Туул хогийн цэг болжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.17-нд нийтлэгдсэн

Наадмаар олон хоног гэр зуураа амарсныг хэлэх үү, найзуудынхаа салхинд гарах саналыг уухайн тас зөвшөөрлөө. Хотод ойрхон болохоор шууд л Туул голыг зорив. Нэг өдөр ч гэсэн салхинд гараад, гол усны эрэг дээр өнжөөд ирье гэсэн бодол маань Туул дээр очингуут л эмзэглэл, эгдүүцэл, харамсалаар солигдох нь тэр. Туул гол тэр чигээрээ хогонд дарагдаж, тэнд очихын аргагүй муухай болчихож. Болчихож гэж дээ болгочихож.

Тусгай хамгаалалтын бүс байх учиртай Туул голын эрэг худалч хүнд Улаанчулуутын хогийн цэгээс дутах юм алга. Тэнд ч хэн нэгний уусан пивоны шил, энд ч ундааны лааз, талхны үртэс, гялгар уут, тамхины хайрцаг гээд хаяагүй юм алга. Даанч дээ, нийслэлчүүд минь. Ундны усныхаа эх ундрагыг хогийн цэг болгож,  архины шил, лаазаар дүүргэчихээд Туул голоо амралт зугаалгын бүс гэж яаж бодож, сэтгэж чадаж байна вэ. Баяр наадмын өдрүүдэд л гэхэд, 27 тонн хог цэвэрлэсэн гэж албаны хүний ярьж байхыг телевизороор сонсоод худлаа байлгүй дээ гэсэн үнэхээр үнэн байна гэдгийг хоёр нүдээрээ харлаа.  Цэвэрлээд байхад л хүчрэгдэхгүй байгаа гэхээр нийслэлчүүд ямар их тог тарьдаг нь хэлүүлэлтгүй ойлгомжтой байна л даа. Ууж дууссан пиво, ундааны шил, нойтон салфетка, чихэр печенийн цас гол дотор урсах нь бүр энүүхэнд. Салхинд туугдан, хүн олны хөлд  задарч, хэдэн тийшээ цацсан юм шиг л болсон хогнууд. Мэдээж гол бараадаж салхинд гарахыг хүссэн хүмүүс явган нүцгэн ирэхгүй нь тодорхой. Машин унаагаараа ирдэг байлгүй. Явган ирсэн ч гэсэн дээ, идсэн уусныхаа хогийг цэвэрлээд аваад явчихаж болно доо. Авчирсан юм чинь аваад явчихаж тийм хэцүү биш л санагдах юм. Нөгөөтэйгүүр Туул голын эрэг хавиар үнэндээ нэг  ширхэг хогийн сав байдаггүй юм билээ. Амралтын бүс, хүмүүс олноороо ирдэг, хог ихээр тарьдаг гээд нэг ч гэсэн хогийн сав байрлуулж болно доо. Туул гол хогонд дарагдлаа, хогийн цэг боллоо гээд зөндөө л бичдэг хэрнээ нийслэлчүүд нь нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргачихдаг бололтой юм. Замбараагүй, соёлгүй нийслэлчүүдийг мэдсээр байж холбогдох газрууд нь хогийн савтай ч болгочихгүй. Туул голд машинаа угаах нь бүр энүүхэнд. Аймаар хиртэй алчуур гаргаж ирээд л машинаа угаадаг нь ердийн үзэгдэл болсон шүү дээ.

Хогны тухай ийн ярьж байгаа нь зөвхөн Туул голын асуудал ч  биш шүү дээ. Нийслэлээс зайтай зуслангийн газартаа наадамчин олон маань ихээр цуглажээ. Зуслангуудын хогийг долоон хоногтоо нэг ачдаг гэж байна. Тэгтэл Шарга морьт зуслангийн эцэст байрлах хогийн цэг буюу нэг нэгнийгээ дууриан хог бөөгнүүлсэн хэсгийг цэвэрлээгүй нэлээн удсан тухай зусланд амарч буй иргэд ярилцаж байна лээ. Харин Төв цэнгэлдэх хүрээлэн энэ жил үлгэр жишээч байж, цэмцгэр наадсан. Олны хөл үе үе цугладаг газруудыг цэвэрлээд байж болох юм шиг санагдсан шүү. Харин усны ундарга болсон Туул голоо хог хаягдал дунд ширгээснийхээ дараа хэчнээн цэвэрлэе гээд оройтох бус уу. Хог цэвэрлэх ажил өрнөж байна гэдэгт урамших биш, хоггүй байна гэдэгт урамшихын тулд хүн бүрийн сэтгэл зовниж, нөр их ажил болголгүй дор бүрнээ хог тарихгүй байвал шийдэгдчих асуудал шүү дээ. Хог битгий хая гэж үй олон жил хэн бүхэн хэлж ярьдаг ч хогоо хаясаар л байдаг. Нийслэлчүүдийн сэтгэхүй өөрчлөгдтөл нэг бол Туул голын эрэг дээр хүн амьтан амраахыг эрс хориглочихвол зүгээр ч юм уу. Хогонд идэгдсэн Туулын уснаас уусан хүн хордоод үхэхэд ойрхон болчихоод байна шүү дээ.

Зургийг ЭНД дарж үзнэ үү

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж