд явуулах хэрэгтэй юм. Хөдөөгийнхөн маань үүнийг зөвөөр ойлгох учиртай. Хотын хэдэн баячууд уралдах гэж байна гэж туйлширч болохгүй. Энэ Монголын ард түмний цэнгэл, баяр учраас олон талаас авч үзэх хэрэгтэй. Наадамчин олонд ч гэсэн морьд нүдэн дээр уралдаж байх сайхан шүү дээ. Монголчууд өмнө нь морин уралдааныг мориор дагаад үзчихдэг байсан. Сүүлийн үед машинтай болгон нь дагаж давхиад үзье ч гэхнээ тийм боломж, бололцоо бага. Тэгэх юм бол наадам маань наадам биш болно.

Ч.ЗОТОЛ

ЭХ СУРВАЛЖ: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж