Тэдний хэлснээр Ардчилсан нам өнөөдрийн ҮЗХ-ны хуралдаанаас МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлтэй хамтрахыг олонхи гишүүн дэмжсэн ч гэлээ бие даагч болоод ИЗНН-ын зүгээс эвслийн Засгийн газарт хамтрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн тул энэ асуудлыг бүлгийн төвшинд ажлын хэсэг байгуулан хэлэлцээрийн ширээний ард сууж, нухацтай ярилцахаар болжээ.
Улмаар ажлын хэсэг аль нам улстөрийн хүчинтэй эвсэн Засгийн газраа байгуулах вэ гэдэг гэрээний төслөө бэлэн болгоно, тэр цагт Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг дахин зарлаж, хамтарсан Засгийн газрыг байгуулахдаа аль эвсэлд ямар яамыг хариуцуулж ажиллуулах вэ гэх мэтчлэн нарийн ширийн тохиролцоонуудаа эцэслэх юм байна. Мөн тус намын хувьд яамдыг дотор нь чиг үүргийнх нь хүрээнд салгах тухай асуудлыг ярих болсон. Иймд бид Ардчилсан намын дарга Н.Алтанхуягаас дараах асуултад хариулт авлаа.
-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийг яамыг салгаж, хоёр тусдаа яам байгуулна гэж танай нам ярьж байсан. Одоо тэгтэл Хууль зүй, дотоод хэргийн яамыг салгах асуудал хөндөгдөх боллоо. Яамдыг ингэж олшруулах бодлого бариад байгаагийн цаад шалтгаан нь юу байна вэ. Хоёрдугаарт, “Шударга ёс эвсэлд тэр яамыг хариуцуулна гэсэн тохироо хийгдсэн үү?
-Ямар ч байсан УИХ-ыг эхлээд эмхэлж байгуулна. Дараагаар нь Засгийн газрын асуудлыг ярьж, Ерөнхий сайдаа томилно. Тэр үед яамд ямар байх вэ гэдгийг ярина. Тэгээд дараа нь бүрэлдэхүүн буюу сайд нараа ярина.
Монгол Улсын хувьд иргэдээ ажилтай орлоготой болгох нь нэг номерын асуудал учраас манай Ардчилсан нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Хөдөлмөрийн яамыг тусад нь байгуулна гэж тусгасан. Түүнийгээ хэрэгжүүлнэ. Хууль зүй, дотоод хэргийн яамын тухайд хоёр өөр төрлийн чиг үүрэг нийлчихсэн байгаа. Бид энэн дээр Хууль зүйн яамыг хуулийн чиглэлд нь түлхүү анхаардаг байхаар тусад нь байгуулах бодлого барьж ажиллана. Засгийн газрын үйл ажиллагааг дотор нь харж байхад салгаж, тодорхой чиг үүргээр нь ажиллуулахаар яам энэ мэтчлэн бий. Тухайлбал, Монгол Улсын эдийн засаг урьд урьдынхаас том болсон. Гэтэл Эрдэс баялаг, эрчим хүчний яам гэсэн хоёр том салбарын асуудлыг хариуцсан нэг яам байх жишээтэй. Энэнээс болж ажил цалгарддаг зүйл байгаа. Үүнийг бас ярилцах шаардлага тулгарна гэж бодож байна.
-Яамдуудын тоо нэмэгдсэнээр орон тоо нь олширч, төрийн албан хаагчдын тоо улам нэмэгдэх юм биш үү. Нөгөө төрийн толгой данхайна гэдэг л болох гээд байна шүү дээ?
-Бидний хувьд төрийн албан хаагчдын орон тоо гэхээс илүүтэй яг тэнд байгаа хүмүүс маань иргэддээ хүрч ажиллаж байна уу гэдэгт голлон анхаарна. Өнгөрсөн жилүүдийг харахад төрийн албан хаагчдын орон тоо тодорхой хэмжээгээр илүүдэлтэй байгаа нь харагдсан. Тэгэхээр хоёр хүний хийчих ажлыг таван хүн хийж байгаа бол тийм ч газар бий л дээ, тийм учраас хариуцлагыг чангатгана гэж ойлгох хэрэгтэй.
-Одоогийн Засгийн газар ажлаа шилжүүлэхээс өмнө Хөвсгөл аймаг руу төмөр зам тавих асуудлыг шийдсэн гэж яриад байгаа. Энэ асуудлыг хэрхэх вэ. УИХ-аар хоёр жилийн өмнө Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлахад энэ тухай асуудал багтаагүй болохоор хууль зөрчсөн үйлдэл болж хувираад байгаа?
-Яг үнэндээ би наад асуудлыг чинь нүдээрээ хараагүй. Тэгэхдээ хүмүүс яриад байгаа. Одоо бид ажил төрлөө авахаар хуульд заагаагүй үйлдлийг Засгийн газар хийчихсэн байгаа бол хүчингүй болгоно. Засгийн газрын хувьд зөвхөн төмөр замтай холбоотой ч биш, төсөв мөнгө нь байхгүй асуудлаар шийдвэр гаргасан зүйлүүд ч бий. Цаанаа мөнгө байхгүй бол наанаа Засгийн газар хүмүүст таалагдах гээд мөнгө нэмлээ гээд нэмэргүй. Тийм учраас иймэрхүү асуудлыг Засгийн газар зогсоох учиртай.
-Та Ерөнхий сайд болсон тохиолдолд Засгийн газрын хамгийн тэргүүнд хийх ажил юу байх бол?
-Бид гурван асуудлыг байнга ярьж байгаа. Хариуцлага шударга ёс тогтоох чиглэлээр. Ер нь манайд орхигдчихсон бараг мартагдчихсан зүйл бол хариуцлага. Бүгдээрээ нэг баахан үл бүтэх юм амладаг, гоё ярьдаг, сонгуулиа хүртэл хийж чадахгүй булхай луйвар хийдэг. Энэн дээр хариуцлага тооцдог, хариуцлагатай байдаг, шударга ёсыг тогтоодог энэ чиглэлд дорвитой алхам хийнэ.
-Эдийн засгийн өсөлт удааширлаа, инфляци өслөө гэж байна. Үүнтэй холбоотойгоор ямар хариу арга хэмжээ авах вэ?
-Эдийн засгийн өсөлт удаашраад байгаа ч юм үгүй л дээ. Сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор манай нөгөө намын Засгийн газар маш их хэмжээний бэлэн мөнгө гаргаснаас болж инфляцид нөлөөлж, юмны үнэ хөөрөгдсөн. Тодорхой хэмжээгээр зээл аваад зээлийн мөнгийг тараасан гээд эдийн засагт хор уршиг дагуулсан алхмууд хийгдсэн. Энэ бүхнийг бид засна аа.
Сануулахад, Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 39 дүгээр хуралдаан өнөөдөр болж, УИХ-ын гишүүн З.Энхболдыг УИХ-ын
даргад, намын дарга Н.Алтанхуягийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлснийг тус тус 100 хувийн саналаар
дэмжин баталсан юм.