Нэг ижилхэн хөтөлбөр. Саяхан болж өнгөрсөн үндэсний баяр наадмаар кабель, орон даяар цацдаг гэх бүх сувгуудаар цэнгэлдэхэд өрнөж буй бөхийн барилдааныг дамжуулав. Улаанбаатарт цацдаг 32 телевизийн сувгаар бараг нэгэн зэрэг цэнгэлдэхийн ногоон дэвжээ, Хүй долоон худгийн морьдыг цаг минутын дараалалтайгаар хэзээ ч мартахааргүй болтолоо харлаа. Хэдийгээр наадам бидний үндэсий баяр ч гэсэн бүх телевизээр гаргах нь зохимжгүй. 32 суваг болгон өөр, өөр хөтөлбөртэй байж гэмээнэ үзэгчдийг татах бичигдээгүй хууль телевизийн зах зээлд үйлчлээд 50 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа ч манайд алга. Ямар сайндаа зарим кабелийн телевизүүд өнгөрсөн хоёр жилийн наадмын хөтөлбөрийг тэр чигт давтан үзүүлж байх вэ дээ.
Улиг болсон сериал. 120-150, цаашлаад 300 руу дөхөх олон ангитай савангийн дууриудад бид 2000 оноос хойш бөмбөгдүүлжээ. Хоёр, гурван суваг болж эгнээгээ тэлж байгаа сувгууд ч өмнө нь гаргаж байсан киногоороо эфирээ бөмбөгдөж байна. Арай боловсон хэлбэл “үзэгчдийн хүсэлтээр”. Гаргах хөтөлбөргүйдээ солонгос киног гаргаж байгаа боловч нэг суваг дээр гараад дууссан киног, дараагийн сувгууд нь дахин гаргаж байх жишээний.
Би ямар суваг үзэж байгаагаа мэдэхээ болиод удаж байна. Уг нь Монголд маш олон кабелийн суваг байдаг ч үзэгчдийг зугаацуулан цэнгүүлэх, мэдээлэл өгөх, танин мэдүүлэх төрөлжсөн кабелийн сувгууд цөөхөн. Солонгосын олон ангит кино гараад байгааг нь харвал Солонгос улсын KBS сувгийг үзээд байгаа ч юм шиг. Парламентын хуралдааныг дамжуулж байгааг нь харвал “парламентын суваг” гэх тодотголтой телевизүүдийг ч үзээд байгаа юм шиг. Цаашаагаа төөрч өгнө.
Угтаа бидний энэ цаг үеийн төөрөлт тэртээ 1960-аад оны эхэн үед АНУ-д өрнөж байсан. Тухайн үед телевиз гэдэг шинэхэн мэдээллийн хэрэгслээр юу гаргахаа мэдээгүй хүмүүс санаанд орсон зүйлсээ цацаж байсан болохоор тэр. Тэгээд ч телевизээр бизнес хийх нь байтугай ашиг олох тухай бодол ч нийгмийн сэтгэлгээнд байгаагүй болохоор ингэх нь ч аргагүй. Харин өнөөгийн Монголд телевизээс ашиг олох, үзэгчдийг татах бодол хараахан суугаагүй байна. Үүнийг би хөтөлбөрийг хараад мэдлээ. Мэдээд ч удаж байна.
Уг нь үзэгчид бидэнд суваг солих хамгийн том эрх бий. Гэтэл нэгэн хэвийн монгол сувгуудаас энэ эрхийг гуйгаад ч хэрэггүй. Учир нь нэгнээсээ ялгагдах зүйл төдийлөн алга. Ядахдаа ганц баярын өдрөөрөө олигтойхон нэвтрүүлэг үзмээр байдаг. Харамсалтай нь байдаггүй ээ. Улаанбаатар төдийгүй, Монгол Улс даяар нэвтрүүлгээ цацаж байгаа том, жижиг, шинэ, хуучин, “олон нийтийн, олон нийтийн бус” телевизүүдээс үзэгчийн зүгээс гуйя нэвтрүүлэг үзмээр байна.