“Мусульман ахан дүүс” ялагдлаа хүлээв

Хуучирсан мэдээ: 2012.07.17-нд нийтлэгдсэн

“Мусульман ахан дүүс” ялагдлаа хүлээв

Ерөнхийлөгч Мохаммед Мурси ба түүнийг дэмжигч “Мусульман ахан дүүс” хөдөлгөөнийхөн цэргийн бүлэглэлийн эсрэг зогссон тэмцэлдээ ээлжит ялагдлаа хүлээлээ. Египетийн Байцаан шийтгэх шүүх шийдвэр гарган Цэргийн дээд зөвлөлийн тараасан парламентыг хууль ёсны гэж үзэх эрх ерөнхийлөгчид байхгүйг тогтоон өгөв. Үндсэн хуулийн цэц нь өмнөх сонгууль будлиантай явагдсан учраас парламентын гишүүдийн гуравны нэг гаруй нь хууль бусаар сонгогдсон гэж үзээд сонгуулийн дүнг хэрэгсэхгүй болгосон билээ. Парламентын олонх нь “Мусульман ахан дүүс” хөдөлгөөнийхөн байлаа.

Долдугаар сарын 8-нд Мурси тусгай зарлигаар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгон тараасан парламентыг эргүүлэн дуудсан билээ. Гэвч Мурсигийн зарлигийг Үндсэн хуулийн цэц нь 10-ны өдрийн хуралдаанаар хүчингүй болгосон байв. Ерөнхийлөгчийн талынханд Байцаан шийтгэх шүүхийн шийдвэрийг хүлээх л үлдсэн байлаа. Гэвч шүүхээс парламентыг хууль бус гэж үзснийг баталгаажууллаа.

Египетийн ерөнхийлөгч Мохаммед Мурси тус орны Үндсэн хуулийн Дээд шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөр шийдэв. Өөрийн байр суурийг тайлбарлахдаа ерөнхийлөгч Египетийг эрх зүйт улс гэжээ. Түүний энэ алхамыг цэргийнхний шахалтад орон хийсэн буулт гэж шинжээчид дүгнэв. Ерөнхийлөгч ба цэргийнхний хоорондын сөргөлдөөний улмаас Египетэд улс төрийн байдал нэлээд хурцдаад байсан юм.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж