Сүүлчийн нүүдэлчдийг “хөөнө”

Хуучирсан мэдээ: 2012.07.16-нд нийтлэгдсэн

Сүүлчийн нүүдэлчдийг “хөөнө”

Өвөрмонголын сүүлчийн нүүдэлчдийг суурин иргэншилд шилжүүлэх тухай Хятадын Засгийн газрын саяхан баталсан ирэх таван жилийн төлөвлөгөөг эсэргүүцсэн жагсаал Өвөрмонголд өрнөжээ.

Хөгжлийн төсөл нэрийн дор орон нутгийн эрх баригчдад бэлчээрийн газраа булаалгасан Өвөрмонголчууд өнгөрсөн сард дөрвөн удаа томоохон эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн гэнэ.

Хамгийн сүүлд энэ сарын 2-нд Эвээнх хошуу, Хайлаар дүүрэгт Өвөрмонгол малчид  эсэргүүцэн жагсчээ. Малчид Нью-Йорк дахь Өвөрмонголын хүний эрхийг хамгаалах байгууллагад орон нутгийн эрх баригчид малчдын газрыг уул уурхай, ЦС, төмөр зам болон авто зам байгуулах дэд бүтцийн төсөл нэрээр булаан авч буй тухай захидал бичжээ.

Өвөрмонголд дэд бүтцийг хөгжүүлэх төсөл 1984 онд Хятадын төрийн өмчит “Hua Neng Coal Electricity” компани бэлчээрийн газарт нүүрсний уурхай байгуулахад эхэлсэн аж.

Малын бэлчээр, газрыг нь булааж буй эрх баригчдыг эсэргүүцсэн малчдын эсэргүүцлийн жагсаалыг Хятадын цагдаа нар хүчээр тарааж, гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хаагаад байгаа юм байна.

Цагдаа нар малчдын эсэргүүцлийн хөдөлгөөнийг тараахдаа олон хүнийг зодож, гэмтээсэн бөгөөд хоёр эмэгтэй эмнэлэгт хүргэгджээ. Тэдний нэг нь одоо хүртэл ухаан ороогүй байгаа гэнэ.

Хятадын төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэн Жябао өнгөрсөн тавдугаар сарын 30-нд “Нүүдэлчдийн сүүлчийн овог аймгуудын 1.157 сая хүн амыг 2015 он гэхэд суурин иргэншилтэй болгох тухай” 12 дахь таван жилийн төлөвлөгөөг танилцуулсан юм.

Хятадын эрх баригчдын үзэж буйгаар тус улсын нийт газар нутгийн 90 хувь буюу 400 сая га газарт хүрээлэн буй орчны доройтол нүүрлээд байгаа аж.

Хятадын эрх баригчид байгаль орчин ихээр сүйтгэж буй гол хүчин зүйл нь бэлчээрийн мал аж ахуй гэж үзэж байгаа гэнэ.

Харин Нью Йоркт төвтэй Өвөрмонголын хүний эрхийг хамгаалах байгууллага “Малчдын газрыг булааж буй Хятадын Засгийн газар үүнийгээ байгаль орчныг сэргээх, хамгаалалтад авна хэмээн тайлбарлаж өнгөлөн далдалж байна” гэж буруутгаж байгаа юм.

Өвөр Монголын нийт 23 сая хүн амын 20 хүрэхгүй хувийг Өвөр Монголчууд эзэлдэг бөгөөд дийлэнх нь Хан үндэстэн Хятадууд гэнэ. Хятадын Засгийн газрын 12 дахь таван жилийн төлөвлөгөө нь Шинжиан, Уйгур, Түвдийн өөртөө засах мужуудад ч үйлчлэх юм байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж