Дэлхийн газрын ховор элементийн нөөцийн 95 орчим хувийг дангаараа эзэмшдэг Хятад 2010 оноос экспортоо 70 хувиар бууруулснаас дэлхийн зах зээл дээр газрын ховор элементийн хоёр төрөл цери, лантан нэг кг нь 40 гаруй ам.долларт хүрч тэнгэрт хадсан юм. Хятад дотоодын үйлдвэрлэгчдэдээ газрын ховор элементийг кг-ийг нь ердөө 10 хүрэхгүй ам.доллараар худалдах болсон нь технологиор өрсөлдөгч өндөр хөгжилтэй орнуудын зүгээс шүүмжлэлтэй тулгарч, Дэлхийн худалдааны байгууллагад гомдол гаргахад хүргэсэн юм. Харин Хятад газрын ховор элементийн экспортыг хязгаарласнаа байгаль орчныг хамгаалах, эко системийг сэргээх арга хэмжээний нэг хэсэг гэж тайлбарлаж байгаа аж.
Стратегийн нөөц баялаг нь улсын тусгай хамгаалалтад байдаг ёстой аж. Болив улс л гэхэд 50,000 тонн метр цул мөнгөний нөөцтэй Потоси хотын Сьерро Рико ордыг стратегийн нөөц гэж тооцон мөнгөний ханш унах үед олборлохоор хадгалж байдаг гэнэ. Боливийн энэ стратегийг АНУ газрын тосны салбартаа нэвтрүүлсэн юм. АНУ газрын тосны нөөцөөрөө дэлхийд 13-рт бичигддэг боловч газрын тосны хамгийн том импортлогч орон билээ. Стратегийн нөөц баялгаа гамнах нь зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлдэг боловч баялаг эзэмшигч оронд дураараа аашлах давуу эрх олгодог. Үүний нэг жишээ нь Хятад аж. Учир нь Хятад технологийн дэвшлээр өрсөлдөгч өндөр хөгжилтэй орнуудыг газрын ховор элементийн экспортын квотоор боож, дотоодын үйлдвэрлэгчдэд давуу эрх олгож байгаа билээ. Гэвч газрын ховор элементийн экспортыг хязгаарласан Хятадын бодлого нь стратегийн нөөцөд хяналтаа тогтоож, колоничлох гэсэн өрнөдийн орнуудын оролдлогод өгч буй хариу болохыг Европын комиссоос явуулсан судалгаа харуулжээ. Газрын ховор элементүүд нь ер олддоггүй зүйл биш боловч илрүүлж, олборлоход хэцүү байдаг гэнэ. Тиймээс асар их нөөцтэй газрууд ховор байдаг аж. Саяхныг хүртэл дээрх 17 төрлийн газрын ховор элементийг зөвхөн тусгай хэрэглээнд зориулан олборлож байжээ. Учир нь танд тусгай хайгч багаж, лазерын гэрэл, цөмийн төхөөрөмж байхгүй л бол ховор элементийг илрүүлэх боломжгүй.
Гэвч сүүлийн жилүүдэд нимгэн дэлгэцээс авахуулаад компьютерын санах ой зэрэг хай технологийн бүтээгдэхүүнүүд өдөр тутам шинэчлэгдэж, улам боловсронгуй болж буйгаас газрын ховор элементийн эрэлт нэмэгдэж байгаа аж. 1984 оноос хойш Хятад газрын ховор элементийн хамгийн том нийлүүлэгч, диспроси зэрэг зарим нэг төрлийн элементийн цорын ганц экспортлогч байв. Хятадын газрын ховор элементийн хамгийн том орд нь Өвөр Монголын Баян-овоо юм. Гэвч сүүлийн үед Хятад газрын ховор элементийн хамгийн том нийлүүлэгч байхаа больсон гэдэг цуурхал тарж эхэлжээ.
Хятад vs. технологийн мангасууд
Бразиль, Энэтхэг 1950 он хүртэл газрын ховор элементийн хамгийн том нийлүүлэгч байв. Үүний дараа Өмнөд Африк нэг хэсэг энэ төрлийн зах зээлд том экспортлогч байсан ч 60-аад оны дунд үеэс АНУ-д байраа тавьж өгсөн. 1980-аад оноос АНУ газрын ховор элементийн шинэ шинэ орд нээсэн боловч олборлолт нь эрс буурсан билээ. Шведэд ч мөн ийм орд илэрсэн боловч сүртэй олборлосон юм байхгүй аж. Харин хай технологиор тэргүүлэгч Японы хувьд хуучирсан электрон барааг дахин боловсруулах замаар асуудлыг шийдсэн. Дахин боловсруулах процесс асар удаан ч гэсэн Япон түүхий эдийн хомсдолд ороогүй юм. Дээр нь Японы шинжээчид Минами-Тори-Шима арлын ойролцоогоос долоон сая тонн газрын ховор элементийн нөөцтэй орд илрүүлсэн. Энэ нь Японы түүхий эдийн хэрэгцээг 200 жил хангахад хүрэлцээтэй. Газрын ховор элементийн 90 хувийг хангадаг Хятадын тогтоогдсон нөөц нь дэлхий дээрх нөөцийн ердөө 35 хувь аж. Хэрэв Хятад цаашид газрын ховор элементийн экспортоо хязгаарласан хэвээр байвал энэ зууны сүүлч гэхэд Японд байр сууриа тавьж өгөх аж. Үүний дээр АНУ Афганистанд асар их нөөцтэй орд нээсэн бөгөөд Пентагоны тооцоолсноор тус орд нийт 7.4 тэрбум тонн газрын ховор элементийн нөөцтэй аж. Энэ бол АНУ тэр баялгийг гартаа оруулахаас нааш Афганистаны ард түмэнд амар заяа үзүүлэхгүй гэсэн үг. Хэдийгээр Хятад жилд 30,000 тонноос илүү газрын ховор элемент экспортлохгүй байх квот тогтоосон ч энэ нь хай технологи үйлдвэрлэгчдийн хэрэгцээг хангасаар байгаа юм. Мэдээж Хятадын оронд байсан бол АНУ, Европ ч бас ингэх л байсан. Гэвч нөгөө талаар хурдацтай хөгжиж буй дотоодын хай технологийн үйлдвэрлэл нь түүхий эдийг залгиж байгаа аж.
Хятадын стратеги
“Center for Research on Globalization” сайтад “Өргөн уудам газар нутаг нь тэр чигээрээ баялагтай, хүн ам бага суурьшсан Монгол Улсыг АНУ-Израйль илт сонирхож эхэлсэн. Хэрэв тэд Монгол Улсыг Өвөр Монгол руу дамжин өнгөрөх газар болгох гээгүй л бол газрын ховор элементэд нь хяналтаа тогтоох гэж буй нь гарцаагүй” гэжээ. Европын тээврийн комиссар энэ сарын 5-нд Испанид “Технологийн гол түүхий эд” сэдвээр илтгэл тавихдаа Европын холбооны үйлдвэрлэгчид гар утас, нарны антенн, синтетик түлшний гол түүхий эд болох 14 төрлийн чухал материалын хомсдолд орсныг онцолжээ. Тэдгээр чухал материулууд гэдэг нь газрын ховор элемент аж. Дээрх түүхий эдийн хомсдолоос болоод хай технологийн зах зээлд тогтворгүй байдал үүсчээ. Тиймээс Европын холбоо газрын ховор элементийн экспортод квот тогтоож, дэлхийн зах зээлд түүхий эдийн үнийг санаатайгаар хөөрөгдөж, дотоодын үйлдвэрлэгчдэд давуу эрх олгосон Хятадын эсрэг тэмцэхийг Дэлхийн худалдааны байгууллагад уриалж байгаа гэнэ. Хятад энэ төрлийн зах зээлд ноёрхлоо хэдийн тогтоосон бөгөөд маш өндөр үнээр худалдаалж байна. Гэвч дахин боловсруулалт түүхий эдийн гол нөөц болох тэр цагт үнэ нь буурах аж. Эдийн засагчид Хятадыг одоогоос хэдэн жилийн дараа дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орон болно гэж таамаглаж буй. Тэр үед Хятад хөрш Японоос түүхий эд худалдаж авахад хэн ч гайхахгүй ажээ. Үүний тулд Хятадад байгалийн асар их баялагтай хөршөө эзэлж авах хэрэггүй. Харин асар их баялагтай орд газрыг урт хугацаанд ашиглах замаар цөлмөх энгийн стратеги.