СТА, балетчин Д.Одсvрэн: Монгол эх орон минь хамгийн үнэ цэнэтэй

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

СТА, балетчин Д.Одсvрэн: Монгол эх орон минь хамгийн үнэ цэнэтэй


Өвчинд шаналсан Чойжид бүсгүй насан эцэслэхэд Эрлэг Номун хааны элч
түүний сүнсийг бурхны элчтэй булаацалдан байна. Нүгэл үйлдсэн хүмүүс
хэрхэн тарчилж байгааг харуулахаар Чойжид дагиныг тамын оронд илгээв.
Улаан, хар өмсгөлтэй бүжигчид тамын зовлонгийн халуун, хүйтнийг
үзэгчдэд мэдрүүлэх агаад найрал хөгжмийн аялгуу Эрлэг Номун хааны
өршөөл, шийтгэлийг ялгана…

… Бурхны орон. Хөшиг
нээгдэхэд тайз хадган цэнхэр, бас улбар шар өнгөөр сүлэлдэж, Азийн соёл
хийгээд буддын гvн ухаан, шашны ариун дагшин сүр хүчинд уусна.
Бадамлянхуан өмсгөлт Дарь-Эх, дагинас мөргөлийн бүжигт Чойжид дагиныг
урилаа. Буян үйлдсэн хүмүүсийн жаргал, цэнгэлийг биеэр мэдэрсэн Чойжид
бурхны зарлигаар эх дэлхий рүү буцна. Тэрбээр хүн төрөлхтөнд нүгэл,
буяны ялгааг тайлбарлаж өгөхөөр ирлээ.

“Чойжид
дагина” бүжгийн жүжгийн бурхны элчийн дүрийг СТА Д.Одсvрэн бүтээж
байгаа. Тэрбээр гадаадад эх орныхоо нэрийг дуурсган яваа арав гаруй
балетчдын нэг бөгөөд Дуурь бүжгийн эрдмийн театрын урилгаар “Чойжид
дагина” балетын голд дүрд тоглохоор түр хугацаагаар иржээ. Канадын
“Атлантик” балетын компани, Германы “Theater and Philarmonie Thurigen”
компанид урилгаар ажиллаж яваа түүнтэй ярилцлаа.

-Таныг Баянхонгорын хүүхэд гэж сонслоо. Балет сонирхох болсон, хичээллэж эхэлсэн тэр үеэс яриагаа эхлэх үү?

-Арван
настайдаа ээжийгээ дагаж хотод ирж Хөгжим бүжгийн коллежид шалгуулсан.
Хөдөөний хүүхдүүд гэрээ санаад буцах тохиолдолд их байдаг, их хатуу
учраас огт авахгүй гэсэн л дээ. Бүжигчин болох хүсэл, сонирхол маш их
гэдгийг маань мэдээд нэг сарын дараа дахиад шалгуул гэсэн. Ямар ч
байсан орно гэж бодоод өдөр бүр очиж шалгуулдаг байлаа. Шалгалтдаа
тэнцээд сургуульдаа орсноос хойш бараг хоёр жилийн дараа би балетчин
болох ёстой гэдгээ мэдэрч байлаа.

 -Аливаа
хүмүүсийн амжилтад хүрсэн зам, тохиолдсон бэрхшээл, давж гарсан зэрэг
нь бусдад сургамжтай байдаг. Таны нас залуу ч чамлахааргүй амжилт
гаргалаа. Харин энэ хүртэл ямар саад бэрхшээл тохиож байв? Хэрхэн даван
туулж байв?

-Сонгодог урлаг гэдэг агуу.
Гэтэл манайд балетын урлагийг ойлгох, үнэлэх хэмжүүр маш муу байсан.
Хүүхэд байхад тохиолдсон нэг явдал санаанаас гардаггүй. Сургуулийнхаа
цайны газраас гараад явж байтал хоёр охин “Хөөе, балетчаан” гээд дуудаг
байхгүй юу. Аль хэдийнэ балетчин болчихсон юм шиг баярлаад эргэж хартал
нэг чөргөр өндөр бандийг дуудсан байна. Тэр хүүхэд нөгөө хоёртоо “Миний
хочоор битгий дуудаад бай л даа” гэж хэлсэн. Нэг иймэрхүү л ойлголт
мэргэжлийн сургуулийн хүүхдүүдэд хүртэл байсан. За тэгээд янз бүрийн
эсрэг утгатай онигоо хүртэл байдаг шүү дээ /инээв/. Багаасаа бие дааж
ирсэн маань надад том сургууль болсон. Гадаадад ажиллаж, амьдарч байхад
янз бүрийн л бэрхшээл байлгүй яахав. Намайг тэнд Одсүрэн гэдгээр биш
Монгол гэсэн нүдээр харна. Сайн ажиллах хэрэгтэй. Хэр барагтай хүн тэнд
солист /гоцлол бүжигчин/ болдоггүй. Германд ажиллаж байхад Гала
концертод оролцохоор театраасаа шалгарсан л даа. Маш олон бүжигчин
өрсөлдсөн. Маш их хичээж, бэлтгэл хийж байж энэ концертод оролцохоор
болж байгаа юм. Хамт ажиллаж байсан найзууд атаархана, ганцаардуулна…
Их сонин. Энэ бүхэн эргээд намайг цэнэглэдэг юм.

-Гадаадад суралцах, ажиллах нь монголчуудын хувьд амар даваа биш. Та тэдний нүдэнд хэзээ өртөв? Яаж яваад хамтран ажиллах болов?

-2007
онд олон улсын тэмцээн болсон. Эх орноо төлөөлж оролцоод шилдэг эрэгтэй
бүжигчний шагнал авсны дараа гадаадад ажиллах урилга ирсэн. Энэ дашрамд
хэлэхэд манай Дуурь бүжгийн эрдмийн театр шиг оркестр, дуурь, балет нэг
дор театр Азид байдаггүй. Удахгүй Хятадад ийм театр байгуулах юм гэсэн.
Театр маань гадаад харилцаандаа маш их анхаарч байгаагийн нэг илрэл нь
манай арав гаруй балетчин дэлхийн улс орнуудад ажиллаж байгаа явдал юм.
Энэ жилээс балетчдаа гэрээгээр авчирч бүжиглүүлж байгаад маш их баяртай
байгаа.

-Монголын сайн балетчид гадагшаа
гараад дотооддоо төгссөн хэдэн хүүхэд л энэ театрыг авч явах болж гэсэн
яриа бишгүй л дуулж байсан. Балетчдын боловсрол мэдлэг, чадварын
асуудал дээр та ямар байр суурь, бодолтой явдаг вэ?

-Нэг
үеэ бодвол урлагийнхан гадагшаа их явж байна. Балетчид ч мөн адил явж л
байдаг, ирж л байдаг. Олон улсын уралдаан тэмцээнд байнга оролцох нь
ямар ч уран бүтээлчийг маш их хөгжүүлдэг. Мөн гадаадад ажиллаж байгаа
хүмүүсээ урилгаар, гэрээгээр түр зуур ч гэсэн энд авчирч уран бүтээлд
оролцуулж байгаа нь харилцан бие биеэсээ суралцах боломж өгч байдаг.
Харин ч балетчид маань илүү ур чадвартай, дэлхийн ямар ч улсын аль ч
бүжигчнээс дутахгүй гэж боддог. Итгэдэг. Харин тэдэнд маань төрөөс
анхаарал бага тавьж байгаа нь жаахан харамсалтай санагддаг.

-Тухайлбал, Германы төр балетчдадаа яаж анхаарч байна?

-Тухайн
бүжигчин амжилт гаргах гол үзүүлэлтийн нэг бол эрүүл мэнд сайн. Германд
очоод урлагийн салбарын хуулийг нь судалсан л даа. Манайд спортын эрүүл
мэнд гэж ярьдаг, тамирчид эмчтэй байдаг шиг тэнд балетчдын эмч гэж
байдаг. Биеийн эрүүл мэндэд байнга анхаарч, ямар хоол унд хэрэглэх,
ажиллаж амрах гээд бүх зүйлд анхаардаг. Спортынхонтой барьцаж байгаа
хэрэг биш гэдгийг ойлгоорой. Жишээ нь, тухайн спорт болгон өөр өөрийн
гэсэн элементтэй байдаг бол бүжгийн урлагт спортын бүх техникүүд
агуулагдсан байдгаараа магадгүй спортынхноос хамаагүй илүү чадвар
шаарддаг.

-Хөгшин Европ бол сонгодог урлагийн эх орон. Ард иргэд нь хүртэл шал өөр хандлагатай биз…?

-Тэгэлгүй
яахав. Би балечтин гэвэл өө тийм үү гээд л ярилцах гэж үзнэ шүү дээ.
Ямар нэгэн газар үзвэрийн билет авлаа гэхэд балетчин гэдгээ хэлбэл
тасалбар дууссан байсан ч олж өгөх гэж гүйгээд л… Сонгодог урлагийг
ойлгох төвшин өндөр.

-Одоо таны ажиллаж байгаа театрынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулна уу?

-Гэрээт
компани маань 30 гаруй бүжигчинтэй. Дэлхийн олон улс орноос ирсэн
бүжигчид бий. Гэхдээ ихэнх нь оросууд. Чадварын хувьд бол нэг их
ялгараад байх зүйлгүй. Гэхдээ сонгодог урлагийн хөгжил маш хүчтэй
байгаа. Орчин үеийн бүхий л урсгал, чиглэлээр бүжиглэдэг. Систем бас
өөр. Бүтэн жилийн тоглолтын хуваарь урдчилаад гарчихдаг. Нэг уран
бүтээл 4-5 сараар тоглогдох нь ч бий.  Мэдээж хэрэг усыг нь уувал ёсыг
нь дагана гэдэгчлэн тэдний аливаа ажлыг төлөвлөсөн, товлосон
хугацаандаа амжуулдаг, үүрэг, хариуцлагаа сайн ухамсарладаг, хөдөлмөрч,
зарчимч  чанараас суралцаж байгаа.

Бурхны хэд хэдэн суудал мэднэ ээ…

-”Чойжид
дагина” балетыг буддизмын хамгийн хүнд категориудыг агуулсан, хийсвэр
сэтгэлгээний зохиол гэх юм билээ. Танд ямар мэдрэмж төрж байна? Ер нь
та буддизмыг хэр
мэддэг хүн бэ?

-Ёстой
сайхан асуулт байна. Энэ балетын хөгжмийг төрийн шагналт, урлагийн
гавьяат зvтгэлтэн Э.Чойдог бичиж, цомнолыг ардын уран зохиолч
Ш.Сvрэнжав, төрийн шагналт, ардын жvжигчин Б.Жамъяндагва нар туурвисан.
Б.Жамъяндагва гуай анх надад ингэж гаргавал тухайн дүрээ илүү илэрхийлж
чадна гэх зэргээр маш их зөвлөгөө өгдөг байсан. Анх тоглож байснаа
бодвол ур чадвар маань хамаагүй ахисан. Сонирхуулж ярихад, манай ээжийн
талд маш том гэгээнтэн байсан, хэлмэгдэж байсан гэсэн. Намайг лам
болгох гээд… Нэг жил ламхай байсан шүү /инээв/. Тийм болохоор бурхны
хэд хэдэн суудлыг мэднэ. Ер нь тэгээд ч сүсэгтэй болохоор үйл хөдлөлийг
буруу хийж болохгүй гэсэн зарчим баримталдаг. Энэ удаа их өөр мэдрэмж
төрж байгаа.

-Балет бол Европын унаган
урлаг. Энэ утгаараа сэтгэлгээний гэж нэрлэгдэх иймэрхүү хийсвэрлэлийг
балетаараа гаргаж тавьсан туршлага байдаг болов уу?

-Бичлэгүүд
бол байгаа. Үзэж байсан. Европчууд иймэрхүү хийсвэрлэлийг харснаараа
харин монголчууд мэдрэмжээрээ гаргадаг. Европт ийм мэдрэмжийн чиглэлийг
гаргаж ирэх гэж эрэл хайгуул хийж байгаа.

-Уран бүтээл бүр чадвар шаардах нь мэдээж. Гэхдээ танд хамгийн хэцүү санагдаж байсан дүр…?

-Балетаар
хичээллээд 13 жил, мэргэжлээрээ ажиллаад есөн жил болсон байна. Эргээд
харахад дандаа эерэг дүрд тоглосон байдаг. Нэг удаа эсрэг дүр бүтээхэд
их хэцүү байсан. Яаж ч хүчлээд, хичээгээд муу зан чанар гаргаж
илэрхийлж чадахгүй байсан. Тэгж бодохоор би хүнийхээ хувьд их сайн хүн
юм шиг байгаа юм /инээв/. Маш шаргуу ажиллаж байж эсрэг дүрээ бүтээж
байсан шүү.

-Балетчин байхын хамгийн сайхан нь юундаа вэ?

-Хүнийг
хүмүүжүүлж, соёлжуулж чаддаг. Яг нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Ямар
ч байсан тухайн тоглолтоос гоо сайхны таашаал авч чадаж байгаа бол
балетчин хүн үүргээ биелүүлж байна гэж хэлж болно.  

-Аливаа ажил мэргэжлийн хүмүүс ур чадвараа дээшлүүлэхийн тулд интернэт, номтой нөхөрлөх гэх мэтээр олон аргыг хэрэглэдэг. Балетчдын хувьд мэргэжлээрээ үргэлж ахих боломж нь яг юу байдаг бол?

-Германд
ажиллахын нэг давуу тал нь аль ч театрт нь очоод дасгал сургуулилалт
хийж болдог. Өөр өөр театрын бүжигчдээс их зүйл суралцана л даа. Бөөн
туршлага л гэсэн үг. Тэрнээс гадна би хүнтэй ярилцах их дуртай. Шинэ
мэдээлэл солилцож, хэрэгтэй зүйл олж авдаг юм. Мэдээж хэрэг интернэттэй
байнга нөхөрлөнө.

-Ажил, амьдралаа төлөвлөдөг үү?

-Тэгэлгүй
яахав. Одоо бүр цаг төлөвлөлтийн дэвтэр хүртэл гарчихсан байна. Залуу
хүн бүр байнга ашиглаасай. Нэг ийм үг байдаг шүү дээ. Байгаа чөлөөт
цагаа ашиглаж чадахгүй байгаа бол илүү ихийг бүү хүс гэсэн утгатай. Би
тоглолтынхоо хөтөлбөрт зохицуулаад хуваариа гаргачихдаг. Урлаг судалж
байгаа. Энэ чиглэлээрээ төлөвлөсөн 2-3 ажил бий.

-Мэдээж гадаадад өндөр цалинтай, хангамж сайтай байгаа нь тодорхой. Эх орондоо түр ч гэсэн ирэх шалтгаан нь юу байв?

-Миний
Монгол эх орон гээд ярихаар зарим хүмүүст хэтэрхий хоосон, цээжээ
дэлдсэн үг мэт сонсогдож магадгүй л дээ. Гадаадад гарч ажиллаж амьдарч
байгаа хүмүүсийн хувьд бол эх орон гэдэг үгийн утга, үнэ цэнэ үнэхээр
мэдрэгддэг. Тийм болохоор энэ сайхан орондоо ирж тоглох юмсан гэсэн
гэгэлгэн хүсэл байсан. Нөгөө талаар би залуу хүн, карьер хэрэгтэй. Ид
хийж бүтээж байгаа насандаа өөрийгөө таниулах гэж ирсэн. Юуг нь нуухав
санхүүгийн шалтгаан ч бас байгаа.

-Цаашдын зорилго…?

-Төлөвлөсөн ажлуудаа биелүүлэхийн төлөө зүтгэнэ. Улиралдаа нэг удаа ч юм уу театртаа ирж тоглоно.

-Илэн далангүй ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье?

-Баярлалаа. Ер нь нээлттэй шүү дээ /инээв/.

Ярилцсан Г.Солонго /2010 оны 1 сарын 8/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж